Испанийн эзэн хааны хөлбөмбөгийн клуб “Реал Мадрид”-д нэгэн үе Голландын шигшээ багийн олон авьяаслаг тоглогчид мөр зэрэгцэн тоглож байлаа. Харин одоо бол “Ногоон талбайн уран зураач” гэсэн нэрээрээ алдаршсан Рафаэль ван дер Ваарт л ганцаараа үлдээд байгаа. Гэтэл ”Сүүлчийн голланд” болсон Ван дер Ваарт ч Испанийн эзэн хааны багийг шинэ улирлаас өмнө орхиж магадгүй байдал үүсээд байна. Тэрбээр Английн Премьер лигийн “Челси” эсвэл “Ливерпуль” багт ирэх улирал тоглож болох тухай мэдээлэл гарсан бөгөөд өөрөө ч энэ яриаг үгүйсгэсэнгүй. Тэрбээр “Би Мадридад аз жаргалтай байгаа ч гараанд гарч тоглохыг хүсч байна. Сэлгээнд сууж хайран залуу насаа өнгөрүүлмээргүй байна” гэжээ. Ван дер Ваарт өмнө нь Амстердамын “Аякс”, Бундеслигийн “Хамбург” клубуудэд хүчин зүтгэж байгаад Сантьяго Бернабеуд хөл тавьсан билээ.