“Ард санхүүгийн нэгдэл” 2016 оноос эхлэн жил бүр Хөрөнгө Оруулагч Үндэстэн Форум зохион байгуулж, салбар салбарын манлайлагчид, төрийн бодлого тодорхойлогчид, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээллийн салбарынхан, бизнес эрхлэгчдийг оролцуулан, санхүүгийн салбарт гарч буй шинэ технологи, шилдэг санаануудын талаар хэлэлцэж, мэдээлэл түгээдэг уламжлалтай.
Энэ жил буюу ирэх арванхоёрдугаар сарын 1-нд “Корпорэйт конвеншн центр”-т “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-иас санаачлан зохион байгуулдаг, хүсэл мөрөөдөлтэй хүн бүрийн заавал зорих арга хэмжээ болох Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2020 чуулга уулзалт тав дахь жилдээ “Ирээдүйдээ эзэн байя” уриан дор болох юм.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгах, ард түмнээрээ хөрөнгө оруулагч болж, хөрөнгийн зах зээлийн үр шимийг нийтээрээ, бодитоор хүртдэг болох үндсэн зорилготой бөгөөд жил бүр улс оронд тулгамдаж буй асуудлыг сонгон хэлэлцдэг.
Энэ удаагийн чуулганаар цаг үеийн хамгийн эмзэг сэдэв болох тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг онцлох бөгөөд инновацийн чиг хандлага, хууль эрх зүйн орчны өөрчлөлтүүд, шинэ бүтээгдэхүүн, шилдэг санаачилгуудыг хэлэлцэх юм.
“Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг хэлэхдээ “Хүмүүс нэг үеэ бодвол хөрөнгийн зах зээлийн талаар илүү ойлголттой болсон. Гэвч бүгд сайн тоглогч байж чаддаггүй. Мөн хэрхэн хөрөнгө оруулалт хийхээ сайн мэддэггүй. Өөрөөр хэлбэл, хүмүүс өөрсдөө хувьцаагаа сонговол алдах эрсдэл өндөр. Яагаад гэвэл нөгөө талд нь санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийг 24 цаг ажиглаж буй мэргэжлийн баг ажилладаг юм. Тиймээс мэргэжлийн хөрөнгө оруулалтын сан гэж байх шаардлагатай болж байгаа юм. Энэ удаагийн Хөрөнгө Оруулагч Үндэстэн чуулга уулзалтаас энэ талаар илүү тодорхой ойлголт авах боломжтой.
Бид бүхэн хэдхэн өдөр ярьж хэлэлцээд ийм тийм зүйл хийе гэж ярьдаггүй. Бидний хийж буй ажил, бүтээгдэхүүн бүрийн цаана маш олон жилийн судалгаа, төлөвлөгөө бий. Тийм ч учраас үр дүн нь ч бодитоор мэдрэгддэг гэж боддог" гэв.
Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2020 чуулга уулзалт нь:
Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл- Бид оройтсон уу?
Хууль эрх зүйн орчны өөрчлөлт ба түүний нөлөөлөл
Финтек ба санхүүгийн салбарын түүвээлт
Блокчейн технологи ба түүний бодит хэрэглээ
Бизнесийн орчин технологи ба түүний бодит хэрэглээ
Бизнесийн орчинд төрийн зохистой оролцоо
Улаанбаатарын бизнесийн орчин
Бизнесийн орчинд мэргэжлийн холбоодын үүрэг оролцоо гэсэн өргөн сэдвийн хүрээнд өрнөх юм.
Б.ГАНТУЛГА: ЧУУЛГАНЫ ГОЛ СЭДЭВ ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦОО РУУ ЧИГЛЭЖ БАЙНА
“Өнөөдөр монгол хүний сарын дундаж цалин 1’100’000 төгрөг байна. Нийгмийн даатгалын шимтгэлд сар бүр 264’000 төгрөг төлдгөөс 187’000 төгрөгийг Тэтгэврийн даатгалд төлдөг. Өнөөдөр ажиллаж эхэллээ гэж бодоход 30 жилийн дараа та 660’000 төгрөгийн тэтгэвэр авна гэсэн үг.
Хэрэв 30 жил болоогүй нас барах юм уу, эсхүл 30 жил болсны дараа нас барна гэвэл таны энэ мөнгөнөөс үр хойчид юу ч үлдэхгүй. Иймээс тэтгэврийн даатгалыг Тэтгэврийн хуримтлалын сан хэлбэрт шилжүүлэх нь чухал бөгөөд Эрүүл мэндийн даатгал, халамжийн даатгал, ажилгүйдлийн даатгал, ҮОМШӨ даатгалуудаас салгах хэрэгтэй” хэмээн "Ард Лайф" компанийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга онцоллоо. Мөн тэрбээр “Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2020 чуулганы гол сэдэв нь тэтгэврийн тогтолцоо руу чиглэж байгаа нь их учиртай.
Нийгмийн даатгалын сан таван төрлийн даатгалын сангаас бүрддэг. Үүнд:
-Тэтгэврийн даатгалын сан
-Эрүүл мэндийн даатгалын сан
-Тэтгэмжийн (жирэмсний амралт, хөдөлмөрийн чадвар түр алдах, оршуулга) даатгалын сан
-Ажилгүйдлийн даатгалын сан
-Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал ордог.
Даатгал гэдэг зүйл эрсдэлтэй салшгүй холбоотой. Энэ таван даатгалаас нэг даатгалын сан нь ямар ч эрсдэлгүй, харин ч эсрэгээрээ хүмүүсийн төлөвлөж, хүлээж байдаг зүйл юм. Тэгэхээр хүн өндөр наслах, тэтгэвэр авах нь жам ёсны, хүний төлөвлөж зорьдог зүйл бөгөөд үүнд ямар ч эрсдэл байдаггүй. Эрсдэл биш болохоор даатгал гэсэн дагавар үгийг нь авч хаях хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр нь хуримтлалын сан, хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр орших ёстой. Тухайлбал,
Хүн сар бүр 187’000 төгрөг жилийн нийлмэл 13%-ийн өгөөжтэй хуримтлуулахад 30 жилийн дараа 827 сая төгрөгийн хуримтлалтай болох бөгөөд үргэлжлүүлээд сар бүр есөн сая төгрөгийн тэтгэврийг хүү хэлбэрээр аваад явах боломжтой. Харин нас барлаа гэж бодоход 827 сая төгрөгөө үр хүүхдүүддээ өвлүүлж үлдээх боломжтой" гэв.
Холбоотой мэдээ