Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Салхитын мөнгөний ордтой холбогдуулан нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, улмаар Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн билээ. Уг хэрэгт холбогдон шалгагдаж байсан зургаан шүүгчийн хэргийн мөрдөн байцаалт дуусаж, хавтаст хэргийг прокурорт шилжүүлсэн.
Тодруулбал, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нарыг яллах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлсэн аж.
Мөн Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа шүүгч нарын мэдүүлэгт үндэслэн гавьяат хуульч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн зөвлөх Б.Сарантуяа болон түүний хүү Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Г.Даваадорж нарыг холбогдуулан шалгаж буй мэдээлэл бий. Эх сурвалжийн мэдээллээр түдгэлзсэн 17 шүүгчээс хоёрынх нь бүрэн эрхийг сэргээх асуудал яригдаж байгаа гэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн нэр: Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч; Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч; Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч; Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч; Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч; Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч; Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч; Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч; Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч; Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн; П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч; С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч; Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч; Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч; С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч; Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч; П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч” |
Ж.ОЮУНТУНГАЛАГ: ХЭЭЛ ХАХУУЛЬ АВСАН ЗҮЙЛ БАЙХГҮЙ
Шүүгчид түдгэлзсэн асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлж буй.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг: Ямар ч байсан хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагааг хүндэтгэх, мөрдөн шалгах ажиллагаа ном журмаар явна байх гэсэн итгэлийн үндсэн дээр зургаадугаар сарын 29-нөөс хойш одоо хүртэл дөрөв, таван сарын хугацаанд тэвчээртэй хүлээж, харж байна. Энэ хэрэгтэй холбоотой мэдээ болгоныг анхааралтай үзэж, өөрийн дотоод бодлоор дүн шинжилгээ хийгээд явж байгаа. Буруутай, авлига авсан шүүгч байгаа бол заавал хариуцлага тооцох ёстой. Харин хэрэгт холбогдолгүй хүмүүсийг битгий хэлмэгдүүлээсэй гэж хүсэж байна. Холбогдолгүй хоёр шүүгч байгаа гэсэн бол нэг нь би гэдэгт итгэлтэй байна. Одоогоор зургаан шүүгчийг яллагдагчаар татсан, дахиад найман шүүгчийг татах юм байна гэсэн мэдээлэл гарсан. Тэгэхээр 14 шүүгч гэж харагдаж байсан. Тэгвэл өнөөдөр 15 шүүгч гэж ярьж байна. Хэвлэл мэдээллээр гарч байгаа зарим мэдээллийг хаанаас аваад байгааг мэдэхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа нууц юм бол мэдээлэл яаж авагдаад байдаг юм. Эсвэл АТГ, прокурор энэ асуудлыг ил гаргах, түргэн шуурхай шийдвэрлэх хэрэгтэй гэж бодож байна.
Д.ЦОЛМОН: ОВ ЗАЛЬТАЙ, БУСДЫН НЭРИЙГ АШИГЛАГЧ ХҮМҮҮСИЙН ХИЙСЭН ҮЙЛДЛИЙГ "ТААМГААР" ТУЛГАЖ БАЙНА
Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон өчигдөр /2019.11.18/ дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр “Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон би та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэж байна. Би 1992 онд МУИС -ийг Д.Сүхбаатарын нэрэмжит цалинт оюутан, улаан дипломтойгоор төгсч, одоогийн удирдлагын академид эрдэм шинжилгээний туслах ажилтнаар анх ажлын гараагаа эхэлж, өнөөдрийг хүртэл 28 жил тасралтгүй багшилж, хуульчдыг давтан сургах төв, хууль зүйн үндэсний хүрээлэнд багш, эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд 2013 онд шүүгчийн сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноогоор шалгарч, дээд шүүхийн шүүгчээр томилогдон 6 дахь жилдээ өөрийн бүх хүч чадал, эрдэм мэдлэгээ энэ ажилдаа шударга үнэнчээр ажиллаж, бас хуулиар зөвшөөрөгдсөн багшлах ажлаа хийсээр ирсэн. Өөрийн хийж байгаа ажилдаа зүрх сэтгэл, мэдлэг чадвараа бүрэн дайчилж ажилласаар ирсэн.
Харин дөрвөн сар гаруйн өмнө бүрэн эрх түдгэлзүүлсэн захирамж гарахад хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй, цочирдсон хэдий ч өөрийгөө ямар нэгэн хууль бус үйлдэл, хуйвалдаанд оролцоогүй болохоор хууль журмынхаа дагуу шалгаад үнэн мөн нь тогтоогдож, нэр төр минь сэргээгдэнэ гэдэгт итгэж байсан тул хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж, олон нийтэд өөрийн дуу хоолойгоо хүргэлгүй өнөөдрийг хүргэлээ.
Харин төрийн холбогдох байгууллага, албан тушаалтнуудад гомдлоо зохих журмаар нь гаргасан ч ихэнх нь хуульд заасан хугацаанд хариу өгсөнгүй. Өнөөдрийг хүртэл мөрдөгч болон прокуроруудыг өргөсөн тангарагтаа үнэнч байж, хөндлөнгийн аливаа нөлөөнд авталгүйгээр хууль ёсоо дээдлэн үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэсэн хэвээр байгаа хэдий ч "…өрх толгойлсон, харж хандах, хамгаалах албан тушаалтан байхгүй, араас нь хөөцөлдөөд хамгаалаад явах ар талын хүчгүй, хамгийн сул нөхцөлтэй өөрийн чадлаараа өдий зэрэгтэй яваа энгийн нэгэн" надад ов зальтай, бусдын нэрийг ашиглагч хүмүүсийн хийсэн үйлдлийг "таамгаар" тулгаж, хууль ёс онол номыг үгүйсгэж байгааг эрс эсэргүүцэж, Та бүхэнтэй санал бодлоо хуваалцаж байна. Эрхэм прокуроруудыг Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчим, гагцхүү хуульд захирагдахаар өргөсөн тангарагтаа үнэнч байж, хөндлөнгийн аливаа нөлөө, дарамтад авталгүйгээр үнэн зөв шийдвэр гаргана гэдэг итгэлтэй байна” гэжээ.
АТГ:ЗӨВХӨН САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДТОЙ ХОЛБООТОЙ 17 ШҮҮГЧИЙН АСУУДАЛ ЯРИГДААГҮЙ
АТГ-ын ахлах комиссар Т.Баярхүү энэ сарын хэвлэлийн хурлын үеэр “Энэ хэрэгтэй холбоотой нэр бүхий зургаан шүүгчийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, хэргийг шүүхэд шилжүүлэхийг прокурорын байгууллагад хүргүүлсэн.
Зөвхөн Салхитын мөнгөний ордтой холбоотой 17 шүүгчийн асуудал яригдаагүй. Бусад шүүгчид өөр төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа. Дээрх хэрэгт зургаан шүүгч холбогдсон. Бусад нь өөр хэргээр шалгагдаж байна.
Анхнаасаа 17 шүүгч холбогдсон гэсэн мэдээлэл явсан учраас биднээс 17 шүүгчийн асуудал нэхээд байдаг. Энд нэг зүйлийг бас олон нийтэд хандан хэлэхэд тодорхой хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр гарч байгаа асуудал нь хэргийн бодит нөхцөл байдалтай таарах ч тохиолдол байна, таарахгүй ч тохиолдол байна. Үндсэн хуульд заасан шүүхээр тухайн этгээдийг гэмт буруутайг тогтоох хүртэл хэнийг ч гэмт буруутайд тооцож үл болно гэдэг зарчим бий. Тиймээс зарим асуудлыг маш олон удаа үнэн мэтээр давтсанаас хамаарч, хуулийн байгууллагын үйл ажиллагааны талаар олон нийтэд эргэлзээ үүсч байна. Ер нь худал, ташаа мэдээллийг ямар этгээдүүд, ямар зорилгоор тараадаг вэ гэдгийг бодолцох хэрэгтэй” гэсэн юм.
Ийнхүү шүүгчдийн хэрэг хэрхэн шийдэгдэхийг харах үлдлээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ