Монголын төрийн үнэлэмж, төрд итгэх итгэл өдөр ирэх тусам унаж байна. Энэ бүхэн мэдээж, төрд ажиллаж буй хүмүүсийн ухамсар, ёс зүй, сахилга бат, хариуцлагатай холбоотой юм. Ялангуяа төрд томоохон албан тушаал хашиж хүмүүс секс дуулианд нэр холбогдох болсон нь Монголын нэг эмгэнэл болоод буй.
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГА ХҮЧИНГИЙН ХЭРГЭЭР 2 ЖИЛИЙН ЯЛ АВАВ
-2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ид өрнөх үед МАН-ын бүлгийн залуу гишүүн хүчингийн хэрэгт холбогдсон тухай мэдээлэл анх цацагдаж байв. Тун удалгүй уг хэргийг УИХ-ын гишүүн Д.Гантулга үйлдсэн гэх мэдээллийг хохирогчийн эгч Ч.Саранзаяа, түүний өмгөөлөгч М.Ичинноров нар өгч байлаа.
Уг мэдээллийн талаар Д.Гантулга сэтгүүлчдэд тайлбар хийхдээ “2017 оны зургадугаар сарын 11-ны орой би саунд байсан. Маш олон сэтгүүлчид байсан. Орой нь бид үргэлжлүүлж шоудсан. Иргэн Ц-гийнд хоносон. Намайг очиход хохирогч Ч.Н байгаагүй. Гарахад байсан. Би дотуур хувцсаа өмсөөд гарсан ” гэх тайлбарыг өгч байв.
Харин хохирогчийн эгч Ч.Саранзаяа энэхүү тайлбарыг няцаасан нь “Цагаан хэрэглэл дээрх толбо баримт болон үлдсэн. Д.Гантулга ДНК шинжилгээ өгөхөд л энэ хэрэг шийдэгдэнэ. Д.Гантулга төрийн ордонд хийсэн хэвлэлийн хурал дээрээ шалгуулахад бэлэн гэж мэдэгдсэн ч шалгуулахгүй байна.Дүү маань сэтгэл санааны хувьд тогтворгүй хэцүү байдалтай байна. Д.Гантулга найзаараа дамжуулж, дөрөв хоногийн өмнө тохиролцъё гэж хэлүүлсэн. Гэхдээ бид хэргийг үнэн мөнөөр шийдэгдтэл явна” гэх үг.
Ямар ч байсан энэ хэргээсээ болж УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ 2018 оны зургадугаар сард чөлөөлөгдсөн бөгөөд 2019 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр жилийн ял шийтгэл оноосон билээ.
АН-ЫН “АЛДАРТ” МУРАТ
Төрсөн эцгийнхээ овгийг “боов” хочоор сольсон УИХ-ын гишүүн бол Д.Мурат. Мөн л 2017 оны гол дуулиануудын нэг байлаа. Тэрбээр Б.Бахытгүл гэх эмэгтэй рүү ёс бус зураг явуулж, сэтгэл санааны дарамт учруулан, биед нь хэд хэдэн удаа гар хүрч байсан гэх асуудалд нэр холбогдсон.
Хохирогч бүсгүй “Тэр хүн над руу ёс зүйгүй зураг явуулж, дарамталж байсан нь үнэн. Үнэхээр тэр зураг, материал, мессежүүд хуурамч байсан бол том хүү нь надад 100 сая төгрөг өгье гэхгүй байсан. Миний өмгөөлөгчтэй уулзаж мөнгө өгч, намайг өмгөөлөхийг нь болиулах гэж оролдохгүй байсан юм. Миний ил гаргасан зургуудыг эвлүүлэг биш эсэхийг нотлох газар олон бий. Би шалгуулахад бэлэн байна. Анх 2017 оны аравдугаар сарын 13-нд Муратын тухай УИХ-ын “Ёс зүйн хороо”-нд гомдол гаргасан. Дараагаар намынх нь дарга С.Эрдэнэд аравдугаар сарын 20-нд гомдол хүргүүлсэн. Арванхоёрдугаар сарын 26-нд УИХ-ын дарга М.Энхболдод Мурат гишүүний тухай гомдлыг мөн хүргүүлсэн. Гэтэл надад ямар ч хариу өгөөгүй. Тиймээс аргаа барахдаа цагдаа, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж байна” гэж байжээ.
Харин УИХ-ын гишүүн Д.Мурат “Намайг Их хурлын гишүүн болсны дараа тэр эмэгтэй сүрхий эвгүй үгтэй мессеж бичсэн. Ах нь үнэнийг чамд хэлье. Тэр эмэгтэйн үзүүлээд байгаа, миний бичсэн гээд байгаа тэр мессеж дотор казах хэлээр бичсэн тийм муухай үг огт байхгүй. Надад тийм догшин ширүүн авир байхгүй. Би чинь ёс суртахуунтай хүн шүү дээ. Хэнтэй юу ярихаа мэдэлгүй яахав. Юун жаахан монгол охин… хэлэх ч үг олдохгүй юм. Энэ зурагнууд бол цэвэр эвлүүлэг, гүтгэлэг. Би маш хүнд хагалгаанд ороод нэлээд удаан наркозитай байхад гэр бүл найз нөхөд, ажлын хамт олон гээд маш олон хүн эмнэлгийн өрөөгөөр орж гарч байсан. Тухайн үед миний зургийг хэн дарж байгааг би мэдээгүй. Тэр зургууд ихэнх нь миний эмнэлэгт байх үеийн зургууд байна лээ. Хүний өвчин зовлонгоор тохуурхаж иймэрхүү зүйл хийж байгаад харамсаж байна” гэсэн тайлбар хэвлэлд өгч байлаа.
Түүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ 2018 оны зургадугаар сард хэлэлцээд олонх нь дэмжээгүй юм. Тэрбээр энэхүү асуудалд ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй бөгөөд УИХ-ын гишүүний бүрэн эрхтэйгээ үлдсэн.
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГА ШИРЭЭН ДЭЭРЭЭС ӨӨРӨӨ ОЙЧСОН
Хамгийн сүүлийн үеийн, сэдэв нь хав халуунаараа байгаа секс скандалын шуугиан бол Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярын онгоцны үйлчлэгч бүсгүйнд биед бэлгийн дарамт учруулсан гэх асуудал. Тэрбээр олон улсын чуулга уулзалтад оролцохоор Улаанбаатар-Сөүл чиглэлийн KAL-ийн онгоцоор үйлчлүүлж явахдаа үйлчлэгч бүсгүйн биед зүй бусаар хүрсэн, бэлгийн дарамт учруулсан хэрэгтээ Өмнөд Солонгосын хуулиар долоон сая воннын торгууль хүлээсэн.
Тэрбээр Өмнөд Солонгосын цагдаа нарт байцаагдахдаа "Би согтуу байсан" гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Харин Баасан гаригт Үндсэн хуулийн цэцийн гишүүддээ “Би буруугүй, ажлаа өгөхгүй, гүйцэтгэх ажиллагаа над дээр хийгдсэн” хэмээн томорч суусан тэрбээр гэнэт албан тушаалаасаа огцрох өргөдлөө өөрөө өгсөн нь Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайдын зүгээс ёс зүйн хариуцлага хүлээ гэх шахалт үзүүлсэнтэй холбоотой аж. Энэ сарын 22-нд ажлаа өгөхөөр болжээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ