Монгол Улсын Их хурлын дэд дарга Л.Энх-Амгалан өчигдөр /2019.11.18/ Бүгд Найрамдах Польш улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кшыштоф Бойког хүлээн авч уулзлаа.
УИХ-ын гишүүн, Монгол, Польшийн Парламентын найрамдлын бүлгийн дарга Д.Дамба-Очир тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 3 дугаар сарын 8-11-ны өдрүүдэд Польш Улсад ажлын айлчлал хийх үеэр Польшийн Сейм, Сенатын дэд маршал нарт бараалхаж, УИХ-ын даргын урилгыг тус тус гардуулсан юм. Тэгвэл 2019 оны 12 сарын 8-11 хооронд БНПУ-ын Сеймийн дэд маршал Малгожата Мариа Гошевска манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байгааг элчин сайд онцолсон юм. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан уг айлчлалыг хийх гэж байгаад талархаж, хоёр орны парламент хооронд хийгдэж байгаагүй дээд хэмжээний айлчлал хэмээн үзэж талархалтай хандаж байгаагаа илэрхийлсэн юм.
Хоёр орны хамтын ажиллагаа, хөнгөлөлттэй зээл тусламж, худалдаа арилжааны идэвх жил бүр нэмэгдэж байна. Хамгийн сүүлд гэхэд 2019.10.10-ны өдөр Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэн баталсан юм. Зээлийн хүү жилийн 0.15 хувь бөгөөд хугацаа 28 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа таван жил, хөнгөлөлтийн түвшин 51.8 хувь юм байна. БНПУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй 50.0 сая еврогийн нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд 6 төслийг хэрэгжүүлэхээр тогтсон, одоогоор хоёр төсөл хэрэгжиж эхлээд байна.
Ирэх 2020 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Польш улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиох юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.