МАН-ын "лус тахигч, жааз тараагч"

Хуучирсан мэдээ: 2019.11.19-нд нийтлэгдсэн

76:1

МАН-ын "лус тахигч, жааз тараагч"

МАН-ын "лус тахигч, жааз тараагч"

“News” агентлаг 76:1 буландаа парламентын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулдаг. Энэ удаад УИХ-ын гишүүн Л.Энхболдыг танилцуулж байна.


Үг дуу цөөнтэй өмнийн говийн гишүүдийн нэг нь Л.Энхболд. Тэрбээр улс төрд шинэ хүн, эдийн засагч мэргэжилтэй. Улс төрд орохоосоо өмнө хувийн компани  үүсгэн байгуулж алсдаа улс төрд орох бэлтгэлээ  2004 оноос хангасан нэгэн. Орон нутгаас сонгогддог гишүүдийг ихэнх нь аймаг, сумынхаа төрийн бус байгууллагыг тэргүүлж нутаг орондоо хөлөө олж танигдахаас улс төрийн карьераа эхлүүлдэг. Ийм замналаар олон ч хүн тодордог нигууртай. Үүний адил Л.Энхболд “Монгол говийн хөгжил сан” ТББ-ыг үүсгэн  байгуулж, тэргүүлэгчээр 2005-2007 онд ажиллаж байгаад улмаар “Өмнөговийн залуучуудын хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн болжээ. Ингээд 2012 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож улс төрд орох алхмаа эхлүүлжээ.

Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас сонгогдсон. Ингэхдээ  үүнээс өмнө буюу 2008 оны УИХ-ын ээлжит сонгуульд бие даан нэр дэвшээд өвдөг шороодож байсан. Бие дааж нэр дэвших явцгүй гэдгийг ойлгосон уу тэрбээр 2009 онд МАН буюу тухайн үеийн МАХН-д элссэн. 2010 ондоо аймгийнхаа намын дарга болсон. УИХ-ын 2012 оны сонгуульд намаасаа нэр дэвших байсан ч Удирдах зөвлөл дээр  нэрийг нь  унагаж, нэр дэвших боломж олгоогүй ч   долоон жил   намдаа үнэнч зүтгэснийг нь үнэлж 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших үүргийг Өмнөговь аймгийн МАН-ын хорооноос нь өгч байв. Ямартай ч тэр 2016 онд УИХ-д орж  ирж чадсан МАН-ын “бор халзан хонинууд”-ын нэг.

Л.Энхболд гишүүн  бусад орон нутгийн гишүүдтэй харьцуулахад  мөнгөтэй, уул уурхай хөгжсөн газраас сонгогдсон, байгалийн баялагтай  аймгийн төрийн түшээ. УИХ-ын гишүүний хувьд түүний хийх ажил нь мөнгө бодох гэхээсээ илүүтэй орон нутгийнхаа  уул уурхайг тойрсон дэд бүтцийг шийдвэрлэхэд анхаарах явдал. Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд тойрогтоо юу хийснийг  сонгогчид нь дүгнэх учир би энд дурдах илүүц биз ээ.

Л.Энхболд улс төрчийн хувьд амбицгүй, даруу нэгэн. Хаа нэгтээ чуулган, байнгын хорооны хуралдаан дээр үг хэлнэ. Гэхдээ"Дуугүй байх нь тэнэгийн шинж биш” гэдгийг яруу тодоор харуулсан. Ингэж хэлэхийн учир нь УИХ-ын нэр бүхий гишүүд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан дуулианы дунд түүний нэр байсан нь баримтаар нотлогдсон билээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Энхболд өөрийн охин Э.Мандухайн нэр дээр үүсгэн байгуулсан Мийт экспорт интернэшнл ХХК-д 2016 онд ЖДҮХС-аас 1,3 тэрбум төгрөг нь авсан байдаг. Үүнийгээ анхандаа үл хүлээн зөвшөөрөн “Би ЖДҮ-гээс нэг ч төгрөгийн зээл аваагүй” гэж мэдэгдсэн ч хуулийн байгууллага үнэн мөнийг тогтоож түүнийг УИХ-ын бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг ч УИХ-аар ч оруулж ирж байлаа. Харамсалтай нь, ангийн нөхөд нь ЖДҮ-чин гишүүдээ хамгаалж үлдсэнээр Л.Энхболд  гишүүний бүрэн эрхээ тайлаагүй.

УИХ-ын гишүүн Л.Энхболд өөрийн гэсэн характер онцлог шинжгүй ч түүний зарим үйлдэл нь олны анхаарлыг  татах нь бий. Тэрбээр тойргийнхоо уулзалтаар  хоёр ч удаа этгээд сонин үйлдэл гаргаж олон нийтийн шүүмжлэлд өртөж байлаа. Гишүүн болоод удаагүй байхдаа тойргийн малчдад өөрийнхөө зурагтай жааз өгсөн нь өөрийгөө хэт өргөмжилдгийг илт харуулсан үйлдэл байв. Хоёрдох нь Ерөнхийлөгчийг төлөөлж нутгийнхаа Говь гурвансайхан уулын төрийн тахилгат хайрхны тэнгэрийг тайх ёслолд оролцох үеэрээ хаан мэт сэнтийд суусан нь мөн л сошил орчинд шүүмжлэл дагуулсан. Тэрбээр энэ хачин үйлдэлдээ тайлбар хийхдээ  “Ерөнхийлөгчийн хийх ёстой зан үйл бүрийг тухайн төлөөлж буй элч гүйцэтгэх учиртай юм байна. Энэ дагуу л төрийн тахилгат хайрхны тэнгэрийг тайх ёслолд оролцож зан үйлийг гүйцэтгэж, хүндэтгэлийн сэнтийд нь заларсан” хэмээн хэлж байв.

Энэ мэт Л.Энхболд гишүүн хийсэн ажил, хэрэгжүүлсэн бодлогоороо бус этгээд сонин үйлдлээрээ танигдсан. Үндсэндээ  тэрбээр ярьдаг  үндсэн нэг сэдэвтэй. Энэ нь Таван Толгойн талбайгаас 268 мянган тонн нүүрс алга болсон тухай байсхийгээд л ярьдаг.

УИХ-ын гишүүн Л.Энхболдын ХОМ-ыг сонирхвол 13 сая төгрөгийн нийт орлоготой, гэр бүлийн гишүүдийн орлого 16 сая төгрөг. Зургаан нийтийн орон сууц, хоёр авто гражтай.
Тээврийн хэрэгсэл: Toyota ,Prius- 1.  Хонь-530,  адуу-190,  ямаа-590
Газар: Эзэмших, 326м2-1, Эзэмших, 700м2-1
Хадгаламж /дотоод дахь данс/: 2 сая  төгрөг
Авлага: 1 сая төгрөг
Зээл: 470 сая төгрөг
Хөрөнгө оруулалт: Ирээдүй инвест ББСБ ХХК, Эрдэнэс ТТ ХК, Дюьнстравел ХХК
Тусгай зөвшөөрөл: 1

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

1989 онд Өмнөговь аймгийн 1-р арван жилийн сургууль

1993 онд ЗХУ, Краснодар хотын их сургуулийг цахилгааны инженер

1999 онд МУИС.Эдийн засгийн сургуулийг нягтлан бодогч, эдийн засагч

2007 онд Тагнуулын ерөнхий газрын дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

2002-2005 онд “Ди Энд Эл групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч, захирал

2004 оноос “Монгол говийн хөгжил сан” ТББ-ыг үүсгэн байгуулж, тэргүүлэгчээр

2005-2007 онд “Өмнөговийн залуучуудын хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн

2007 онд “JCI Capital”-ийн ерөнхийлөгч

2012 оноос Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ:

2010 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

2011 онд Банк санхүүгийн тэргүүний ажилтан

2014 онд МЗХ-ны дээд шагнал болох “Шилдэг удирдагч”

ГАДААД ХЭЛ:

Англи, Орос

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж