Хөдөлгүүрийн чимээнээр машиныг оношлох үйлчилгээ 2021 оноос Орост нэвтэрнэ хэмээн “Автонет” группын хэвлэлийн төлөөлөгч Ярослав Федосеев хэллээ. Түүний хэлснээр "Автошазам" нэртэй төсөл одоо туршилтын шатандаа байгаа ажээ.
Үйлчилгээг гар утасны аппликейшнээр дамжуулан ашиглах юм. Жолооч хөдөлгүүрийн чимээгээр гар утсан дээрээ бичиж аваад, машины оношилгоо, засвар үйлчилгээний газрууд руу дүгнэлт хийлгүүлэхээр илгээх гэсэн үндсэн зарчмаар энэ үйлчилгээ хэрэгжих ажээ.
Хиймэл оюун ухааны тусгай алгоритмийн тусламжтайгаар хөдөлгүүрийн чимээнд онош тавигдана. Машины насжилт, хэчнээн км гүйсэн зэргийг мөн оношлох юм. Оношийг гар утасны дугаараар эзэнд нь хүргэнэ. Зөвхөн гар утас гэхгүй нийгмийн сүлжээний хаягаар нь ч оношийг явуулах боломжтой.
"Дуучин, дууны нэрийг тодорхойлдог Shazam нэртэй үйлчилгээ байдгийг олон хүн мэднэ. Үүнээс санаа аван бид "Автошазам" төслийг эхлүүлсэн. 2021 оноос хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна” хэмээн Ярослав Федосеев хэллээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ