Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг дотооддоо шингээх гээд бид өнгөрсөн хугацаанд дорвитой шийдэлгүй байсаар ирсэн. Ялангуяа хамгийн том экспортлогч орон болох өмнөд хөрш болон зүүн чиглэлийн төмөр зам нь экспортын шинэ гарцуудыг нээх учиртай. Тэгвэл энэ замын эхлэл болж, “Монголиан Транс Ложистик” ХХК-ийн барьж байгуулсан Дорноговь аймгийн Алтанширээ суманд 12 км төмөр зам ашиглалтад орууллаа.
УИХ-ын 2010 оны 1332-р тогтоолоор батлагдсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлог”-ийн бичиг баримтад тусгагдсан төмөр замын нэгдсэн сүлжээний хэвтээ чиглэлийн “Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян”, “Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан” чиглэлийн эхлэл болж байгаагаараа ач холбогдолтой юм байна. Дорноговь аймагт байгуулсан Монгол газрын тос боловсруулах үйлдвэр, шинээр баригдаж буй төмрийн хүдрийн баяжуулах, кокс, ширэм үйлдвэрлэх компаниудын дэд бүтэц, тээвэр, логистик, гаалийн хяналтын асуудал цогц байдлаар шийдэхэд энэ зам чухал нөлөө үзүүлэх юм байна.
Нээлтийн үеэр “Монголиан Транс Ложистик” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Сүхбаатар “ Төмөр замын зураг төслийн ажил дөрвөн сарын өмнө эхэлсэн. Барилгын ажлын бэлтгэлд нэг сар зарцуулж, барилгын ажлыг хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн гол цом бол уул уурхай. Уул уурхай дотроо нүүрс, төмрийн хүдрийн ачаа нийт төмөр замын тээврийн 70 орчим хувийг эзэлдэг. Энэ төмөр замын бүтээн байгуулалт нь аж үйлдвэрийн цогцолбороо дагаж, баригдаж байгаа юм.
Аж үйлдвэрийн хамгийн гол түүхий эд бол нүүрс, төмрийн хүдрийг зөөхөд төмөр зам хэрэгтэй.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замаас салаалуулж бид энэ 12 км төмөр замыг барьж дуусгалаа. Дан ганц манай компанийн ажил мэт боловч цаашид маш олон компанийн үйлдвэрийн түүхий эд тээвэрлэх дэд бүтэц болно. Зүүн тийш чиглэх том төмөр замын эхлэл болж байгаагаараа” онцлогтой.
“Монголиан Транс Ложистик” ХХК-ийн Замын аж ахуйн албаны дарга Батсайхан:
-Бид уг бүтээн байгуулалтыг хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн. Манай баг 10 жилийн өмнө Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт өргөн царигийн гол зам нь 115 км урттай, таван өртөө зөрлөг бүхий төмөр зам, гүүр, хоолой, төмөр замын дагалдах бүх байшин барилга, дэд бүтэц, дохиолол холбоо, цахилгаан хангамжийн асуудлыг хоёр жилийн дотор шийдэж ажилласан туршлагатай. Би ч уг бүтээн байгуулалтад оролцож байлаа. Одоо нийт 280-д ажилтан ажиллагсадтайгаар тус төмөр замын дэд бүтцээр өөрсдийн болон бусдын ачаа тээврийг “Төмөр замын тээврийн тухай хууль”-ийн хүрээнд өдөр бүр тасралтгүй явуулж, УБТЗ ХНН-ийн ачаа эргэлт, тээврийн нийт орлогод дөрөвний нэгийг эзлэх хэмжээнд хүрсэн амжилттай хөдөлмөрлөж байна. Мөн нээлтээ хийгээд буй энэ 12 км төмөр замыг дагаж одоогоор 50 гаруй ажлын байр бий болоод байна. Уг төмөр зам цаашид үргэлжилснээр үүнээс ч их ажлын байр бий болж, Монголчууд өөрсдөө төмөр замаа богино хугацаанд, чанартай тавих боломжтой гэдгийг улам тод харуулна. Энэ төмөр зам нь хамгийн багадаа 50 жилийн насжилттай.Сэлэнгэ аймагт барьж байгуулж байсан 115 км урттай төмөр замтай харьцуулбал шинэ технологи, шинэ машин механизмуудыг ашигласнаараа онцлог байлаа.
Тус зам ашиглалтад орсноор төмөр замын тээх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, ирээдүйд өсөн нэмэгдэх тээвэрлэлтийн эрэлт хэрэгжээг үр дүнтэй, найдвартай хангахад чиглэсэн үр ашигтай үндэсний төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээг өргөжүүлж, улс орны дамжин өнгөрүүлэх чадавхыг дээшлүүлэн, салбарын эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, ашигт малтмалын томоохон ордуудыг ашиглах, тэдгээрийн бүтээгдэхүүнийг экспортлох болон боловсруулан экспортолж улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгах, тогтвортой хөгжлийг хангах зорилготой юм.
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор манай улсын төмөр замын сүлжээний 1922,1 км урт бөгөөд энэ удаад 12 км-ээр нэмэгдэж байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ