УИХ-ын ээлжит бус чуулганыг хоёронтаа зарлан хуралдуулсан бөгөөд энэ удаагийн ээлжит бус чуулганы хуралдаанаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн юм. Өршөөлийн хуулийн тодорхой заалтууд дээр тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хэлэлцээд олонхийн саналаар хоригийг хүлээж авсан. Тиймээс Өршөөлийн хуулийн ажлын хэсэг хуралдаж, тус хуульд өөрчлөлт хийн Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр хуулийн төслөө өргөн барьсан. Гэвч, Хууль зүйн байнгын хороо ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар өнөөдөр хоёр удаа хойшлогдож, ээлжит бус чуулган энэ асуудлыг хэлэлцэж чадалгүйгээр завсарлалаа. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоос тодруулга авлаа.
-Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээн авсан. Хориг хүлээн авсантай холбоотойгоор Өршөөлийн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Гэтэл Хууль зүйн байнгын хороо хуралдаж чадалгүй, чуулган завсарлалаа?
-Өршөөлийн хуульд хүлээж авсан хоригийг тусгаж, өөрчилж байж хууль хэрэгжинэ. Хоригийг хүлээж авсантай холбоотойгоор энэ хуульд өөрчлөлт оруулах ёстой. Үүний дараа Өршөөлийг хууль хэрэгжих юм. Гэтэл Хууль зүйн байнгын хороо хуралдаж чадалгүй чуулган завсарлалаа. Одоо ямар ч хүн суллагдахгүй. Хоригийг хүлээгээд авсан. Энэ дагуу Өршөөлийн хуулийн 9.1.3 дугаар зүйл, 5 дугаар зүйл хоёрт өөрчлөлт орох ёстой. Үүнийг нь тусгаж өгөөгүйгээс бүх ажил замхраад дууслаа.
-Өршөөлийн хууль өчигдрөөс эхлээд хэрэгжиж эхэлсэн юм биш үү?
-Хэрэг нь шүүхийн шатанд явж байсан, торгуультай хүмүүс өршөөлд хамрагдаж байгаа. Шоронд ял эдэлж байгаа хүмүүсийг суллах аргагүй боллоо.
Г.ТУУЛ