Сангийн сайд Ерөнхийлөгчийг "өдөв"

Хуучирсан мэдээ: 2019.11.19-нд нийтлэгдсэн

Сангийн сайд Ерөнхийлөгчийг "өдөв"

Сангийн сайд Ерөнхийлөгчийг "өдөв"

УИХ-аас Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийг батлангуут Ерөнхийлөгч Х.Баттулга хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавьдаг жишигтэй. Энэ жил ч дээрх уламжлал давтагдах болж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлсэн. Хоригийг 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн 2 хувиар нэмэгдэх НДШ-ийн хувь хэмжээнд тавьж болзошгүй гэдэг шуум тараад буй.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “2017 онд батлагдчихсан хэрэгжээд хоёр жил 7 сар болчихсон хуульд хориг тавьж болдоггүйгээ мэдэж байгаа болов уу. Хоригоо цэцэд тайлбарлаж чадах болов уу" гэж твиттер хуудсаараа дамжуулан жиргээд байна. Мөн энэ асуудлаар хэвлэлийнхэнд тодруулга өгөх үеэрээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Засгийн газраас Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт Ерөнхийлөгч хориг тавьчихвал хөтөлбөр шууд зогсоно. Энэ хуульд хориг тавихыг хүсээд байгаа хүмүүст хандаж хэлэхэд эдийн засаг дампуурлаа зарлаад зогсчихсон байсан үеэ сана гэж хэлье. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад ажилласан 2 жилийн хугацаанд 7.7 их наяд төгрөгийн өр төлсөн" гэж тодров.

Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай хамтран Стэнд бай хөтөлбөр хэрэгжүүлэх болсноор 2018 оноос эхлэн НДШ-ийн хувь хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх болсон. Нийгмийн даатгалын сангийн алдагдал өсөх болсон үндэслэлээр ажил олгогч болон даатгуулагчийн төлөх хувь хэмжээ нэмэгдэх болсон ч иргэд үр шимийг нь хүртэж чадахгүй хэвээр байгаа.

Хөдөлмөр эрхэлж, НДШ төлж буй иргэдээ мөлжиж буй энэхүү шударга бус үйлдлийг Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос эсэргүүцэж, өнгөрсөн долоо хоногт жагсаал цуглаан зохион байгуулсан. Иргэдийн дэмжлэг ч өндөр байгаа юм.

Харин Ерөнхийлөгч МҮЭХ-ны энэхүү санаачилгыг дэмжиж буй бололтой, 2020 оны төсвийн хуульд хориг тавихаар зэхсэнийг Сангийн сайд “Хууль зөрчсөн, Үндсэн хуулийн цэц дээр хамгаалах боломжгүй хориг” хэмээн өдөж байна.

УИХ-д 64 суудалтай намын хувьд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй байх боломж бүрэн ч цаад талд нь НДШ-ийн энэхүү өндөр хувь хэмжээг бууруулахын тулд даатгуулагчийн хүрээг нэмэгдүүлэхээс эхлэн арга хэмжээ хэрэгжүүлэхгүй бол зөвхөн шимтгэл төлдөг хэсэг ачааны хүндийг үүрдэг буруу жишиг тогтох төлөвтэй.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж