Америк цэргүүд Солонгосын хойгийг орхих уу?

Хуучирсан мэдээ: 2019.11.19-нд нийтлэгдсэн

Америк цэргүүд Солонгосын хойгийг орхих уу?

Америк цэргүүд Солонгосын хойгийг орхих уу?

АНУ болон Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд нар энэ долоо хоногийн турш хэлэлцээрийн ширээний ард сууж, хоёр асуудалд зөвшилцөлд хүрэхийг хичээж байна. Нэгдүгээрт, Өмнөд Солонгосыг байр сууриа өөрчилж, Японтой тагнуулын мэдээлэл солилцох гэрээг сунгахыг  АНУ-аас шахалт үзүүлж байна. Өмнөд Солонгос нь Япон улстай өнгөрсөн түүхийн бараан дурсамж, дипломат зөрчил, худалдааны сөргөлдөөнөөс болж энэ арваннэгдүгээр сарын 23-нд хугацаа нь дуусах тагнуулын мэдээлэл солилцох гэрээг сунгахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Энэхүү гэрээ нь Хятад, Хойд Солонгос, Оросын эсрэг Зүүн Хойд Азийн хүчний тулаанд чухал ач холбогдолтой гэж АНУ үздэг аж.

АНУ болон БНСУ-ын батлан хамгаалахын сайд нар

Хоёрдугаарт, АНУ-тай хамтарсан цэргийн хүчний зардалд гаргаж буй мөнгөө нэмэгдүүлэхийг Өмнөд Солонгосын засгийн газраас шаардаж байна. АНУ-аас 28500 цэрэг, алба хаагч Өмнөд Солонгост байнга байршин тогтмол цэргийн сургуулилт хийж, Пёньяны халдлагаас урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэж буй. АНУ-ын батлан хамгаалахын сайд Марк Эспер өнгөрсөн баасан гаригт телевизээр хийсэн мэдэгдэлдээ “Өмнөд Солонгос бол баян орон. Тиймээс илүүг төлөх боломжтой, төлөх ч ёстой” хэмээжээ. Тэрбээр тодорхой мөнгөн дүн хэлээгүй боловч Өмнөд Солонгос улсаас өнгөрсөн онд гаргасан мөнгөн дүнг 500 хувь нэмэгдүүлэхийг шаардаж байгаа аж. CNN агентлагийн мэдээлснээр Өмнөд Солонгосыг хоёр орны хамтарсан хүчний зардалд ирэх 2020 онд 4,7 тэрбум ам.доллар гаргахыг АНУ-аас шаарджээ. Гэтэл Өмнөд Солонгосын засгийн газар өнгөрсөн онд тус зардалд гаргах төсвийг тэрбум ам.долларт хүргэж нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн юм. Энэ нь хамтарсан цэргийн хүчний нийт зардлын 40 хувь болсныг “Washington Post” мэдээлжээ. АНУ-тай хамтарсан цэргийн хүчний зардалд Сөүлийг тав дахин их мөнгө төсөвлөхийг шаардсаныг Өмнөд Солонгосын ард иргэд хүчтэй эсэргүүцэж, оюутан залуус жагсаал хүртэл зохион байгуулсан юм. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сард Өмнөд Солонгосын оюутнууд эсэргүүцлийн жагсаал хийж, Сөүл дэх АНУ-ын элчин сайдын яамны хашааг давснаас 20 орчим хүн баривчлагджээ. Сүүлд явуулсан судалгаагаар Өмнөд Солонгосын иргэдийн 95 хувь нь АНУ-тай хамтарсан цэргийн зардалд гаргах мөнгийг нэмэгдүүлэхийг эсэргүүцжээ.

АНУ-ын түрэмгий шаардлагын хариуд Өмнөд Солонгос нь хамтарсан цэргийн хүчний аюулгүй байдлын ашиг тусыг бодож үзэхийг санал болгожээ. Хойгт АНУ-ын цэргийн хүчин байршсанаар Япон, Гуам, Хавайгаар дамжин АНУ-ын их газарт хүрэх Номхон далайн аюулгүйн зурвасын галын шугам болж буйг онцолжээ. Мөн хойгт цэргээ байршуулснаар Хойд Солонгос, Хятад, ОХУ-ын хөдөлгөөнийг хянах боломжтой зэрэг ашигтай талуудыг дурдан АНУ-ыг хөнгөлөлт үзүүлэхийг хүсч байгаа аж. Түүнчлэн АНУ-аас пуужингийн довтолгооноос хамгаалах системээ Өмнөд Солонгост байршуулсан нь цэргийн зардлыг нэмэгдүүлсний зэрэгцээ Хятадын эсэргүүцэлтэй тулж, эдийн засгийн хариу арга хэмжээнд оруулсныг ч дурджээ.

АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обамагийн үед хамтарсан цэргийн хүчний зардлыг тэнцүү хуваан гаргаж байсныг Өмнөд Солонгосын тал мэдэгдсэн юм. Харин АНУ-ын талаас “Сөүл нь нэгдсэн цэргийн хүчинд Өмнөд Солонгосын цэрэг, алба хаагчид ажиллаж, тус улсын компаниуд шинэ барилга байгууламжийг барьдаг. Тиймээс Өмнөд Солонгосын төлж буй мөнгө өөрсдөд нь очиж байгаа болохоос бидэнд биш” гэж командлагч генерал Роберт Абрамс мэдэгджээ. Хэрэв Өмнөд Солонгосын засгийн газраас илүүг төлөхөөс татгалзвал АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цэргүүдээ хойгоос эргүүлэн татахаар сүрдүүлжээ.

АНУ-ЫН ЦЭРЭГ ХОЙГИЙГ ОРХИСНООР УЧРАХ ЭРСДЭЛ

Өмнөд Солонгос нь дайсагнасан хойд хөрштэй, баруун талдаа хүчирхэг Хятадын армитай нүүр тулж, Японтой газар нутгийн болон бусад зөрчилтэй байгаа учраас АНУ-ын цэргийг хойгт байршуулах зайлшгүй шаардлагатай. Өдгөө Өмнөд Солонгос нь АНУ-аас өөр ямар нэгэн цэргийн хүчинтэй харилцаа холбоогүй байгаа юм. Энэ нөхцөл байдалд Өмнөд Солонгос нь цэргийн зардлыг нэмэгдүүлэх АНУ-ын шаардлагад бууж өгөхөөс өөр сонголтой байна. Эс бөгөөс АНУ нь хойгоос цэргээ эргүүлэн татахаар сүрдүүлжээ. Энэ тохиолдолд АНУ нь 1979 онд Тайвань арлаас цэргээ гаргасантай ижил нөхцөл байдал үүснэ. АНУ-ын цэрэг Тайванийг орхисноор Хятадын “эзлэн түрэмгийлэлд” шууд ногоон гэрэл болоогүй боловч Өмнөд Солонгосын хувьд хойд хөршийн дайралтад шууд өртөх эрсдэлтэй. Хойд Солонгос нь НҮБ-ын хоригийг үл тоон энэ он гарсаар 24 удаа пуужин харваж, Сөүл болон Токиогийн аюулгүй байдалд заналхийлжээ. Гэхдээ Өмнөд Солонгос дахь АНУ-ын хүчнийг эргүүлэн татсан ч хоёр орны хооронд 1953 онд байгуулсан харилцан батлан хамгаалах гэрээ бий. Тиймээс АНУ хойгоос цэргээ гаргасан байсан ч Хойд Солонгосоос Сөүл рүү дайрсан нөхцөлд хөндлөнгөөс оролцож, хамгаалах үүрэг хүлээх аж. Гэхдээ 1949 онд АНУ-ыг хойгоос цэргээ гаргасны дараа Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сен Сөүл рүү дайрч, АНУ-ыг Японд байршуулсан цэргээ хойгт авчрах хооронд одоогийн БНСУ-ын газар нутгийн нэлээд хэсгийг эзэлж амжсан байв. Улмаар 1950-1953 оны хооронд хойгт өрнөсөн дайны улмаас олон сая хүн амь үрэгдсэн билээ. Үүний зэрэгцээ АНУ нь хойгоос цэргээ гаргавал Өмнөд Солонгос улс цөмийн зэвсэгтэй болох амбиц, шаардлагыг нэмэгдүүлнэ гэж ажиглагчид үзжээ. Өмнөд Солонгос нь өдгөө дотооддоо цөмийн зэвсэг үйлдвэрлэх технологи, санхүүгийн эх үүсвэр, боловсон хүчний нөөцтэй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

ДОНАЛЬД ТРАМП ХОЛБООТНУУДЫНХАА ХАЛААСЫГ ТЭМТРЭВ

Цэрэг, армийн зардлын тухайд Дональд Трамп АНУ-ын хамгийн арвич, хямгач ерөнхийлөгч болж байна. Тэрбээр холбоотон орнуудаас АНУ-ын цэргийн хамгаалалт, нөмөр нөөлгийг авсныхаа хариуд бага мөнгө төлж байгааг шүүмжилж, төсвөө нэмэгдүүлэхийг шаардах болсон. Дональд Трампын шаардлагаар Европын холбоотнууд нь Умард Атлантын цэргийн эвсэл (NATO) байгууллагын төсөв нийлүүлж буй мөнгөө нэмэгдүүлсэн юм. Тухайлбал, Европ, Канад нь 2016 оноос хойш батлан хамгаалахын зардлаа 100 тэрбум ам.доллароор нэмэгдүүлжээ. АНУ нь Япон улсад байршуулсан 50 мянга гаруй цэргийн зардлыг ч нэмэгдүүлэхийг Токиогоос шаарджээ. 2021 оны гуравдугаар сард дуусах тусгай үйл ажиллагааны гэрээний хүрээнд Япон нь жил бүр АНУ-ын цэргийн зардалд хоёр тэрбум ам.долларыг төлж байгаа аж. Тэгвэл АНУ-аас гэрээг сунгахдаа энэ мөнгийг найман тэрбум ам.доллар болгож нэмэгдүүлэхийг шаардаж байгаа аж. Япон нь батлан хамгаалахын зэвсэг техникийнхээ 90 гаруй хувийг АНУ-ын компаниудаас худалдаж авдаг.

АНУ-ЫН ЦЭРЭГ СОЛОНГОСЫН ХОЙГТ БАЙРШСАН НЬ

АНУ-аас нийт 28500 цэрэг, алба хаагчийг Өмнөд Солонгост байнга байршуулан  хойгийн энх тайван байдал, Ази-Номхон далайн хүчний тэнцвэрийг хадгалах үүргийг гүйцэтгэж буй. Түүнчлэн шаардлагатай нөхцөлд Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн хүчин нь иргэний нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд оролцох үүрэгтэй. НҮБ-ын команд болон Өмнөд Солонгос дахь АНУ-ын хүчин нь өнгөрсөн оны зургадугаар сарыг хүртэл Пёнтэк хотноо байрлаж байсан ч Сөүл хотын зах руу удирдах газраа нүүлгэжээ. Өмнөд Солонгос дахь АНУ-ын хүчин 1957 оны долдугаар сарын 1-нд байгуулагдсан. Харин 1978 оны арваннэгдүгээр сард Өмнөд Солонгос болон АНУ-ын цэргүүд хамтарсан хүчнийг байгуулсан аж.

Хойд Солонгосын Сөүл рүү хийсэн дайралтын хариуд 1950 оны зургадугаар сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс НҮБ-ын командыг БНСУ-д байгуулжээ. Солонгосын хойгийн дайны турш дэлхийн 53 орон НҮБ-ын командад дэмжлэг үзүүлсэн бол 16 орон цэргээ илгээж, тав нь эмнэлгийн баг илгээж байв. Гурван жил үргэлжилсэн дайны эцэст 1953 оны долдугаар сард хойгийг хоёр хувааж, дайсагнасан талууд гал зогсоох гэрээ байгуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж