"Токио-2020" ОЛИМПИЙГ зорих МОНГОЛЫН ТАМИРЧИД

Хуучирсан мэдээ: 2019.11.19-нд нийтлэгдсэн

"Токио-2020" ОЛИМПИЙГ зорих МОНГОЛЫН ТАМИРЧИД

"Токио-2020" ОЛИМПИЙГ зорих МОНГОЛЫН ТАМИРЧИД

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон зуны Олимпийн наадам эхлэхэд хэдхэн сарын хугацаа үлдлээ. Япон улсын Токио хотноо 2020 оны долдугаар сарын 24 -өөс наймдугаар сарын 09 хүртэл зохион байгуулагдах зуны Олимпийн XXXII наадамд 206 орны 11096 тамирчин, 33 спортын төрөлд 339 цогц медалийн төлөө өрсөлдөнө.

Зуны Олимпийн наадамд Монгол Улс хамгийн анх 1964 онд 21 тамирчнаа спортын таван төрөлд хүчийг нь сорихоор илгээж байсан түүхтэй. Монголчуудын хамгийн анх оролцож байсан Олимпийн наадам бол 1964 оны XVIII зуны Олимп мөн л  Японы Токио хотноо зохион байгуулагдаж байв. Энэ цаг мөчөөс хойш Монголчууд зуны Олимпийн наадамд тасралтгүй оролцож, ирлээ. Тэгвэл "Токио -2020" зуны XXXII наадмын эрхээ авсан Монголын баг тамирчдыг танилцуулж байна.

 САГСАН БӨМБӨГИЙН 3Х3 ТӨРӨЛ 

Монголчууд энэ удаагийн "Токио-2020" зуны Олимпод анх удаа 3×3 сагсан бөмбөгийн төрлөөр оролцоно. Одоогийн байдлаар 3х3 сагсан бөмбөгийн төрөлд Монголын эмэгтэй шигшээ баг арваннэгдүгээр сард Олимпийн наадамд оролцох эрхээ авч, бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Харин эрэгтэйчүүдийн хувьд 2020 оны гуравдугаар сард Энэтхэгт болох тэмцээнд өрсөлдөж, олимпийн эрхээ авах боломжтой. Мөн дөрөвдүгээр сард Унгар улсын нийслэл Будапешт хотноо болох Олимпийн эрх олгох тэмцээнд өрсөлдөж, эрхээ авах боломж нь нээлттэй байна.

БУУДЛАГА 

"Токио-2020" зуны Олимпийн наадамд оролцох эрхийг хамгийн анх авсан тамирчид бол буудлагынхан юм. Спортын мастер Ц.Анударь БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан тэмцээний хийн гар бууны эмэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд өрсөлдөж, зургадугаар байранд шалгарсан ч Олимпийн эрхээ авч чадсан билээ. Тэрбээр 22 настай бөгөөд  2017 оноос эхлэн насанд хүрэгчдийн тэмцээнд оролцож эхэлсэн залуу тамирчин юм.

Удаах эрхийг эрэгтэйчүүдийн гар бууны 10 метрийн дасгалд Э.Даваахүү авсан. Тэрбээр мөн Дэлхийн цомын цуврал тэмцээнд шагналт тавдугаар байранд орж, Токиог зорих эрхтэй болсон. Э.Даваахүү Дэлхийн аваргын хос хүрэл, 2015 онд Дэлхийн оюуны Зуны Универсиад наадмаас ганцаарчилсан төрлөөс алтан медаль хүртэж, багийн төрлөөс мөнгөн медальтай ирж байсан Монгол Улсын шилдэг тамирчдын нэг юм.

2008 оноос хойш тасралтгүй буудлагын спортоор хичээллэж байгаа ОУХМ Э.Даваахүү Олимпийн наадамд анх удаа өрсөлдөнө.

Токио-2020 олимпийн наадмын дараагийн эрхээ авсан тамирчин бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа юм.

Тэрбээр  Катар Улсын Доха хотноо болсон буудлагын спортын Ази тивийн АШТ-ий 25 метрийн спорт гар бууны төрөлд 587 оноогоор “Токио-2020” олимпын эрхээ авснаар тэрбээр зуны олимпийн их наадамд 7 дахь удаагаа оролцохоор болж байна.

Мөн Катарын Доха хотноо арваннэгдүгээр сарын 06-нд  Олимпийн эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд О.Есүгэн 626,5 оноогоор 13 дугаар байр эзэлжээ. Тэрбээр финальд шалгарч чадаагүй ч түүний өмнө жагссан Энэтхэг, БНСУ-ын гурав, гурван тамирчин, мөн эрхээ авсан тамирчид медальт байрт шалгарсан тул Монгол улсын тамирчин О.Есүгэн “TOKYO 2020″ Олимпын наадмын эрхээ авсан байна.

ЧӨЛӨӨТ БӨХ 

“НурСултан-2019” чөлөөт бөхийн ДАШТ Казахстаны нийслэлд болж өндөрлөсөн. Энэхүү тэмцээнд эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга, үндэсний шигшээ баг, “Арслан” клубийн тамирчин ОУХМ Т.Тулга дагах барилдаанд ялалт байгуулж, Монголын чөлөөт бөхийн тамирчдаас “Токио-2020” зуны олимпийн их наадмын анхны эрхийг авчирсан юм.

Харин эмэгтэйчүүдийн 68 кг-ын жингийн дагах барилдаанд Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар С.Батцэцэг ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларрокыг 12:2 оноогоор цэвэр ялж,  "Токио-2020" олимпийн их наадмын эрхээ авсан юм.

Олимпийн наадмын чөлөөт бөхийн төрөлд Монгол Улс 1964 оноос эхлэн тасралтгүй оролцож ирсэн билээ.

Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ багийн бусад тамирчдад Олимпийн эрх авах хоёр тэмцээн хүлээж байна. Тодруулбал, 2020 гуравдугаар сарын 27-29-нд БНХАУ-ын Шиан хотноо болох Ази тивийн Олимпийн эрх олгох тэмцээн болох бөгөөд энэ тэмцээнд жин тус бүрт эхний хоёрт буюу алт, мөнгөн медаль хүртсэн бөхчүүд эрхээ авна.

Мөн 2020 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 3-нд Болгарын Софи хотноо болох Олимпийн эрх олгох дэлхийн тэмцээнд мөн л жин тус бүрт алт, мөнгөн медаль авч байж эрхээ авах юм.

ХӨНГӨН АТЛЕТИК

"Токио-2020" Олимпийн энэ төрөлд өнөөдрийн байдлраар марафон гүйлтээр нэг эрх аваад байна. Энэхүү эрхийг марафонч Б.Мөнхзаяа авсан байна. Олон улсын хөнгөн атлетикийн холбоо нь Олимпод оролцох тамирчдад entry mark буюу норматив тавьдаг. Уг болзлыг биелүүлбэл Олимпод оролцох хаалга нээгддэг гэсэн үг. “Токио-2020” олимпийн марафон гүйлтэд эрэгтэйд 2 цаг 11 мин 30 секунд, эмэгтэйд 2 цаг 29 мин 30 секундээс дотогш амжилт үзүүлсэн тамирчид олимпод оролцох эрх авах юм.

Тун удахгүй 2020 оны долдугаар сард болох "Токио-2020" зуны XXXII удаагийн Олимпийн наадамд Монгол Улсын баг тамирчид эрхийнхээ төлөөх тэмцээнд оролцсоор байна. Олимпийн наадамд Монгол Улсын медаль хүртэж, өндөр амжилт гаргах  боломжтой нэг төрөл бол Жудо бөх юм. Энэ төрөлд Олимпийн эрхийг дөрвөн жилийн турш уралдаан тэмцээнд оролцож цуглуулсан онооны чансаагаар олгодог.

IJF буюу Олон Улсын Жудо бөхийн холбооноос 2020 оны тавдугаар сарын 25-нд гаргах чансаагаар жин тус бүртээ эхний 18-д багтсан тамирчид Олимпийн эрхээ шууд авна.

Боксийн тамирчдын хувьд 2020 оны хоёрдугаар сарын 3-14-нд БНХАУ-ын Үхань хотноо зохион байгуулагдах Ази болон Далайн орнуудын олимпийн эрх олгох тэмцээнээс болон бусад тивийн эрх олгох тэмцээнээс Олимпийн эрхээ авах юм. Мөн 2020 оны тавдугаар сарын 13-24-нд Францын Парис хотноо болох Олимпийн эрх олгох дэлхийн тэмцээнд өрсөлдөж, эрхээ авах боломж нь нээлттэй байна.

Энэ мэтчилэн байт харваа, дугуй, таеквондо, усанд сэлэлт, спортын гимнастикийн төрөлд Монголын тамирчид Олимпийн эрхийн төлөөх тэмцээнээ хүлээн, амжилтаа ахиулахын төлөө бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

“ТОКИО-2020” ПАРАЛИМПЫН ЭРХ АВСАН  ТАМИРЧИД 

"Токио-2020" паралимпын тэмцээн наймдугаар сарын 26-аас есдүгээр сарын 6-ны хооронд болно.Энэхүү тэмцээнд одоогийн байдлаар дөрвөн тамирчин олимпийн эрхээ аваад байна.

  • Пара таеквондогийн төрөл (эрэгтэй) 61 кг-д Г.Болор-Эрдэнэ
  • Пара таеквондогийн төрөл (эмэгтэй) 49 кг-д Х.Энхтуяа
  • Пара буудлага 10 метрийн ганцаарчилсан зайн төрөлд ОУХМ З.Ганбаатар
  • Пара пауэрлифтингийн төрөлд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпэлжээ

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж