Реформыг жинхэнэ утгаар нь хийх бололцоотой байлаа

Хуучирсан мэдээ: 2019.11.18-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Реформыг жинхэнэ утгаар нь хийх бололцоотой байлаа

Реформыг жинхэнэ утгаар нь хийх бололцоотой байлаа

Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжлийн дараагийн үеийг тодорхойлох үндсэн баримт бичгийг УИХ өнгөрсөн долоо хоногт баталлаа. Энэ бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. 1992 онд баталсан ардчилсан Үндсэн хуульд ийнхүү дахин нэг шинэ амьсгаа орлоо. 2000 онд оруулсан нэмэлт өөрчлөлт орсон даруйгаас шахам шинэ нэмэлт өөрчлөлтийн тухай яриа цухалзсаар, сүүлийн жилүүдэд эрч тасрахгүй яригдсаар ийнхүү биеллээ оллоо.

УИХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 100 хувийн саналаар Үндсэн хуулийн 36 заалтыг шинэчлэн өөрчиллөө. Эдгээр 36 заалт нь 19 зүйлд хамаарч байгаа юм. Үндсэн хууль нийт 70 зүйлтэй.

Сүүлийн 10 гаруй жилийн хөгжлийн садаа болсон тээгийг энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр тайлж өгч байгаа нь яах аргагүй дэвшил. Тухайлбал, Ерөнхий сайдад кабинетаа бүрдүүлэх эрх олгосон, “давхар дээл”-тэй буюу Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах эрхийг УИХ-ын дөрвөн гишүүнээс илүү олгохгүй, Засгийн газраас өргөн барьсан төсвийн алдагдлын хэмжээг нэмэгдүүлж баталж болохгүй, зөвхөн зарлагын задаргааг өөрчилж болно гэсэн нэмэлтүүд дараа дараагийн жилүүдэд эдийн засаг, нийгэмд ач тусаа өгөх нь гарцаагүй.

Гэсэн ч хамгийн гол ач тус өгч болох сонгуулийн пропорциональ тогтолцоог эцсийн мөчид хүлээн зөвшөөрсөнгүй. Уг нь энэ өөрчлөлт орсон бол жинхэнэ реформ хийгдэх бололцоотой байлаа. Пропорциональ тогтолцооны давуу тал болсон улс төрийн намуудын төлөвшил, жалга довны биш үндэсний хэмжээний лидерүүдийг төрүүлэх боломжийг монголчууд бид хараахан үзэх хувьгүй байжээ. Гэхдээ чамлаж болохооргүй өөрчлөлтүүд орсныг онцлон тэмдэглэх хэрэгтэй.

Улс төрийн нэг чухал институц болсон Ерөнхийлөгчийн засаглалд хамаарах хоёр цоо шинэ заалт орж ирлээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх насыг таваар уртасгаж 50 болгож, бүрэн эрхийн хугацааг нь мөн хоёроор уртасган зургаан жил болголоо. Өмнө нь 45 нас хүрсэн иргэн сонгуульд нэрээ дэвшүүлж, бүрэн эрхийн хугацаа нь дөрвөн жил байж, дахин нэг удаа сонгогдох боломжтой байсныг хальж нэг удаа зургаан жилээр Ерөнхийлөгчөөр ажиллах болж байна.

Улс төрийн намтай холбоотой гурван заалт мөн шинээр орж ирлээ. Өмнө нь Үндсэн хуульд улс төрийн намтай холбоотой тусгайлсан заалт байгаагүй юм. Улс төрийн нам нь Үндсэн хуульд заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах, намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулахаар тусгасан гээд намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулах тухай заалтыг 2028 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэхээр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулиар тусгайлан зохицууллаа. Түүнчлэн намын санхүүжилт ил тод байх, үйл ажиллагаа нь үндсэн чиглэл, үзэл баримтлалтайгаа нийцсэн байхаар тусгасны дагуу Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулах нөхцөл бий болж байна.

Үүнээс гадна Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн, Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ, иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно, УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг  хориглоно, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын, түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно, хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэх зэрэг өөрчлөлтүүд орлоо.

Үндсэн хуулийн эдгээр нэмэлт, өөрчлөлтүүдийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12.00 цагаас эхлэн улс орон даяар мөрдөж эхлэх юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж