Хүн ам, малын тоогоороо Монгол Улсын томоохон сумдын нэг болох Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд Эрэн хайх, аврах бүлгийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор тус аймгийн Цэнгэл суманд өнгөрсөн зургадугаар сард Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийг байгуулсан бол Дэлүүн сум ийнхүү ард иргэдэд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэж ажиллах Эрэн хайх, аврах бүлэгтэй боллоо.
Дэлүүн сум 5594,9 хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 9400 гаруй хүн амтай. Манай орны баруун хязгаарт, Алтайн өндөр уулсын дунд оршдог.
Аймгийн төвөөс 150 км, Улаанбаатар хотоос 1700 орчим км зайтай, 549.1 мянган га нутаг дэвсгэртэй, Алтай, Толбо, Булган сум, Ховд аймгийн Ховд, Дуут сумтай, баруун талаараа БНХАУ-тай хиллэдэг.
Байгалийн эрс тэс уур амьсгалтай, хүн амын суурьшил ихтэй энэхүү суманд зам даваа хаагдах, автомашинтайгаа цасанд суусан гэх дуудлагууд иргэдээс их ирдэг.
Бээлийн даваа, Улаагчны даваа, Бураатын даваа зэрэг томоохон зам, даваа хаагдахад хүнд даацын механизм /ковш/ дутагдалтай байгааг бүлгийн дарга, дэслэгч А.Асанбек хэлж байлаа.
Эрэн хайх, аврах бүлгийн нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Дэлүүн сумын Засаг дарга А.Ахылбек, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Анхбаяр, Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд, Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулга болон сум, орон нутгийн удирдлага, ард иргэд оролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ