“Мянга сонсохоор нэг үз”

Хуучирсан мэдээ: 2015.09.18-нд нийтлэгдсэн

“Мянга сонсохоор нэг үз”

“Мянга сонсохоор нэг үз”

“Урт нэртэй хууль”-ийн хүрээнд уул уурхайн чиглэлд үйл ажиллагаа явуулж байсан олон үндэсний үйлдвэрлэгчид үйл ажиллагаагаа зогсоосон. Энэ нь өнөөдрийн эдийн засгийн хүнд нөхцөлд улам дарамт үүсгэхийн зэрэгцээ гаднын хөрөнгө оруулагчид ч нүүр буруулахад хүргэсэн билээ. Үндэсний олон аж ахуйн нэгжүүд үүдээ барьж улмаар ажилгүйдлын тоо ч нэмэгдсэн юм. Харин өнгөрөгч сард Засгийн газрын 289 тоот болон 320 тоот тогтоол гарснаар зарим компаниуд үйл ажиллагаагаа сэргээн явуулж эхэлсэн нь нүдээ олсон зүйл гэлтэй. Ямартай ч манай үндэсний томоохон компаниудын нэг “Монгол газар” нь Архангай аймгийн Цэнхэр суманд олборлолт, нөхөн сэргээх ажлаа эхлүүлээд байгаа мэдээллийг бидэнд ирүүлсэн юм. Учир нь уул уурхай дагасан амьдралд өөрчлөлт орж,  нутгийн иргэдийн амьжиргаанд ч томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа тухай тэдний ярианаас сонслоо. Тиймээс бид “мянга сонсохоор нэг үз” гэдэгчлэн тус газарт очиж өөрсдийн нүдээр үзэж иргэдийн санал бодлыг ч сонссон юм.

Тус сумын Орхон багийн нутаг Харгуйтын амнаас Нарийний ам хүртэл 86 га талбайд нөхөн сэргээлт хийж эхлээд буйтай танилцсан. Мөн үндэсний 20 гаруй аж ахуйн нэгж хөрс хуулалт, олборлолт хийж байгаа учраас тус сумын 400 шахам иргэд ажлын байраар хангагдсан байна. Нөгөө талаар нутгийн малчид сүү цагаан идээ, махаа эдгээр компаниудад нийлүүлж байгаа нь малчдын бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулсан гээд эдийн засгийн таагүй нөхцөлд гэгээлэг мэдээлэл биднийг угтсан. Манай улсын хувьд нөхөн сэргээлтийг яг ном дүрмийн дагуу гүйцэтгэж, үр өгөөжөө өгсөн нь тун ховор гэдгийг мэргэжилтнүүд ярьдаг. Тэгвэл “Монгол газар” компанийн нөхөн сэргээсэн талбайгаас нутгийн малчид хадлан тэжээлээ бэлдэж байгаагаас харвал энэ газарт хийгдсэн нөхөн сэргээлт ямар болсныг тэгтлээ нуршихын хэрэггүй биз ээ. Ерөөсөө олборлолт явуулсан газрыг эргээд унаган төрхөд нь оруулна гэдэг маш их цаг хугацаа хөдөлмөр шаардсан зүйл гэдгийг энэ үеэр "Монгол газар” компанийн уурхайн дарга М.Цагаан ярьж байлаа.

"Монгол газар” компанийн уурхайн дарга М.Цагаан: “Монгол газар” компани Орхон багийн нутагт Харгуйтын ам гэдэг газар 2002 оноос олборлолт хийж 2003 онд дуусан тухайн үедээ нөхөн сэргээлт хийсэн юм. Алтны үлдэцтэй байсан нь гар аргаар аль олборлогчид зөвшөөрөлгүй орсон нь тухайн үедээ бөөн шуугиан дэгдээж, тус компанийн нэр хүндэд ч сөрөг нөлөөлөл үзүүлэх хэмжээнд очиж байсан юм. Гэсэн ч алтны үлдцээ бүрэн дуусгах үүднээс бичил уурхай ашиглаж, дараа нь нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулж байжээ. Ингээд тухайн үедээ 200 орчим га газарт нөхөн сэргээлт хийж, голын гольдирлыг сэргээж, арав гаруй нуур үүссэн байсныг даржээ.

Нөхөн сэргээлт хийхэд хамгийн чухал зүйл бол тарьж байгаа ургамал. Хаа хамаагүй гадаад орноос, эсвэл огт өөр нутгаас үр авч ирж тарих нь төдийлөн үр дүнгээ өгдөггүй гэдгийг олон удаагийн үр өгөөжгүй болсон нөхөн сэргээлтээс харж болно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв. Тиймээс 60 км–ээс дотогш нутагтаа дассан ургамал тарьсан нь ийнхүү маш үр өгөөжтэй зүйл болжээ.

“Монгол газар” компани нь ийнхүү унаган байгальдаа ээлтэй хандаж нөхөн сэргээлтийг ном дүрмийн дагуу хийж байгааг нутгийн иргэд ярьж байв. Үүний зэрэгцээ тус компанийнхан нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж, нийгэмд хэрэгтэй зүйлд гар татдаггүй гэдгийг ч дуулгасан. Тухайлбал, тус компани нь оюутны сургалтын төлбөрөөс эхлээд олон зүйлд өглөгийн гараа сунгасан бол энэ жилээс нийгмийн хариуцлагаа далайцтай болгосон аж. Учир нь тэд энэ жил Орхон багийн 270 хүүхдэд сурагчийн дүрэмт хувцас авч өгсөн бол сумын төвд дотуур байрны барилгыг шинэчлэн барихад 1.4 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.

“Цэнхэр орхон хөгжил” ТББ-ын тэргүүн Д.Болдбаатар: Үүнээс гадна “Монгол газар” компани 65 хүний бүрэлдэхүүнтэй зургаан нөхөрлөлтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тусгайлан талбай гаргаж өгсөн нь ч тэдний амьдралд үлэмж тус хүргэсэн байна. Энэ тухай “Цэнхэр орхон хөгжил” ТББ-ын тэргүүн Д.Болдбаатар ярихдаа “Монгол газар компани манай нутагт үйл ажиллагаа явуулаад багагүй хугацааг өнгөрөөж байна. Энэ айл алтыг нь аваад авдрыг нь хаядаггүй. Нөхөн сэргээлтээ ном журмын дагуу гүйцэтгэж байгалийг унаган төрхөд нь оруулдаг. Нөгөө талаар нутгийн иргэдтэй хамтран ажиллаж тэдний амьжиргаанд ихээхэн хувь нэмэр оруулсаар ирсэн. Энэ удаад ч бид тэр зарчмаараа ажиллаж байна. Хамгийн наад зах нь малчдын гар дээрээс мах сүү цагаан идээг нь зах зээлийн ханшаар авч, малчдын гар дээр бэлэн мөнгө өгдөг гээд олон зүйлийг хэлж болно” хэмээсэн юм.

Ерөөсөө дэлхийн жишигт нийцсэн нөхөн сэргээлт бол тун ховор бөгөөд сэргээсэн болоод орхидог нь ийнхүү байгалийн унаган төрхийг эвддэг аж. Харин нөхөн сэргээлт хийсэн газраа байнгын анхаарч чадвал ийнхүү байгаль өөрөө унаган төрхөө хадгалж үлддэг тухай мэргжилтнүүд ярьж байв

Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ч.Оюунсайхан: Тус компани нь ийнхүү нутгийн иргэд, удирдлагуудтай хамтран ажиллаад зогсохгүй, мэргэжлийн талаасаа ч аймгийнхаа мэргэжлийн хяналттай хамтран ажиллаж хаа юу болж байгаа эсэхэд хяналт тавьсаар иржээ. Энэ тухайд Аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ч.Оюунсайхан хэлэхдээ “Монгол газрын хавьд арав гаруй жилийн өмнөөс энд үйл ажиллагаа явуулж ирсэн. Бидний хувьд ч байнга анхаарч хамтран ажиллаж ирлээ. Харин энэ жилийн хувьд тусгай тогтоол гарч, зарим компаниудын олборлолт явуулж эхэлсэн. Тэдний нэг нь Монгол газар компани. Өнгөрсөн хугацаанд тус компани нь нийгмийн хариуцлагаа ухамсарлахын зэрэгцээ байгалийн унаган төрхөд ихээхэн анхаарал хандуулж ирсэн нь сайшаалтай. Өнөөдөр эдний нөхөн сэргээлт хийсэн талбай бол сайхан байна. Бүр малчид хадлан тэжээлээ энэ талбайгаас бэлдэж байгаа гээд бодохоор сайн ажиллажээ гэж хэлэх байна. Энэ удаад бид мөн л компанийн үйл ажиллагаанд хяналт тавиад ирсэн. Одоогийн байдлаар элдвэв зөрчил алга” хэмээсэн юм.

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн иргэн Ч.Галхүү: Ямартай ч уул уурхайн чиглэлд олборлолт явуулаад эргээд байгалийг унаган төрхөнд нь оруулна гэдэг амаргүй ажил. Нөгөө талаар уул уурхай дагасан иргэдийн амьжиргаа өсч байгаа гээд олон эерэг зүйл биднийг угтсан. Тэр ч бүү хэл боловсролын салбарт удаа дараа хөрөнгө оруулалт хийж, сүүлдээ хүүхдүүдийн дотуур байр барихад хүртэл чамгүй мөнгө гаргаж байгааг нутгийн иргэд бахархан ярьж байсныг дуулгах нь таатай хэрэг.

"МОНГОЛ ГАЗАР" ХХК-ийн олборлолт явуулж нөхөн сэргээсэн "НАРИЙН ХАМАР"-ын ам

 

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж