Бага залуу насыг сонирхолтой болгож байсан сэтгэл хөдөлгөм сайхан тоглоомуудыг бид өдгөө ч мартаагүй байгаа. Тэдний дундаас түүхийн мэдлэг зузаалаад зогсохгүй тактик, стратеги зохиох, бодож, сэтгэж, төлөвлөх, эрсдэлтэй үед зөв шийдвэр гаргаж сурахад үлэмж тус болсон "Age of Empires" тоглоомыг мартах учиргүй.
Анх 1997 оны аравдугаар сарын 15-нд дэлхий нийтийн хүртээл болж байсан "Age of Empires" тоглоом гарсан даруйдаа чамгүй их ашиг олсноор хоёр жилийн дараа буюу 1999 оны есдүгээр сарын 30-нд хоёр дахь цувралаа гаргасан. Хоёр дахь цувралд шинээр нэмэгдсэн нэг гайхалтай зүйл бол Монгол, Хүннү арми байсан юм.
Монгол армийн Монгол цэргүүд Монгол хэлээр ярьж байгааг гадаадын алдартай тоглоомоос харах бидэнд үнэхээр сонирхолтой. Монгол цэргүүдийг удирдахад "Тийм", "гүйцэтгэе", "давшаад", "хурайлан давш" гэх мэт үгс хэлдэг. Харин тоглоомын гурав дахь цуврал 2005 оны аравдугаар сарын 18-нд гарсан. Гэвч энэ удаад тоглоомд Монгол гэх улс байсангүй. Монгол гэр, монгол морьтон цэргүүдийг Хятад хэмээн оруулсан байлаа.
Тэгвэл дөрвөн өдрийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 15-нд тоглоомын дөрөв дэх цувралын трэйлер цацагджээ.
Age of empires 4 тоглоомын трэйлер дээр Английн цайз руу Монгол цэргүүд дайрч байгаагаар дүрслэгдсэн байна. Тэр ч бүү хэл Монгол цэргүүдийн уухай хашгирах нь сонсогдохоос гадна Монгол гэр харагдаж байлаа. Тоглоомыг "World’s edge" компани хөгжүүлж байгаа гэнэ. Гэвч хэзээ гайхалтай тоглоомын маань шинэ цуврал бидний гар дээр ирэхийг хэн ч хэлсэнгүй. Ямартай ч илд, нумаа бэлдэцгээгээрэй Монгол цэргүүдээ, энэ удаад бид тоглоомын чухал хэсэг байх бололтой.
Б.АМАРБАЯСГАЛАН
Холбоотой мэдээ