Хүйт дааж, жавар тачигнасан өдрүүд ирж, Улаанбаатар хотын хэмжээнд сайжруулсан түлш, түлээний хэрэгцээ огцом нэмэгдээд байна. Эрэлтийг дагасан нийлүүлэлт ховорджээ. Иргэд “Өвлийн ид хүйтнээр түлшээр хяхаад хөлдөж үх гэж байгаа юм уу. Сайжруулсан түлш олдохгүй байна. Долоо хоногийг зургаахан шуудай шахмал түлшээр давах квот тогтоосон нь гэрээ арай ядан бүлээцүүлж, угаартчихвий гэх айдсын хажуугаар давхар осгочихгүйн төлөө тэмцэлдэж байна” гэх шүүмжлэлийг ч дайж эхлээд буй.
Өнгөрсөн жилүүдэд гэр хорооллынхон нүүрсээ портер машинаар, Зил-130 машинаар нь нэгмөр худалдан авч, хэрэглэдэг байсан бол энэ жилээс зөвхөн шуудайгаар авч хэрэглэх болсон нь ажиллагаа ихтэй, автомашингүй иргэдэд улам хүндрэл учруулах болжээ. Бодит байдлыг сурвалжлахаар бид өчигдөр "Тавантолгой түлш" компаниас тайлбар авч, шахмал түлш борлуулагч цэгүүдэд очиж, мөн иргэдтэй уулзсан юм.
"Тавантолгой түлш" компанийн хэвлэлийн ажилтан Г.Даваабаатар “Иргэдэд картаар долоо хоногтоо зургаан шуудай сайжруулсан түлш олгож байгаа. Энэ нь нэг талаар хэрэглээнд нь хяналт тавих, хоёрдугаарт, их хэмжээгээр түлш аваад хомсдол үүсгэхээс сэргийлсэн алхам. Бид айлуудад туршилт хийхдээ сайжруулсан түлшийг долоо хоногт хэдий хэмжээгээр түлбэл, хангалттай хүртээмжтэй байх вэ гэдэг тооцооллыг гаргасны үндсэн дээр зургаан шуудайгаар квот тогтоосон. Аж ахуй нэгжүүдэд үйлдвэрээс нэг дор гурван тонныг худалдан авах боломжийг нээсэн” гэлээ. Харин иргэдтэй уулзвал дараах байр суурийг илэрхийлэв.
ТҮЛШЭЭ АХИУ ӨГЧ БОЛДОГГҮЙ ЮМ УУ
Б.Жавзансүрэн “Шахмал түлш илч сайтай, угаарын хий маш бага гардаг юм байна. Гэхдээ түлшээ ахиу өгмөөр байна. Түлш борлуулах цэгээс нэг тонноор авъя гэхэд өгөхгүй гэнэ. Тав зургаан шуудайгаар зөөж байснаас нэгмөсөн тонноор нь авчихвал амар шүү дээ. Нэг шуудай түлшээр манайх хоёр хонодог. Өглөө оройдоо л галаа түлдэг. Түүхий нүүрс түлээд агаар бохирдуулж байсан дор шахмал түлшээ түлсэн нь дээр юм байна"
ӨДӨРТӨӨ НЭГ ШУУДАЙ ГАРУЙ НҮҮРСЭЭР ӨНЖИЖ БАЙНА
Д.Алтангэрэл “Манайх өдөртөө нэг шуудай гаруй шахмал түлш хэрэглэдэг. Түүхий нүүрсийг бодвол сайжруулсан түлш илч муутай юм. Түүнээс биш утааны хувьд гайгүй байна. Манайх өдөрт хоёр шуудайг авдаг. Одоогоор болж л байна. Ес эхлэхээр харин хүрэлцэх болов уу яадаг бол…”
ТОМ БАЙШИНТАЙ АЙЛУУДАД ЗУРГААН ШУУДАЙ ТҮЛШ ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙГАА
Г.Гантуяа “Зургаан шуудай бол хаана ч хүрэхгүй, хүрэлцээ муу байна. Манайх өдөрт хоёроос гурван шуудай түлш хэрэглэх болж байгаа. Яагаад гэвэл 380 мкв-т байшин болохоор тэр. Шахмал түлш хүрэлцэхгүй болохоор хажуу айлаасаа гуйж, нэг шуудайг илүүчилж хэрэглэж байна. Бид чинь ямар хүйтэнд хөлдөж үхэлтэй нь биш. Гэхдээ түлэхгүй байя гэхээр паар хөлдчихнө. Тиймээс тогтмол галлаж байгаа. Том байшинтай, нам даралтаар халдаг айлуудад долоо хоногийн зургаан шуудай түлш хаанаа ч хүрэхгүй. Манайх өдөртөө гурван шуудай хийхэд дөнгөж бүлээцэх жишээний. "Тавантолгой түлш" компанид нь хандаж, хэлж үзье гэж бодож байна. Жишээлбэл, манайх зургаан шуудай түлшээ зөөхдөө арван мянгаар портер хөлсөлдөг. Ингэж байхаар тонноор авчихвал амар байхгүй юу. Монгол гэртэй айлуудад зургаан шуудай түлш долоо хоногтоо хүрэх байх. Түлшний үнэрт бол бид дассан түлж сураад байгаа. Уг нь утаагүй сайхан байгаа ч шуудай түлшнийхээ тоогоо ахиу болгох хэрэгтэй. Жишээ нь хороогоор нь судалгаа авч болно шүү дээ. Карт өгөхдөө амьдарч байгаа байшин, гэрийнх нь метр квадратыг тооцоод том талбайтайд нь арай илүү квоттой өгчихвөл амар байна"
ТҮЛШ БОРЛУУЛАХ ЦЭГҮҮД АШИГГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Шахмал түлш борлуулах цэгийн ажилтан овог нэрээ нууцлахыг хүсч бидэнд дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “Тавантолгой түлш” компаниас цалингаа авалгүй сар болж буй бөгөөд шахмал түлшний цэгүүд цөөрч байгаа нь борлуулагчдын цалин, хөлстэй холбоотой гэж тайлбарлалаа.
-Хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд иргэд шахмал түлшний хүрэлцээ муу байгаа талаар ярьж байна. Бодит байдалд ямар байна вэ?
-Долоо хоногт зургаан шуудай гэхээр айлууд нэг шуудайг нэг хоногт бүтэн шуудайг түлэхгүй гэсэн үг юм. Борлуулж байгаа хүмүүст хэл, ам ихтэй хэцүү байна. Дээрээс нь борлуулагчид “Тавантолгой түлш” ХХК-тай анх гэрээ байгуулахдаа арван хувийн ашигтай ажиллана гэж гэрээ байгуулсан. Ер нь мод, нүүрс зарж байгаа улсууд ихэвчлэн ядарсан хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүсээс эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар гээд 21.5 хувийг цалингаас нь буцаагаад авчхаж байгаа юм.
-Тэгэхээр борлуулагчид ашиггүй ажиллаж байгаа гэж ойлгож болох уу?
-Бид шахмал түлшнээс арав биш найман хувийн ашиг ч хүртэхгүй болчхож байгаа юм. Нэг шуудай нүүрснээс ялихгүй төгрөг унадаг. Анх гэрээ байгуулахдаа өвлийн хүйтэнд зогсоод арван хувийн ашиг авах юм байна гэж тооцоолж байтал цалингийнхаа 21.5 хувийг татвартаа өгчихлөө. Энэ байдлаас болж борлуулж буй цэгийн тал нь байхгүй болчихсон. Одоо тал нь зарж байгаа. Тэдгээр цэгүүдийн борлуулагч нар цалингаа аваагүй сар болж байна. Мэдээж цэг нь цөөрөөд эхлэхээр иргэд бухимдалгүй яах вэ.
-Цэгүүд цөөрснөөр түлшний хүрэлцээ дагаад буурах уу?
-Хүрэлцээ муу гэдэг нь үндсэндээ цэгүүд нь цөөрснийг хэлж байгаа байх. Он солигдоод татвар нэмэгдвэл шахмал түлшийг зарах хүнгүй болно биз дээ. Чингэлтэй дүүрэгт 17 цэг бүртгэлтэй гэж байгаа боловч бодит байдалд найман цэг ажиллаж байна. Мэдээллийн хэрэгслээр шахмал түлшний 500 цэг ажилладаг гэсэн мэдээллийг өгч байгаа бол үндсэндээ 300 гаруй цэг ажиллаж байгаа. Гол шалтгаан нь цалин мөнгөө өгдөггүйгээс борлуулагчид шантарч байна. Би гэхэд цалингаа аваагүй сар гаруй боллоо. Цалин яагаад орохгүй байгаа юм гэхээр Нийслэлээс олгохгүй байгаа хэмээн тайлбарладаг. Жишээ нь өнгөрөгч сард миний цалингаас 600 мянган төгрөгийг татварт авсан. Үндсэндээ сая гаруй төгрөгөөс 21.5 хувийг татвартаа авчихаар үлдсэн хэдээр нь яаж амьдрах билээ.
БОРЛУУЛАХ ЦЭГҮҮД ЦӨӨРӨХГҮЙ
Борлуулалтын цэгүүдэд нэг тонноор нь савласан шахмал түлшийг тарааж буй. Харин борлуулагчид 25 кг-аар нь уутлаад борлуулж байгаа. Гэтэл иргэд шуудай түлшийг өглөө хийхэд нэг шөнөө даадаггүй гэж байлаа. Дээрх асуудлуудыг бид "Тавантолгой түлш" компанийн хэвлэл мэдээллийн ажилтан Г.Даваабаатараас тодруулав.
-Нийслэлийн хэмжээнд түлш борлуулах хэчнээн цэг байна вэ?
-Одоогоор 400 гаруй цэг бий. Гэрээ хийгдэж буй болохоор эцсийн байдлаар тоог нь мэдэхгүй байна. Тээвэрлэлтийг хотын захиргаанаас тендер зарлаад 24 цаг үйлдвэрээс нь борлуулах цэгүүд рүү тасралтгүй зөөж байна. Дундын хангамжийн төвөөс намар нөөцөлсөн түлшээ нэг тонноор савлаад борлуулалтын цэгүүд рүү зөөж байгаа.
Иргэдэд картаар долоо хоногтоо нэг удаа зургаан шуудайг олгож байгаа. Энэ нь нэг талаар нүүрс дамнан борлуулах, их хэмжээгээр аваад хомсдол үүсгэх эрсдэлээс сэргийлж зургаан шуудайг олгож байна. Аж ахуй нэгжүүдэд гэрээ байгуулаад үйлдвэрээс нэг дор гурван тонныг авах боломжийг нээсэн.
-Зай талбай их, том байшинтай хүмүүс зургаан шуудай хаана ч хүрэлцэхгүй байна гэж байна лээ. Үүнийг нэмэгдүүлэх боломж байгаа юу?
-Ийм хүсэлт маш их ирж байгаа. Бид долоо хоногт хэдэн шуудай байвал болох уу гэдэг дээр судалгаа хийж байна. Зарим нэг нь ядаж арав болгооч ээ гэсэн саналыг ирүүлж байна. Үүнийг бол харгалзан үзэж шийдвэрлэх байх.
-Борлуулагчдын зүгээс цалингаасаа 21.5 хувийг татварт өгдөг, цалингаа удаадаг хэмээн гомдоллож байна?
-Монгол Улсад мөрдөгдөж буй хууль журмын дагуу авах ёстой татвараа авч байна. Цалингийн хувьд дүүрэг, дүүргээр тодорхой хугацаатай байдаг. Огт цалин аваагүй асуудал гараагүй. Зарим нэг нь дэгсдүүлж байгаа байх. Түүнээс биш цалин өгөхгүй байна гэдэг асуудал байхгүй.
-Ашиггүйн улмаас борлуулалтын цэгүүд хаагдаж байгаа гэдэг нь бодитой мэдээлэл үү?
-Борлуулах цэгүүд цөөрнө гэсэн асуудал байхгүй. Танай ажил хүнд байна, савлаж дийлэхгүй байна гээд гэрээнээсээ буцсан ганц, нэг тохиолдол бий. Цаана нь гэрээ байгуулж ажиллая гэсэн хоёр мянга гаруй хүсэлт бий. Хэрэвзээ гэрээ цуцлагдлаа л бол оронд нь ажиллах цэгийг байгуулахгүй юм бол тухайн бүс нутагт амьдарч буй айл өрхүүдэд бэрхшээл тулгарна. Тиймээс цуцлагдсан бол ойр боломжтой гэсэн хүмүүс рүү судалгааг нь явуулаад цэгийг яаралтай байгуулж байгаа. Бид аль болох шуурхай, байж болох хангалтуудыг өгөөд гэрээ байгуулаад ажиллаж байна.
-Хүйтний эрч чангарч байгаатай холбоотой шахмал түлшний хүрэлцээ муу байгаа гэж ярьж байна?
-Манайд ирүүлсэн санал хүсэлтүүдийг үндэслээд нэмэх арга хэмжээг авах байх. Удирдлагын түвшинд үүнийг шийднэ. Хотын захиргаанаас нийслэлд 504 цэг байгуулна гэж тохирсон. Одоогоор 400 байгаагийн учир нь манайх борлуулагч нартаа тодорхой шаардлага тавьдаг. Дансандаа хоёр сая төгрөг байршуулах гэх мэт. Тухайн шаардлагыг хангаагүйн улмаас 504 цэг хүрээгүй байх. Одоо үлдэгдэл цэгийг нөхөж байгуулахаар ажиллаж байгаа. Ингэснээр хүрэлцээ тэр чинээгээр иргэдэд ойртоно.
-Иргэдийн дунд шахмал түлшний хомсдол үүссэн гэх боллоо?
-Хомсдол үүсгээд буй нэг ийм асуудал бий. Жишээ нь Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд 20 айлд амьдардаг нийтийн байр байдаг. Тухайн нийтийн байранд амьдарч буй өрх бүрт карт очих ёстой. Гэтэл тухайн нийтийн байрны эзэн яаж байна гэхээр нөгөө картуудыг цуглуулж аваад зургаан шуудайг авчхаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өрхийн тоо нь 20 гаруй айл байхад ойр орчимд нь хомсдол үүсч байгаа байдал ажиглагдсан. Жишээ нь 20 айл байлаа гэхэд 120 шуудайг нэг дор аваад байгаа байхгүй юу. Аль болох нийтийн байрны аж ахуй нэгж гэж гэрээ байгуулаад үйлдвэрээс гэрээ байгуулаад авах боломжтой юм.
Холбоотой мэдээ