Зам тээврийн ослын нэг шалтгаан нь жолоо барьж байхдаа гар утас, эсвэл бусад ухаалаг төхөөрөмжүүдийг ашигласантай холбоотой байна хэмээн ОХУ-ын Төрийн Думын Төрийн байгуулалт, хууль эрх зүйн байнгын хорооны дэд дарга Вячеслав Лысаков мэдэгдээд ийм шалтгааны улмаас гарсан ослын хариуцлагыг чангатгах ёстой гэлээ.
Олон улсын автомашины холбооны тэргүүн, НҮБ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай төлөөлөгч Жан Тодт өмнө нь РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа дэлхий нийтээр зам тээврийн ослын тэргүүлэх шалтгаануудын нэгд, согтуугаар жолоо барих, хоёрт, жолооны ард гар утсаа хэрэглэх, гуравт, замын хөдөлгөөний дүрэм зөрчигчдөд ногдуулах хариуцлага сул гэж хэлсэн.
"Оросын хувьд зам тээврийн ослын тэргүүлэх шалтгаан нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнтэй холбоотой байдаг. Нийт ослын гуравны хоёр нь дүрэм зөрчсөнөөс үүдэж байна. Үүний дараа буюу 23 хувь нь замын бүрэн бус байдлаас /гэрэлтүүлэг муу, нүх үүссэн зэрэг/, 6-7 хувь нь согтуугаар жолоо барьснаас үүдэж байна. Эрүүл саруул ухаантай ч улаан гэрэл асч байхад хөдөлгөөнд оролцох зэргээр дүрмийг бүдүүлгээр зөрчиж байна. Тиймээс НҮБ-ын зөвлөмж манай нөхцөл байдалд төдийлөн тохирохгүй байна. Гэхдээ сүүлийн үед машин жолоодож явахдаа гар утас, бусад ухаалаг төхөөрөмж ашигласнаас анхаарал сарнин осол хийх тохиолдол нэмэгдэж байна. Тиймээс ийм зөрчилд тооцох хариуцлагыг чангатгах нь зөв” хэмээн Вячеслав Лысаков РИА Новости-д хэллээ.
Одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор ийм зөрчилд 1500 орчим рублиэр торгож байгаа нь хэтэрхий зөөлдөж байна гэж тэр үзжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ