АМНАТ–ийг сэргээхгүй бол төсөв тасарна, тасрахгүй

Хуучирсан мэдээ: 2019.11.19-нд нийтлэгдсэн

АМНАТ–ийг сэргээхгүй бол төсөв тасарна, тасрахгүй

Үндсэн хуулийн цэц /ҮХЦ/-ийн их суудлын хуралдаанаас Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосноор 2020 оны төсвийн орлого 1.3 их наяд төгрөгөөр тасрах нөхцөл үүссэн гэж Сангийн сайд мэдэгдэн, Засгийн газраас хуулийн төсөл санаачлан УИХ-д мэдүүлээд буй. Хуулиараа УИХ энэ асуудлыг ажлын 15 хоногт багтаан шийдвэрлэх ёстой юм.

Харин үйлдвэрлэгчид болон зарим хууль тогтоогч “Цэц Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосон нь зөв. Үйлдвэрлэгчид давхар татварын дарамт үүрч байсан нь цуцлагдсан. Монгол Улс Хятадын түүхий эдийн бааз болохгүйн төлөө төр зогсох ёстой” гэж үзэж буй.

Иймд бид энэ удаад УИХ-аас Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийг сэргээх нь зөв үү, буруу юу гэдэг асуудлын хүрээнд талуудын байр суурийг тэнцвэртэйгээр хүргэж байна.


“АМНАТ-өөр 1.3 их наяд төгрөг төвлөрдөг гэдэг худлаа”

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:  УИХ туйлын хариуцлагагүй ажилласан. Татварын ерөнхий газраас мэдээ авахад АМНАТ өнгөрсөн жилийнхээс давж биелсэн байна. 1.3 их наяд төгрөг ордог гэдэг нь худлаа. 700 гаруй тэрбум төгрөгийн татвар орсон байна. Ашигт малтмалыг Хятадын нутаг руу гаргавал татваргүй, Монголын нутагт бол 5 хувийн татвар тавьсан. Хятадын импортлогчдын даалгавраар УИХ хууль баталсан. Тэрний эзэн нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Үүний уршгаар Монголын 100 үйлдвэр хаалгаа барьсан. Уг нь МАН-ын мөрийн хөтөлбөрт 21 аймагт үйлдвэр барихаар тусгасан. Одоо тэрийгээ орлуулах татвараа УИХ яаралтай батлах хэрэгтэй.

Ямар ч боловсруулалт хийхгүй улсын хилээр шууд гарч байгаа бол өндөр татвар, Монголдоо боловсруулалт хийж байгаа бол бага татвартай ногдуулах ёстой.

                                                                                                                                                                                                                                                                                                                                    Эх сурвалж: News.mn


“Нэг их наядын татварыг хүчингүй болгосон”

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Цэцийн шийдвэрээс болж, 2020 оны төсөвт АМНАТ-өөр 1.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх боломжгүй болсон. Үүнээс гадна 2019 оны эхний есөн сарын байдлаар төсөвт нэг их наяд 94 тэрбум төгрөг хуримтлагдсан байсан татварыг хүчингүй болгосон.

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжээгүй гэж яриад байгаа юм. "Страто" гээд компани бол Эрдэнэс Тавантолгойгоос 72 ам.доллараар нүүрс авдаг. Дотооддоо борлогдож байгаа учраас АМНАТ-ийг 2.5 хувиар төлдөг. Гэхдээ Страто гэдэг компани бус Тавантолгой төлж байгаа. "Эрдэнэс Тавантолгой" өөрөө 92 ам.доллараар гаргадаг. Үүнээс 8 хувийн АМНАТ төлдөг. Харин "Страто" 4 хувийн АМНАТ төлдөг. Боловсруулах үйлдвэрүүдийг дэмжихгүй байна гэдэг худлаа. Монгол Улсад 2006 оноос төлөгдөөд явж байгаа татвар.

Сангийн яам, Засгийн газрын зүгээс 1.3 их наяд төгрөгийг буулгаж болохгүй гэдэг байр суурьтай байгаа. Үүнийг компаниуд төлөөд ирсэн татвар. АМНАТ бол Монгол Улсаас экспортод гаргаж байгаа зэс, төмөр, нүүрс, цайр зэрэг бүхий л бүтээгдэхүүнээсээ авдаг. Ингээд 2020 оны төсвийн орлогоо 1.3 тэрбум байна гэж тооцож гаргасан.

                                                                                                Эх сурвалж: News.mn


“Дотоодын үйлдвэртээ 5 хувийн төлбөр ногдуулж болохгүй”

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: Орлого тасрахгүй. Монгол төрийн бодлого бол АМНАТ-ийн суурь таван хувиа авах ёстой. Гэхдээ дотоодын үйлдвэрүүд болох  Шивээ-Овоо, Багануур, Шарын гол гээд эрчим хүчний үндэсний үйлдвэрлэгчдэд 5 хувийн төлбөр тавьж болохгүй. 2.5-аараа явахгүй 5 хувь тавивал эргээд гэрэл цахилгааны үнэ нэмэгдэх, иргэдийн нуруун дээрх ачаалал нэмэгдэнэ.

Дотооддоо нүүрсний үйлдвэрүүдээ дэмжих бодлогыг Уул уурхайн яамнаас гаргаад, шийдвэрүүдээ гаргаад явж байгаа. Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр гэж анх удаа Монгол Улсад гарсан. Энэ бодлого дээр Эрдэнэт, Тавантолгой, Сайншандын аж үйлдвэрийн  уурхайгаа түшиглэсэн олон үйлдвэрүүд бий болох бодлого барьж ажиллаж байна. Үүний тулд үндэсний үйлдвэрүүдээ босгож ирэх гол зүйл нь татварын зөв бодлого юм.

                                                                                                   Эх сурвалж: News.mn


“Цэцийн шийдвэр баялгаа үнэгүй ашиглуулах нөхцөл үүсгэсэн”

Уул, уурхайн мэргэшсэн инженер, эдийн засагч П.Өлзийнаран: АМНАТ -ийн талаар тайлбарлая. Өмчийн эзэн өмч буюу эрдэс баялгаа бусдад ашиглуулсан, түрээслүүлснийхээ төлөө энэ төлбөрийг авдаг. Тухайн байгууллага АМНАТ төлсний дараа л эрдэс баялаг тэр компанийн өмчид шилждэг. Маш энгийнээр тайлбарлавал АМНАТ төлөх хуулийн заалтуудыг цуцалснаар Монгол Улс баялгаа үнэгүй ашиглуулж байна гэсэн үг. Ашигт малтмалын тухай хуулийн 47.3.-т.”Дотоодод борлуулж байгаа нүүрсний нөөц ашигласны төлбөр тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү” гэж заасан. Энэ заалт баяжуулах үйлдвэрүүдэд ямар ч хамаагүй.

Бид коксжих нүүрсээ 100 хувь урд зах зээлд нийлүүлж байна. Экспортын түүхий нүүрснээс 5 хувийн АМНАТ тооцдог байв. Гэтэл баяжуулах үйлдвэрт өнөө нүүрс хүрэхээс өмнө дотоодод борлуулсан гэж  үзэн, 2.5 хувийн АМНАТ тооцдог байв. Үүний зөрүү 2.5 хувийг хэрхэн тооцох вэ гэдэг нь тодорхойгүй байна. Ер нь бид нийгмийн гэрээг харилцан ашигтай байхаар хийхгүй болохоор нэг талдаа хэт ашигтай гэрээ хийдэг. Энэ нь улс орныг хамарсан тогтворгүй байдал үүсгэдгийн бодит жишээг харж байна. Монголд яагаад дандаа маргаан үүсдэг гэхээр хууль баталж буй УИХ болон төрийн бусад байгууллага харилцан ашигтай гэрээ үйлдэж чадахгүй байна. Зөвхөн давхар татварыг зогсооно гэсэн атлаа бүх эрдэс баялгаас АМНАТ авахгүй болчихлоо.

                                                                                                    Эх сурвалж: gogo.mn


“АМНАТ-ийг давхардуулж авч байна”

Монголын баяжуулах үйлдвэрүүдийн нэгдсэн холбооны эдийн засгийн зөвлөх Л.Оюун: Нэгдүгээрт АМНАТ-ийг давхардуулж авч байна. Нүүрс олборлолоо гэхэд олборлосон компани төлж байна. Дараа нь тэрийг боловсруулсан, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн компаниуд давхар төлж байна. Хүмүүсийн дунд нэг л удаа татвар авч байгаа гэдэг ойлголт байх шиг байна. Хэрвээ дээрх хууль хэрэгжих юм бол нүүрс ашиглаж түүгээр бүтээгдэхүүн гаргаж байгаа бусад компаниуд АМНАТ төлнө. Жишээлбэл, цахилгаан станцууд хүртэл АМНАТ төлөхөөр болж байна. Ашигт малтмал өөрөө газрын хөрсөн доороо байхдаа ашигт малтмал, түүнийг олборлоод гараад ирэхэд АМНАТ төлнө. Тэрнээс гарсан нүүрсийг цааш угаагаад баяжуулаад бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компаниуд АМНАТ төлөхгүй байх хуулийн агуулгатай.

АМНАТ аваад эхлэхээр манайх гаднын хөрөнгө оруулалтыг айлгасан, нүүрсээр баяжуулаад цааш гаргахад тийм хөрөнгө оруулалт орж ирэхээргүй байдал үүсч байна.

Монгол Улс импортлогч орон. Бид экспортлогч орон  болохын тулд нөөцөө ашигласан, нэмүү өртөг  шингээгээд цаашаа экспортолмоор байна. Гэтэл баяжуулах үйлдвэрүүдийг ашиггүй ажиллах нөхцөлд оруулж байгаа нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй хууль журам гарчих вий гэхээс сэтгэл зовниж байна. Бид дотооддоо үйлдвэрлэж байж эдийн засгийг  бүхэлд нь хөгжүүлэх орчин бүрдэх ёстой байтал АМНАТ энэ хэвээр тогтвол баяжуулах үйлдвэр зогсохоос өөр аргагүйд хүрнэ. Түүхий эдийг түүхий эд чигээр нь гадагш гаргах нөхцөл байдал үүсч байна.

                                                                                                 Эх сурвалж: News.mn


“Үндсэн хуулийн цэц асуудлаа ойлгоогүй”

Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын дарга О.Тэнгис: Үндсэн хуулийн цэц асуудлаа ойлгоогүй. Зөвхөн дотоодын компаниудын эрх ашгийг бодож байна гээд цаана нь байгаа Монгол Улсын иргэдийн эрх ашгийг зөрчсөн. Үндсэн хуулийн цэц “Төр нь аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлсэн эдийн засгийг зохицуулна” гэсэн үндэслэлээр АМНАТ-ийг хүчингүй болгосон. Гэтэл энэ тэглэсэн АМНАТ-өөр хүн амын нийгмийн хөгжлийг хангах эдийн засгийг зохицуулж байгаа шүү дээ. Харин ч энэ заалтаа Цэц өөрсдөө унагаачихлаа. Гурван сая иргэн өөрсдийн эзэмшлийн ашигт малтмалаа зүгээр өгч байх ёсгүй биз дээ. Тэндээсээ АМНАТ-өө авч, эдийн засгийн баталгаа хангаж байгаа.

Монгол Улсын татварын орлогын дийлэнх нь уул уурхайгаас орж ирдэг. 2020 оны төсвийн орлогод 1.3 их наядыг АМНАТ –өөр цуглуулна гэж төлөвлөсөн. Хэрвээ АМНАТ тэглэчихвэл 2020 онд сургууль, цэцэрлэг, төрийн алба хаагчдын цалин гэх мэтэд нөлөөлнө. Арваннэгдүгээр сараас хойш АМНАТ байхгүй боллоо. Хэчнээн ч алт, зэс хилээр гарч байгаа юм бүү мэд.

                                                                                             Эх сурвалж: Zaluu.com

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж