Ерөнхийлөгч төсөвт хориг тавихгүй ч НДШ-т хориг тавина

Хуучирсан мэдээ: 2019.11.18-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч төсөвт хориг тавихгүй ч НДШ-т хориг тавина

Ерөнхийлөгч төсөвт хориг тавихгүй ч НДШ-т хориг тавина

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2020 оны төсвийн тухай хуулийн төслийг хуулийн хугацаандаа баталсан. Батлагдсан төсөвт нийт 12.9 их наяд төгрөгийн орлого олохоор төсөвлөгдсөн бөгөөд үүний 10 их наядыг нь татвараас бүрдүүлэх бол 13.9 их наяд төгрөгийн зарлага гаргана гэж үзэж байгаа. Үүнээс тэтгэвэр тэтгэмжид 4.2 их наяд буюу хамгийн их, дараа нь 3.7 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулах гэнэ. Төсөв батлагдсанаас хойш Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих болов уу гэсэн таамаг яригдаж эхэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш  есөн удаа хориг тавьсны дөрөв нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хамааралтай хориг юм.  Түүний анхны хориг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоо байсан бол түүний дараа 2017 оны төсвийн тодотгол,  2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, 2019 оны төсөв, Татварын багц хуульд хоёр удаа хориг тавьж байв. Энэ бүхний автор нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Түүнийг гардаж боловсруулсан төсөв, хуулиудад хориг тавигдсан. Тиймээс ч энэ удаа Ерөнхийлөгчийг хориг тавих болов уу гэсэн таамаг яриа гарсанд гайхах хэрэггүй биз ээ.

САНГИЙН САЙДАД ТАВЬСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГУУД:

2017.10.27

-Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүдийг томилох тухай УИХ-ын 58 дугаар тогтоолд хэсэгчлэн хориг тавив. Тодруулбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд хориг тавьж байв. Гэвч УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй юм.

2017.11.02

– Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавив. 2017 оны төсвийн тодотголд хориг тавьсан ч УИХ хүлээж аваагүй юм.

2017.12.05

– Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавив. УИХ мөн л энэ хоригийг хүлээж аваагүй юм.

2019.05.15

-Татварын багц хуулийн төсөлд хориг тавив.

2019.06.04

-Татварын багц хуультай холбоотой УИХ-ын тогтоолд хориг тавив.

Батлсагдсан төсвийн орлогын 82.6 хувийг татварын орлогоор бүрдүүлэхээр, төсвийн зарлагын 56.2 хувийг цалин, тэтгэвэр, тэтгэмж татаас, зээлийн хүүгийн төлбөрт зарцуулахаар тусгасан нь  хэт өөдрөг төсөөлөл төдийгүй зардал нэмэгдэж, татвар төлөгчдийн нуруунд үүрүүлэх ачаа хөнгөрөхгүй нь гэсэн шүүмжлэлийг олон нийтийн болон эдийн засагчдын зүгээс хэлж байсан. АМНАТ-ийг үгүй болж,  1.3 их наяд төгрөгийн орлого тасарна гэж Сангийн сайд хэлсэн. Тиймээс богино хугацаанд эдгээр алдагдлыг нөхөх шинэ төрлийн татварыг бий болгох ёстойг сануулагчид олон байна. Татварын ерөнхий газрын татварын орлогын газрын дарга Д. Цогтжаргал “Татварын шинэ хууль хэрэгжсэнээр татварын хувь хэмжээ ирэх онуудад буурна. Хэдийгээр татварын шинэ хууль хэрэгжсэнээр татварын хувь хэмжээ буурч, татварын орлого тодорхой хэмжээгээр буурахаар байгаа боловч татварын хууль эрх зүйн орчны болон татварын албаны шинэчлэлийн бодлогын нөлөөгөөр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа өргөжин, борлуулалтын орлого нэмэгдэж, ашигт ажиллагааны түвшин сайжрахын зэрэгцээ Татварын албанаас татварын суурийг өргөжүүлэн татварт хамрагдалтыг нэмэгдүүлэх замаар татварын орлого нэмэгдэнэ гэж тооцож байна” гэсэн тайлбарыг хэлж буй.

Ерөнхийлөгч бүрэн эрхийн хүрээнд хориг тавих эрх нь нээлттэй. Гэхдээ түүний тавьсан хоригийг УИХ хүлээж авна гэдэг юу л бол. Ялангуяа 64 гишүүнтэй олонхын бүлэг Ард нийтийн санал асуулга явах хоригоос бусдыг нь хүлээж аваагүй. Аль аль нь улс төр болоод өөрсдийн ажлаа хийж буй. Одоогоор 2020 оны төсөвт Ерөнхийлөгч хориг тавих эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ зарим эх сурвалжийн ярьж буйгаар Ерөнхийлөгч энэ удаад хориг тавихгүй гэсэн мэдээлэл байгаа юм. Өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгч хориг тавьж магадгүй гэсэн боловч тавиагүй.


ЕРӨНХИЙЛӨГЧ НДШ-ИЙН НЭМЭГДЭЛД ХОРИГ ТАВИНА ГЭВ

ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018, 2019, 2020 онуудад үе шаттайгаар нэмэх шийдвэр гарсан. Тиймээс энэ нэмэгдлийн гуравдугаар үе 2020 оны нэгдүгээр сараас эхэлж хэрэгжихээр байгаа юм.

Тэгвэл энэхүү нэмэгдлийн талаар олон нийт иргэд, аж ахуй нэгжүүдийн зүгээс эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд буй. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавихаар бэлтгэж байгаа гэлээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Төсвийн тухай хууль дахь Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэх хуульд хориг тавихаар болсон. Одоо бэлтгэж байна. УИХ-аас 2020 оны төсвийн тухай хууль манайд ирээгүй байна. Ирээд тав хононо. Тэр хооронд Нийгмийн даатгалын шимтгэлийн 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс нэмэгдэх хоёр хувийн нэмэгдэл дээр хориг тавина. Түүний өмнөх гурван хувийн нэмэгдэл өнгөрсөн учраас хориг тавих боломжгүй. Тэгэхээр 25 хувь болох шимтгэлийн хоёр хувь дээр хориг тавих гээд бэлтгэж байна" гэв.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж