Эх газрын Хятадын бодлогыг эсэргүүцсэн Хонгконг залуусын тэмцэл мөд намжихгүй нь бололтой. Тэдний эсэргүүцлийн арга улам ширүүсч жагсагчид болон цагдаа нарын хооронд өдөр бүр мөргөлдөөн гарч байна.
Ковлон Тонгд байдаг Хонгконг дахь Хятадын Ардын чөлөөлөх армийн /ХАЧА/ гарнизоны тор татсан өндөр харуул хамгаалалттай хаалга бямба гаригт /2019.11.16/ гэнэт нээгдэж, зэр зэвсэг бус хувин, дэрсэн шүүр барьсан, дүрэмт хувцасгүй 50 орчим хятад цэрэг гарч ирэн жагсагчдын зам дээр хаалт болгон өрж тавьсан тоосго гэх мэт хориглолтуудыг зайлуулан цэвэрлэж эхлэв. Энэхүү хачирхалтай явдлыг харах гэсэн ойр орчмын оршин суугчид, сэтгүүлчид хэдхэн хормын дотор цугларав.
Жагсагчид нийтийн тээврийг зогсоож, цагдаа нарын замыг хаахын тулд зам дээр тоосгонууд шидэж, янз бүрийн эд зүйл овоолж хориглолтууд хийж, Хонгконгийн гудамж талбай яг л дайны талбар шиг болсон байна.
Зөвхөн тухайн орон нутгийн засаг захиргааны хүсэлтээр гамшгийн дараах сэргээн босголт, нийтийн дэг журмыг сахиулах зэрэг тохиолдолд гарч ирдэг ХАЧА-ийн цэргүүд Хонгконгийг Хятадын мэдэлд очсоноос хойш буюу өнгөрсөн 22 жилийн хугацаанд ганцхан удаа Хонгконгийн гудамжинд ил гарсан аж. Тэд өнгөрсөн онд болсон хар салхины дараах сэргээн босголтын ажилд туслахаар орон нутгийн эрх баригчдын хүсэлтээр ийн гарч ирж байжээ. Харин энэ удаад Хонгконгийн эрх баригчдын зүгээс ХАЧА-аас ямар нэгэн тусламж хүсээгүй гэдгээ мэдэгдэв.
Хонгконг дахь ХАЧА-ийн албан ёсны вэбсайт дээр “Энэ бол дээрээс ямар нэгэн даалгавар тушаал авсан хэрэг биш. Сайн дурын үндсэн дээр Хонгконгийн оршин суугчдад тусалж, замын хөдөлгөөнийг хэвийн явуулахын тулд хийсэн ажил” хэмээн тайлбарласан байна.
Тэдний ийм огцом, ер бусын үйлдэл нь нэг талаас алга ташилт, магтаал нөгөө талаас айдас түгшүүр дагуулжээ. Хонгконгод нөхцөл байдал энэ хэвээр муудсаар байх аваас Бээжин цэргээ тус хотод байршуулна гэсэн яриа жагсаал цуглаан эхэлсэн цагаас л гарсан.
Хонгконгийн сөрөг хүчний хууль тогтоогчид ХАЧА-ийн уг үйлдлийг “Орон нутгийн засаг захиргаанаас албан ёсоор хүсэлт гаргаагүй тохиолдолд ХАЧА Хонгконгийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох ёсгүй” гэсэн хуулийг зөрчиж байна хэмээн шүүмжилж, үүнийг сайн дурын үйл ажиллагаа юу эсвэл хөндлөнгөөс оролцсон явдал уу гэдгийг ялгаж чадахгүй байгаагаа илэрхийлжээ.
ХАЧА-ийн зүгээс энэ үйлдлээ өмнө нь цус сэлбэх, хар салхины дараах сэргээн босголдтод оролцож байсан зэрэг олон нийтийн ажлуудын адил энэ удаад ч мөн зүгээр л олон нийтэд туслахаар гарч ирсэн, дээрээс нь ойр орчмынхоо зам талбайг чөлөөлж, нийтийн тээврийн урсгалыг чөлөөтэй болгох ёстой гэж үзсэний үндсэн дээр энэ ажлыг хийсэн хэмээн тайлбарлав. Гэхдээ Хонгконгод эмх замбараагүй байдал газар авч буй энэ цаг үед ХАЧА ийм үйлдэл хийснийг түгшүүртэйгээр хүлээн авах үндэслэлтэй юм. Учир нь
Хятадын дарга Ши Жиньпин “Хүчирхийллийг таслан зогсоож, үймээн самууныг намжаацгаая” хэмээн ердөө хоёрхон хоногийн өмнө мэдэгдсэн билээ.
Мөн тэдгээр цэргүүд өөрсдийн нэр ус, анги зэрэг хувийн мэдээллүүдээ албаар харуулах гэсэн мэт огт нуугаагүй байв. Тэдний өмссөн хувцас дээр "Тусгай хүчин", "Сюэфэнгийн тусгай ажиллагааны бригад" гэх мэт тэмдэглэгээнүүд байсан нь тэднийг терроризмын эсрэг элит цэргүүд болохыг хэнд ч ойлгомжтойгоор харуулж байлаа. Ингээд Хонгконгчууд ХАЧА-ийн цэргүүд зүгээр л гарч ирээд ойр орчмоо цэвэрлэсэн үү эсвэл энэ нь Бээжингийн тэсвэр тэвчээр дуусч буйг илтгэсэн анхааруулга байв уу гэсэн хоёр асуулттай үлдлээ.
Эх сурвалж: South China Morning Post
Холбоотой мэдээ