Ирээдүйд эх орноо удирдаж авч явах залгамж халаа болсон оюутан залуусыг дэмжсэн хамгийн бодитой хөрөнгө оруулалтыг ХААН Банк сүүлийн 13 жилийн турш тасралтгүй тогтвортой хийж ирсэн билээ. Нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаараа дамжуулан энэ хугацаанд нийт 1500 гаруй оюутанд 900 сая төгрөгийн тэтгэлэг олгоод байна. Энэ хичээлийн жилд уламжлал болсон “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өөс гадна цоо шинээр нэгэн хөтөлбөр санаачилсан нь мэдээллийн технологийн чиглэлээр суралцагч залууст зориулсан тэтгэлэг юм.
ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлгийг өнгөрөгч 5-р сард орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд зарлан 21 аймгаас нийт 60 шинэ оюутан тодруулсан бол өнгөрсөн 10-р сард мэдээллийн технологийн чиглэлээр суралцдаг III, IV курсийн оюутнуудын дунд зарласан тэтгэлэгт 5 оюутан шилдгээр шалгараад буй. 2018-2019 оны хичээлийн жилд “ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэг” хүртсэн 65 оюутныг ХААН Банк сангийн хамт олон хүлээн авч уулзлаа.
Оюутнууд орчин үеийн шилдэг оффис болох ХААН Банк цамхагтай танилцах аялал хийснийхээ дараа хувь хүний хөгжил, ур чадвар, сэтгэл зүйгээ хэрхэн удирдах талаар сонирхолтой илтгэл лекц сонсож, мөн ХААН Банк Сангаас боловсролын салбарт хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авч, амралтын нэг өдрийг тун үр бүтээлтэй өнгөрүүллээ. Уг арга хэмжээнд ХААН Банкнаас хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй “RISE” хөгжлийн хөтөлбөрийн 15 оюутан мөн уригдан оролцож үе тэнгийнхнээсээ туршлага судалсан юм. Шинэ оюутанд зориулсан “RISE” хөгжлийн хөтөлбөр хувь хүний хөгжил, их хотын соёлтой иргэн байхад суралцахад тусалдаг билээ. Мөн энэ үеэр мэдээллийн технологийн чиглэлээр суралцдаг оюутнуудад зориулсан ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 5 оюутанд батламжийг нь гардуулан өглөө.
Дашрамд сонирхуулахад, ХААН Банк Сангаас төгсөх 12 дугаар ангийн сурагчид буюу ирэх намар нь оюутан болох хүүхдүүдийн дунд ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэг зарлан, сурах хүсэл тэмүүлэлтэй боловч орлого багатай өрхийн сурлагын амжилтаар манлайлагч хүүхдүүдийг хамруулахыг зорьдог билээ.
Мянга мянган оюутны тэргүүн эгнээнд алхаж, бусдыгаа манлайлсан оюутнууддаа баяр хүргэж, амжилт хүсье.
Бид нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулсаар…