“Жаргалтай явна хоёулаа” дууны маань аялгуу үүрээр төрсөн түүхтэй

Хуучирсан мэдээ: 2015.09.18-нд нийтлэгдсэн

“Жаргалтай явна хоёулаа” дууны маань аялгуу үүрээр төрсөн түүхтэй

Хөгжмийн зохиолч Одсүрэнгийн Эрдэнээ бие даасан анхны тайлан тоглолтоо “Жаргалтай явна хоёулаа” дуугаараа нэрлэжээ. Тоглолтод нь нийтийн дууны энэ цагийн шинэ өнгө төрхийг тодорхойлох уран бүтээлчид оролцох юм байна. Тиймээс уншигч таныг Монгол бөхийн өргөөнд энэ сарын 25-нд болох түүний уран бүтээлийн цэнгүүнд саатахыг урьж байна. Сэтгүүлч миний бие түүнтэй удахгүй болох тоглолт болон уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Тоглолт хийх яггүй ажилтай юм гэж олон уран бүтээлч хэлдэг. Анхны тайлан тоглолтоо зохион байгуулах гэж байгаа танд яаж мэдрэгдэж байна вэ?

-Чанга ажил байдаг юм байна. Зөвхөн уран бүтээлээ хийгээд явах амар юм байна шүү. Гэхдээ эрч хүчтэй олон сайхан залуутай хамтарч ажиллаж байгаа болохоор ажил амархан бүтэж байна. Бэлтгэл ажил бараг дуусах шатандаа орсон шүү.

-Тоглолтынхоо нэрний талаар яриач. Олон сайхан уран бүтээлтэй таны хувьд энэ дуугаараа нэрлэх болсон нь нэг л учир бий болов уу?

-Энэ дуу маань төрөөд жил гаруй хугацаа өнгөрч. Клип нь хийгдэж Youtube.com-д байршсанаас хойш сая гаруй хүн үзсэн байх юм. Ийм хугацаанд энэ хэмжээний хүн хандалт өгнө гэдэг нийтийн дууны хувьд цөөн тохиолддог нь судалгаанаас харагдсан.  Тиймээс сонсогчдын сонорт нэлээн хүрч гэж ойлгоод сонгосон. Хүмүүс энэ дууг сонсохоороо “Клипэндээ ногоон алим шидэлцдэг хостой дуу юу” гээд цаашлуулдаг. Хөнгөн жанрын дуу болохоор манайхан клипийг нь хөгжилтэйгээр хийсэн байсан. Өнгөрсөн нэгдүгээр сард энэ дуугаараа нэрлэсэн хос цомог гаргасан чинь “HI FI” CD shop-оос зарласан хамгийн их борлуулалттай цомгийн нэгээр тодорсон. 18 дуутай хоёр дахь цомог маань “Нандин” нэртэйгээр саяхан худалдаанд гарсан.

-Клипны зохиолын санааг хэн гаргав аа?

-Дуучин Э.Төрмандах “Face” студийн захирал С.Жаргал, гол дүрд нь тоглосон, жүжигчин О.Отгонбат нар санаачилсан. Гэхдээ тэд ихэнхи хошин маягийн тоглолтыг өмнө нь яриагүй хэрнээ зураг авалт хийх газраа очоод О.Отгонбат сэтгэл хөдлөлөөрөө шууд л гаргасан гэсэн.

-Энэ дууныхаа бүтсэн түүхийг яриач. Бүтээл төрсөн агшин бүхэн сонирхолтой, давтагдашгүй байдаг гэдэг …

-Шүлгээ уншиж байгаад биш эхлээд аялгуугаа зохиосон дуу надад цөөхөн хэд бий. Тэрний нэг нь энэ дуу юм. Үүрийн 04:00 цаг өнгөрч байхад бага охин маань халуурсандаа болоод уйлаад унтдаггүй ээ. Тэгэхээр нь эхнэр бид хоёр хэсэг тэвэрч бүүвэйлээд, лаагаар ширгэлсэн чинь унтахаар нь бид ч унтах гэсэн чинь миний нойр хүрдэггүй. Уг нь би нойрондоо харам хүн л дээ. Тэр шөнө яагаад ч юм сэрвэлзээд болдоггүй. Тэгснээ толгойд нэг ая орж ирээд болдоггүй. Тэгэхээр нь халаадаа өмсч босоод цахилгаан төгөлдөр хуураа асааж, өнөө аялгуугаа таван минутын дотор тоглоод хадгалчихлаа.

-Тавхан минутад уу?

-Тийм. Толгойд шуурч орж ирээд л бичигдсэн. Өглөө нь ч дахин сонслоо ер нь гайгүй болж шүү. Морины тухай дууны ая ч юм шиг санагдах шиг. Төв газар өссөн болоод ч тэр үү, өмнө нь би морины тухай дуу зохиож байгаагүй болохоор их ч билгэшээв. Ингээд яруу найрагч М.Цэрэнтогтох дүүдээ хандаж шүлгийг нь бичүүлэхэд “Сумынхаа наадамд хоёулаа” нэртэйгээр ирүүлсэн. Гэхдээ дахилт нь дуучин Э.Төрмандахад таалагдаагүй болохоор би хоёр мөрийг нь гурван өдөр бодож байгаад

… Ханийн хорвоог уянгаар хөглөөд
Хайрын харцаар биесээ гоёод хоёулаа хамт жаргалтай явна аа …
гээд бичсэн чинь Э.Төрмандах одоо яг болж гэж хэлсэн. Энэ дуучин дүү маань миний тоглолтыг зохион байгуулж байгаад ч баярлаж байна. 

-Сүүлийн үед дууны уран бүтээлийн сэдэв их чухал болсон. Үүнд та хэрхэн анхаарч байна вэ?

-Зарим дуучин “Би энэ шүлгэнд ая хийлгэх гэсэн юм” гээд бариад ирдэг. Эсвэл би өөртөө таалагдсан шүлгэндээ аялгуу бичдэг. Надад олон яруу найрагч шүлгээ өгдөг ч тэр болгонд нь ая тааруулах боломжгүй. Хамгийн гол нь тухайн шүлэг надад таалагдах ёстой. Зарим нь аав ээж, нутаг, хайрын сэдвийг байдаг л өнцгөөс элдэв чамин үггүйгээр бичсэн байвал би цааш түлхдэг. Сонсогчид тиймэрхүү дуунаас залхчихсан болохоор хөрөнгө, цагийн гарз болоод л үлдэнэ. Харин дээрх сэдвийг хэн ч өмнө нь тийм гэхийн аргагүйгээр өөр өнцгөөс дүрсэлсэн байвал тэр дуу нийтэд түгнэ. Тэгэхээр намайг шүлгийн талд шүүлт их хийдэг гэж ойлгож болно. Хэн нэгэн дуучны хоолойнд зориулж аялгуугаа бичих тохиолдол ч бий.

-Та дуу хуурын өлгий нутаг Дундговийнх юм билээ. Хэзээнээс уран бүтээлийн гэгээн мөрөөр алхаж байна вэ?

-Би Буянт -Овоо сумын харьяат ч аймгийнхаа төвд төрсөн. Манай сум сүүлд Өлзийт сумтай нэгдсэнээр Өлзийтөөр овоглох болсон. Буянт -Овоо сум маань Монгол Улсын ардын жүжигчин А.Дашпэлжээ гуай, гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг  эгчээс эхлээд олон арван урлагийн зүтгэлтэн төрүүлсэн өгөөжтэй нутаг.

-Орхон аймгаар бас овоглодог нь ямар учиртай юм бэ?

-1981 онд манайх дээрх аймаг руу шилжсэн юм. Учир нь эгч маань Анагаах ухааны дээд сургуулийг төгсч Эрдэнэтийн цэргийн эмнэлэгт ажиллахаар хувиарлагдсан хэрэг. Тэр жил би нэгдүгээр ангиа төгссөн есөн настай хүү байлаа. Миний өсвөр болон идэр нас энэ нутагтай салшгүй холбоотой. Дунд сургуулиа төгсч Соёл урлагийн дээд сургууль нээгдэхэд анхны элсэгч нь болж хөгжмийн багш мэргэжлийг 1994 онд эзэмшиж төгссөн. Гэхдээ хоёрдугаар дамжаанаас дууны биш арай томоохон хөгжмийн бүтээл хийх хүсэл төрж ганц нэг хөгжим бичдэг боллоо. Тэр мэрийлт багш нарын анхааралд өртөж ч байв. Нэгэнт оюутан цагаа дурссаных би танд сургуульдаа хэрхэн орсноо ярьж өгөх үү.

-Бололгүй яахав?

-Тухайн үед багшийн болон соёлын дунд сургуулийг төгссөн 500 гаруй хүүхэд 15 хуваарийн төлөө өрсөлдөж билээ. Хөгжмийн боловсролыг бага ч атугай мэдэрсэн хүүхдүүд гэсэн үг. Дөрвөн үе шаттай явагдсан тэр шалгаруулалтыг даваад би долдугаар байрт жагссан.

-Багшийн болон соёлын дунд сургуулийг төгсөөгүй та өөрийгөө өмнө нь яаж бэлтгэсэн юм бэ?

-Эрдэнэтэд оройгоор Янжмаа багшийн удирдлага дор хагас жил хичээллэсэн. Тэгээд ч намайг хөгжимд дуртай болохоор наймдугаар ангид сурч байхад аав ээж маань төгөлдөр хуур авч өгсөн нь их хэрэг болсон. Гэртээ байнга тоглоно. Тухайн үед орос хэлээр хэвлэгдсэн төгөлдөр хуурын өөрөө сурах бичгийг ээж маань хүнээс олж авч ирсэн юм. Тэрийг харж өөрөө бие дааж тоглож сурснаар төгөлдөр хуурын томоохон хэмжээний хөгжим тоглох хэмжээнд хүрсэн.

-Бие дааж сураад Янжмаа багшдаа очиход юу гэж угтсан бэ?

-“Хэнээр анх заалгасан юм бэ” гэхээр нь “Ном харж байгаад өөрөө сурсан” гэсэн чинь “Тэгж сурдаг хүн бас байдаг аа. Чи өөрийгөө яг зөв сургасан байна шүү дээ” гэж билээ. Тэр жаахан олж авсан чадвараа багшийнхаа онолтой нийлүүлж, улам сайн болгосон. Ингээд л Соёл урлагийн дээд сургуульд шалгалт өгөхөөр очсон. Шалгалтын комиссын даргаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав гуай ажиллаж байсан. Г.Хайдав гуай биднийг том зааланд суулгаж байгаад “Аравдугаар ангиа дүүргэсэн хүүхэд хэд байна вэ” гэсэн чинь 10 гаруй хүүхэд босоход “Нот мэддэг нь хэд байна вэ, гараа өргө” гэхэд надаас бусад нь өргөөгүй. Тэгсэн чинь тэр “Нот мэддэггүй хүүхэд хөгжмийн нарийн шалгалтад ороод нэмэргүй. Явж байж болно” гэлээ. Тухайн үед би Эрдэнэтийн Эрдэнээ гээд ёстой л “од” болж байлаа шүү дээ. Сургуульд орсны дараа намайг хөгжим тоглох дуртайг багш нар мэдэж “Чи энэ авьяасаа улам сайн хөгжүүлэх хэрэгтэй. Гарын багштай бол. Багшийн чинь цалинг сургуулиас шийдэж өгнө. Тэгэх юм бол чи хөгжмийн зохиолч гэсэн хос мэргэжилтэй төгсөнө шүү дээ” гэсэн сайхан боломж олгосон. Ингээд би аавдаа хэлэхэд нутгаасаа төрсөн хөгжмийн хамгийн том багш Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж багшид хадаг барьж намайг шавь оруулсан. Тэр том хүний шавь болсондоо би одоо ааваараа ч, өөрөөрөө ч бахархдаг.

-Танайхаас урлагийн хүн бий юу?

-Аавыг маань Л.Одсүрэн гэдэг байлаа. Дундговь аймгийн соёлын ордонд хөгжимчин, дуучин, жүжигчнээр ажилладаг байв. Тэр бурхан хүнийхээ авьяасыг би өвлөж дээ.   

-Таны анхны дууны уран бүтээл гэвэл алийг нэрлэх вэ?

-1992 онд хоёрдугаар дамжааны оюутан байхдаа Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн “Чамдаа би хайргүй байхын аргагүй” нэртэй шүлэг сонинд гарсан байхыг олж, өөрт нь ч хэлэлгүй аялгуу хийсэн минь миний анхны дууны бүтээл болсон. Сүүлд сонсох нь ээ ардын жүжигчин, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай 1989 онд тэр шүлгэнд аялгуу хийж, Дархан-Уул аймгийн дуучин Энхбатаар дуулуулсан юм билээ. Тухайн үед түүнийг тэр шүлгийг дуу болгосныг сонсоогүй байсан. Би аялгуу биччихээд нотныхоо дэвтэрний доод хэсэгт балын харандаагаар тэмдэглээд ганц ч дуучинд үзүүлэлгүй хадгалчихсан.

-Яагаад?

-Тухайн үед би дөнгөж 20 нас хүрч байгаа залуу “Чамдаа би хайргүй байх аргаггүй” гэдэг нэртэй дуу бариад гүйхээс санаа зовсон хэрэг л дээ. Тэгээд ч тэр үед нийгмийн хүнд давалгаанд өртөж, ганзагын наймаанд гарсан. Юун уран бүтээл хийх манатай болсон юм чинь. Бүхий л анхаарлаа наймаандаа хандуулсан байсан болохоор сургуулиа төгсөхдөө хэцүүхэн төгссөн. Уран бүтээл гэдгийг ор тас орхиж, бизнес хийгээд 20 гаруй жил боллоо. Соёл урлагийн дээд сургуулийг төгссөн нэртэй л болохоос ганц ч удаа мэргэжлээрээ ажиллаж үзээгүй. Харин амьдралаа сайхан төвхөнүүлж, нас тогтоод ирэхээр хөгжмийн өнөө сонирхол маань дахин хөдөлж, 2013 оноос дууны уран бүтээл хийх болсон. Гэхдээ түүнээс өмнө намайг төгөлдөр хуураа үе үе тоглохыг аав минь харчихаад “Миний хүү хөгжим тоглохоо мартаагүй л байна уу” гэхэд нь “Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг дээ. Хүн машин бариад сурахаараа хэзээ ч мартдаггүй шиг хөгжмөө тоглохоор болоод л байх юм” гэж хариулж байв. Ямар шалтгаанаар 2013 онд дууны уран бүтээлдээ оров гэхээр тэр зун манайх нүүдэл хийсэн юм. Хуучин юмаа ухаж байтал аль хэдийн хав дарсан байсан нотны дэвтэр гараад ирдэг байгаа. Нээгээд үзсэн чинь 10 гаруй дуу нотлогдоод үлдээж. Тоглоод үзсэн чинь сайхан ч болсон юм шиг. Тэгсэн надад “Эдгээр бүтээлээ ингээд орхивол хэн ч мэдэхгүй ингээд өнгөрөх юм байна. Тиймээс ямар ч байсан “юм” болгоё” гэж бодогдоод есөн дууг нь ялгаж аваад дуучин Б.Буянжаргалд үзүүлэхээр шийдлээ. Учир нь түүний хоолой минийхтэй төстэй санагдсаных л даа. Ингээд түүнтэй уулзах гэж утасных нь дугаарыг хайв аа. Олон жил уран бүтээлээсээ хөндийрсөн болохоор таньдаг ч хүн алга болж. Аргаа бараад FM-рүү залгаж асуухад хөтлөгч бүсгүй нь “Манайх хүний мэдээллийг гаргадаггүй” гэдэг юм байна. Тэгэхээр нь би “Ах нь алж хядах гээгүй ээ. Хэдэн дууны аялгуу зохиочихоод сонсгох гэсэн юм” гэж учирлаж байгаад авсан.

-Тэгээд шууд л залгасан уу?

-Тийм. Гэхдээ тэр “Дуучин А.Хосбаяртай хамтарч орон нутгаар аялан тоглолт хийхээр маргааш гарах гэж байна. Сарын дараа ирээд уулзалдья” гэж тохиролцов. Ирснийх нь дараа залгасан боловч түүний ажил амжихгүй байсаар гурван сарын дараа уулзалдаж сонсгоход “Б.Лхагвасүрэн гуайн шүлгээр бүтсэн “Чамдаа би хайргүй байхын аргагүй” дуу их сайхан юм. Бас О.Дашбалбар агсны шүлэг “Дорны намуун аялгуу”  дууны аялгуу таалагдлаа. Гэхдээ би Д.Шийрэвжамц багшийн өгсөн “Аялагхан” нэртэй дууны шүлэгтэй энэ дууны чинь ая яг тохирч байна. Уг нь би багшийн өгсөн үг, аялгуугаар бүтсэн дууг дуулах гэсэн боловч аялгуу нь таалагдахгүй болохоор хоёр жил хэртэй хадгалагдаад байсан юм” гэлээ. Би ч тэр шүлгийг нь харж байгаад төгөлдөр хуурандаа тоглоод үзсэн чинь болж байна аа. Тэгээд бидний анхны бүтээл “Аялагхан” нэртэйгээр төрсөн түүхтэй. Анхны бүтээлээ өлгийдөхөд сайхан санагдсан гэж жигтэйхэн. Гэрийнхэн маань ч “Ямар гоё юм бэ” гээд сонсоод л байдаг байлаа. Тэр цагаас хойш би өнөөдөр 100 гаруй дууны аялгуу зохиосноос яг дуулагдсан нь 60-аад.

-Хоёр жилийн хугацаанд энэ их дууг өлгийднө гэдэг ёстой л “Яван чангарна” гэдэг болж ээ …

-Тийм ч юм уу, эсвэл олон жил бугшсан хүслээ гадагшлуулахаар дэлбэрч байгаа юм шиг л урссан уу бүү мэд. Хэрвээ би 1990 оны эхээр энэ дуунуудаа нийтэд түгээсэн бол өнөөдрийнх шиг олонд таашаагдаа ч уу, үгүй ч үү. Ямар нэгэн зүйл учиртай байдаг. Миний дуунууд өнөөдөр л төрөх гэж тэр олон жил нуугдаж байж дээ. 

-Та дээр дэлбэрч байгаа юм шиг сэтгэлээс урссан байх гэж хэллээ. Магадгүй онгод чинь хөглөгдөж байсан юм биш биз …

-Тийм шүү. Би өөртөө онгод орж байгааг олон янзаар мэдэрдэг. Тодруулбал, хэн нэгнээс магтаал сонсох эсвэл жигтэйхэн сайхан шүлэг унших, эхнэрийгээ дагаж дэлгүүр хэсээд залхуураад явж байх үед орж ирдэг. Хүнсний захад явж байхад ч аялгуу орж ирж байсан тохиолдол бий. Тэр аялгуугаа мартахгүйн тулд хүмүүсээс нуугдаж байгаад аль нэг буланд нуугдаж зогсоод утасныхаа бичлэгийг амандаа бариад аялаад хадгалдаг. Энэ мэт мэдрэмжийг би олон бүтээлээс мэдэрсэн. Гэхдээ миний дуунууд өөр өөрийн гэсэн өнгө аястай. Ихэвчлэн залуучуудтай хамтарч ажилладаг болоод ч тэр үү өвөрмөц бичигдсэн шүлэг, шинэ өнгө төрх харуулсан дуулалттай дуучинтай бүтээлээ өлгийдөж байна.

-Их ажилтай байгаа ч зав гаргаж ярилцсанд баярлалаа. Удахгүй болох тоглолт, цаашдын уран бүтээлд тань улам их амжилт хүсье.

-Баярлалаа.   

У.БАЯРСАЙХАН

Эх сурвалж: www.grandnews.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж