Холер өвчнөөр Монголд 12 хүн нас барж байжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.18-нд нийтлэгдсэн

Холер өвчнөөр Монголд 12 хүн нас барж байжээ

Холер өвчнөөр Монголд 12 хүн нас барж байжээ

Африкийн Кени улсад болсон Олон улсын хуралд Монголыг төлөөлөн оролцсон 20 төлөөлөгчийн нэг нь холер өвчний халдвар авч тус улсад эмчлүүлж байгаа талаар бид мэдээлсэн. Бусад 19 төлөөлөгч энэ сарын 16-нд Монголд ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдан тандалт судалгаа, лабораторийн шинжилгээнд хамрагдаж байгаа юм.

Одоогийн байдлаар халдвар авсан өвчтөний биеийн байдал сайжирч байгаа тул удахгүй эмнэлгээс гарна гэсэн мэдээлэл байна. Харин Монголд тусгаарлагдаж буй иргэдийн хувьд 72 цагийн турш шинжилгээ өгнө. Энхний зургаан цагийн хугацаанд өгсөн шинжилгээгээр эдгээр хүмүүс бүгд эрүүл, ямар нэгэн холерийн нян ургаагүй гэсэн хариу гарчээ. Үүний дараа давтан буюу эцсийн магадлах шинжилгээний хариу маргааш /2019.11.19/ өдөр гарах юм байна. Хэрэв эдгээр хүмүүс бүгд эцсийн байдлаар эрүүл гарвал тусгаарлах арга хэмжээг цуцлах аж.

ЭМЯ-ны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

-Холер өвчин зэрэглэлээрээ манай тарваган тахалтай адилхан. Булчин задрах, урвах тахал гэх мэт нэртэй. Бохир гар, бохирлогдсон ахуйн бүтээгдэхүүнээр дамжиж халдварлагддаг. Ялангуяа бохир ус их нөлөөтэй. Өвчний нян авсан хүн өөрөө өвдөхгүй, ямар нэгэн зовиур илрэхгүй, халуурахгүй, бөөлжихгүй мөртлөө нян тээгч болдог. Харин бусад хүмүүст халдвар тараадаг. 18, 19-р зуунд дэлхийн улс орнуудыг айлгаж байсан аюулт өвчин. Манай орны хувьд 1996 онд энэ өвчин зөөвөрлөгдөж орж ирж байсан. Гадны өвчилсөн хүн нууц үеийнхээ хугацаанд Монголд ирээд Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд тараасан байдаг.

Нийт 178 хүн өвчилж, 12 хүн нас барсан. Тухайн үед энэ бүсээс Улаанбаатар руу орж ирэх хөдөлгөөнийг бүрэн хааж, долоо хоног хөл хорио тогтоох арга хэмжээ авч байсан гашуун түүхтэй.

Тиймээс бид энэ удаа халдвар судлалын эрсдэлтэй гэж үзээд хэдийгээр эдгээр 19 хүнд ямар нэгэн өвчний шинж тэмдэг байхгүй ч гэсэн сэргийлэх арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулан ажиллаж байна. Учир нь нэгдүгээрт, эдгээр хүмүүс өвчтэй хүнтэй ойр байсан, хоёрдугаарт тухайн Кени улс холерийн өндөр идэвхтэй голомттой байгаа юм. Энэ өвчин удамшдаггүй, гэхдээ аюултай. Яагаад гэвэл манай улсын нийт хүн ам сүүлийн жилүүдэд энэ өвчнөөр өвдөөгүй учраас дархлаагүй байгаа. Тиймээс бид халдвар эсэргүүцэх арга хэмжээг нэлээн өндөр түвшинд авч байна. Ер нь тухайн улсад гараагүй бол өвчин гаднаас зөөвөрлөгдөж орж ирэхдээ дэгдэлт их өндөр байдаг. Энэ асуудал цаашлаад нийгмийн, нийтийн асуудал учир 1996 онд болсон үйл явдлыг давтахгүйн тулд бид урьдчилан сэргийлэх арга хэмжээг ингэж анхаарч байгаа юм.

Холер өвчин хэдийгээр олон хүнд тархдаг ч гэсэн эдгэхдээ хурдан. Эмчилгээ хийснээр 3-5 хоногт бүрэн эдгэдэг аж. Нянгаар үүсгэддэг учир атибиотик эмчилгээ хийдэг юм байна. Кени улсад байгаа манай иргэний хувьд биеийн байдал сайжирсан тул бүрэн эдгэсний дараа Монголдоо ирэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж