ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018, 2019, 2020 онуудад үе шаттайгаар нэмэх шийдвэр гарсан. Тиймээс энэ нэмэгдлийн гуравдугаар үе 2020 оны нэгдүгээр сараас эхэлж хэрэгжихээр байгаа юм.
Тэгвэл энэхүү нэмэгдлийн талаар олон нийт иргэд, аж ахуй нэгжүүдийн зүгээс эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд буй. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавихаар бэлтгэж байгаа гэлээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Төсвийн тухай хууль дахь Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэх хуульд хориг тавихаар болсон. Одоо бэлтгэж байна. УИХ-аас 2020 оны төсвийн тухай хууль манайд ирээгүй байна. Ирээд тав хононо. Тэр хооронд Нийгмийн даатгалын шимтгэлийн 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс нэмэгдэх хоёр хувийн нэмэгдэл дээр хориг тавина. Түүний өмнөх гурван хувийн нэмэгдэл өнгөрсөн учраас хориг тавих боломжгүй. Тэгэхээр 25 хувь болох шимтгэлийн хоёр хувь дээр хориг тавих гээд бэлтгэж байна" гэв.
Холбоотой мэдээ