Монгол Улс Венесуэлийн хойно эрэмбэлэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.11.19-нд нийтлэгдсэн

Монгол Улс Венесуэлийн хойно эрэмбэлэгджээ

Монгол Улс Венесуэлийн хойно эрэмбэлэгджээ

Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дэлхийн улс орнуудын авьяас, ур чадварын тайлан 2019”-г танилцуулсан байна. Тайланд нийт 63 улсын үнэлгээг гурван үндсэн хүчин зүйлийг харгалзан үзэж, эрэмбэлжээ. Үүнд:

  • Хөрөнгө оруулалтын хөгжил
  • Ур чадварыг татах
  • Мэргэжилтэн, ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй байдал зэрэг үзүүлэлтээр дэлхийн улс орнуудыг жагсаажээ.

Энэхүү жагсаалтыг Швейцарь улс тэргүүлэв. Өөрөөр хэлбэл, Швейцарь улс нь ур чадвартай мэргэжилтэнд хөрөнгө оруулж буй нөөцөөр мөн чадвартай ажиллах хүчийг татаж, тогтоон барьж ажиллуулж байгаагаар, мэргэжлийн ур чадвар зэрэг үзүүлэлтээрээ өндөр үнэлгээг авчээ.

2019 оны тайланд Баруун Европын улс орнууд эхний ест эрэмбэлэгдсэн бол Ази тивийн Сингапур улс аравт эрэмбэлэгджээ.

  1. Швейцарь улс
  2. Дани улс
  3. Швед
  4.  Австри
  5. Люксенбург
  6. Норвеги
  7. Исланд
  8. Финланд
  9. Нидерланд
  10. Сингапур тус тус эрэмбэлэгджээ.

Харин энэхүү жагсаалтад 59 дүгээр байранд Энэтхэг, 60 дугаар байранд Мексик, 61 дүгээр байранд Бразил, 62 дугаар байранд Венесуэл орсон бол Монгол Улс хамгийн сүүлд буюу 63 дугаар байранд эрэмбэлэгджээ.

Монгол Улс ерөнхий үнэлгээгээр нийт 63 улсаас 63-рт эрэмбэлэгдэж сүүл мушгисан бөгөөд хөрөнгө оруулалт хөгжлийн хүчин зүйлээр 59-рт, Ур чадварыг татах үзүүлэлтээр 63-рт, мэргэжилтэн ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй байдлаар 63-рт жагсжээ.

Хөрөнгө оруулалт хөгжлийн хүчин зүйлд харьцангуй сайн эрэмбэлэгдсэн үзүүлэлтүүдээс дурдвал:

  • Боловсрол зарцуулж буй нийт зардал (ДНБ-д эзлэх хувиар) 4.4 хувь буюу 35 дугаар байрт
  • Эмэгтэй ажиллах хүчин (Нийт ажиллах хүчинд эзлэх хувиар) 45.54% буюу 33 дугаар байрт
  • Нэг багшид ногдох сурагчийн харьцаагаар (бага ангийн сурагч багшийн харьцаа)  61 дүгээр байрт
  • Эрүүл мэндийн дэд бүтцээр (нийгмийн хэрэгцээнд хангалттай хүрч үйлчилдэг) 2.15 хувь буюу  60 дугаар байрт
  • Мэргэшсэн ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй байдлын хувьд их сургуулиудын боловсролын түвшин эдийн засагт өрсөлдөх чадвар багатай буюу 63 дугаар байрт
  • Мэргэшсэн ажиллах хүчний нээлттэй байдал 2.57 үнэлгээгээр 62 дугаар байрт тус тус эрэмбэлэгджээ.

Дашрамд дурдахад, Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргасан судалгаанд Монгол Улс нь ихэвчлэн сүүл мушгиж байна. Тодруулбал, Монгол Улс нь дэлхийд өрсөлдөх чадвараараа 63 улсаас 62 дугаар байрт буюу Венесуэлийн өмнө орж байсан. Мөн дижитал өрсөлдөх чадвараараа 63 улсаас мөн 62 байрт орж Венесуэлийн өмнө бичигдэж байсан.

Харин энэ удаад ур чадвартай мэргэжилтэнд хөрөнгө оруулж буй нөөц, мөн чадвартай ажиллах хүчийг татаж, тогтоон барьж ажиллуулж байгаагаар болон мэргэжлийн ур чадвар зэрэг үзүүлэлтээрээ монголчууд бид Венесуэлийн хойно буюу 63 улсаас 63-т эрэмбэлэгджээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж