УИХ-ын ээлжит бус чуулганыг хаах үед УИХ-ын 76 гишүүнээс 12 нь оролцсон гэх мэдээлэл байна.
Ээлжит бус чуулганыг хаахын өмнө УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр хоёр удаа зарлахад гишүүдийн ирц хуульд заасан хэмжээнд буюу 50 хувьд хүрэхгүйгээс хойшилсон. Үүний дараа залгуулан ээлжит бус чуулганыг хаасан нь хууль зөрчин хүчээр хаалт хийсэн гэх шүүмжлэлийг араасаа дагуулаад байна.
Энэ удаагийн ээлжит бус чуулганыг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хаасан юм.
Ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-18-ний хооронд зарлан хуралдуулахаар хугацаа заасан байсан. Хэлэлцэх асуудлын хүрээнд УИХ нэр бүхий зургаан сайдыг шинээр томилж, Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн хүлээн авсан. Хоригийг хүлээн авсантай холбоотойгоор Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аас батлах ёстой байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнгөрсөн лхагва гаригаас эхлэн удаа дараа хойшилсоор ирсэн юм. Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан Ц.Оюунбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа уг хуульд Ерөнхийлөгчийн зүгээс дахин хориг тавихаас аргагүй заалтууд тусгасан тухай хуульчид тайлбарлах болсон. Энэ нь мөн ирцэд нөлөөлсөн байх талтай ч, асуудлыг зөв тал руу нь эргүүлэх боломжоо гишүүд ашигласангүй.
Ирц тааруу байгаа шалтгааныг мөн Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын чуулганы соёлын арга хэмжээ өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж буйтай холбох нэгэн байна. Тус арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй 10 гаруй гишүүн оролцож буй аж. Энэ тохиолдолд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, ээлжит бус чуулганы хуралдаанд бусад гишүүд нь оролцох боломж байсан ч ажлаа хийсэнгүй.
Үдээс өмнө зарласан Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Х.Тэмүүжин, Ш.Түвдэндорж, О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар ирсэн байсан юм. Үдээс хойш байнгын хорооны хуралдааныг зарлахад УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, З.Баянсэлэнгэ, Л.Болд нар “Б” танхимд цугласан. Хуульд зааснаар байнгын хорооны хуралдаанд 11 гишүүн ирсэн нөхцөлд ирц 50 хувьд хүрч, хуулийн төслийг хэлэлцэх боломж бүрддэг. Гэвч дургүйд хүчгүй нь дийллээ.
УИХ-ын ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж чадалгүй хааснаар өршөөлд хамрагдах иргэд шоронгоос суллагдах боломжгүй болоод байна.
Нийтдээ 2000 гаруй иргэн суллагдах боломж Өршөөлийн хуулийн хүрээнд нээгдсэн байсан билээ.
Г.ДАРЬ