Түгжрэлийг 40 хувь бууруулах сургуулийн автобус

Хуучирсан мэдээ: 2019.11.18-нд нийтлэгдсэн

Түгжрэлийг 40 хувь бууруулах сургуулийн автобус

Түгжрэлийг 40 хувь бууруулах сургуулийн автобус

"Босоорой, босоорой, хоцорлоо шүү". Улаанбаатарчуудын өглөө ингэж эхэлдэг.  Нэг  сая гаруй хүн амтай  дэлхийн хэмжээний метрополис хот Улаанбаатарын хамгийн том зовлон түгжрэл болсон. Өглөө хүүхдээ сургууль, цэцэрлэгт зөөх, орой авахын тулд түгжрэлээс өмнө гэрээсээ гарах ажлаасаа тарах шаардлагатай болдог.  Стресс, бухимдал гээд өглөөг өөдрөг эрч хүчтэй эхлүүлэх нь их ховорхон.

Нийслэлд өдөрт 420 мянга гаруй автомашин замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог аж. Олонх нь  хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөхийн тулд машин унадаг. Сурагчдын амралтаар хот сэлүүхэн, түгжрэл багасдаг ч нь үүнтэй холбоотой.  Тиймээс

Олон жил нийслэлийнхний тулгамдсан асуудал болсон түгжрэлийг бууруулах, иргэдийн цаг завыг хэмнэх нэгэн ажлыг хотын эрх баригчид өнгөрсөн Баасан гаригаас эхлэн хэрэгжүүлээд байна.

Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн Ерөнхий боловсролын 29 сургуулийн 3000 орчим хүүхдийг хоёр ээлжээр сургууль руу нь зөөх  "Сургуулийн автобус" явуулж эхэлснээр түгжрэл 40 хувь буурна гэж үзэж байгаа юм.

 Нийслэлийн Боловсролын газраас гаргасан судалгааг үндэслэн 33 чиглэлд 40 автобусаар үйлчилж буй. Харин иргэдэд “Сургуулийн автобус”-ыг явуулж  эхэлснээр түгжрэл буурахгүй эсрэгээрээ нэмэгдэж магадгүй гэх эргэлзээ байна. Учир нь хотын төвийн чиглэлд 24 автобус, захын хорооллын чиглэлд 16 автобус сурагчдад үйлчилж буй.  Мөн сурагчдыг зөвхөн өглөө, өдөр   сургуульд нь хүргэж өгөх эсэх, чиглэлийн хувьд  тодорхойгүй олон асуулт  олон.

АЛСЛАГДСАН БҮСЭД НЭГ СУРГУУЛЬ-НЭГ АВТОБУС ЗАРЧМААР ҮЙЛЧИЛНЭ

 Нийтийн тээврийн газрын Д.Мөнхбаатарын тайлбарласнаар сургуулийн хүүхдүүдийг зөөх 40 автобусыг хоёр ангилж, дөрвөн бүсэд хуваажээ. Тухайлбал, Таван шар-Яармаг-Долоон буудал-Ботаник гэсэн цэгээс хотын төвийн “сургуулийн автобус” хөдлөх юм байна. Үлдсэн 16 автобус нь захын бүсэд алслагдсан дүүргүүдэд чиглэл гаргаж, сурагчдыг хүргэх юм байна. Хотын төвийн чиглэлд  24 автобус хуваарилсан нь түгжрэлийг нэмэхгүй.  Тодорхой судалгаа, тооцоололд үндэслэсэн учраас замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхгүй аж. “Сургуулийн автобус”-нуудын чиглэлийг гаргахдаа хотын төвийн уулзвар, гэрлэн дохионы минут бүрийг тооцож, судалсан гэнэ.

Бага ангийн сурагчдад үйлчлэх “Сургуулийн автобус” нь хоёр ээлжээр хичээллэж буй 2-5 дугаар ангийн хүүхдүүдийг сургууль, гэрт нь хүргэж өгөх, авах байдлаар өдрийн гурван рэстэй, бүтэн тойрог үйлчилгээнд гарах аж. Мөн нэг автобус 1-4 сургуулийн сурагчдад үйлчлэхээр тооцсон ч алслагдсан бүсд амьдарч буй автобус явах боломжгүй хүүхдүүдэд нэг автобус нэг сургууль гэж тооцжээ.

Одоогоор “сургуулийн автобус”-нууд тус бүр хоёр сургууль, зарим тохиолдолд хоёр, шаардлагатай бол нэг сургуульд үйлчилж байгаа аж. Тухайлбал, СХД-ийн Ерөнхий боловсролын 104 дүгээр сургуульд нэг автобус үйлчилж байна. Тус сургуулийн хувьд алслагдсан бүсд харьяалагддаг учраас ийнхүү нэг сургуульд нэг автобус хуваарилжээ. Тус сургуулиас гаргасан  судалгаагаар нэгдүгээр ээлжийн 260, хоёрдугаар ээлжний 89 хүүхэд “сургуулийн автобус”-аар зорчих шаардлагатай гэсэн судалгаа гарчээ. Сургуулийн автобус Зүүн салааны шинэ эцсээс өглөө 07:00 цагт хөдлөх юм байна. Энэ талаар тус сургуулийн захирал Б.Энхжаргал “ Насанд хүрэгчид суухгүй учраас бага насны хүүхдүүд суудалтай зорчдог болж байна. Манай сургуулийн сурагчид өмнө нь автобусны буудлаасаа цааш нэлээн зайтай алхаж автобусны буудалдаа хүрдэг байсан.Ихэвчлэн уулын орой, энгэр талд амьдардаг болохоор буудлаасаа зайтай алхана Бид өглөө 07:00 цагаас хүүхдүүдээ дор хаяж 15 минут хүлээнэ гэж төлөвлөсөн. Мөн нэг буудал дээр 2-3 минут хүүхдээ хүлээнэ. Бидний зүгээс алслагдсан буудалд амьдардаг хүүхдүүддээ илүү үйлчилнэ. Бас эцэг эхийн хариуцлагыг илүү нэмэгдүүлж, даваа гаригаас гурвалсан гэрээ байгуулна Өнгөрсөн баасан гаригт туршиж үзэхэд хүүхдүүд бөөн баяр, суудал дүүрэн байлаа.” гэлээ.

"СУРГУУЛИЙН АВТОБУС"-ЫГ ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРГАХАД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХГҮЙГЭЭР ТООЦООЛСОН

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Орлогч дарга Д.МӨНХБААТАР: 

-Улаанбаатар хотод Ерөнхий боловсролын 130 сургууль байна. Бид эхний ээлжинд нөөц бололцоондоо тулгуурлаж  Нийслэлийн боловсролын газрын судалгаанд үндэслэн 29 сургуулийн 3000 орчим сурагчийн тээвэрлэлтийн асуудлыг шийдэж байна. Олон нийтийн дунд ойлгож байгаачлан туршилт биш, эхний шатны төслийг хэрэгжүүлж байгаа юм. Он гарсны дараа нийслэлээс уг төслийн цар хүрээ тэлж хөгжих байх. Автобус тээвэрлэлтийн компаниудаас автобус гаргахад асуудал байхгүй. Одоогийн байдлаар арав  гаруй аж ахуй нэгжээс дээрх 40 автобусыг гаргаж өгсөн. Эдгээр аж ахуй нэгжүүдэд ямар нэгэн ашиг байхгүй. Эхний ээлжээр бага ангийн сурагчдыг хамруулж байгаа юм. Учир нь ахлах ангийн сурагчид нь нийтийн тээврээр зорчих бүрэн чадамжтай. Бид 2-5 дугаар ангийн сурагчдад  “сургуулийн автобус”-аар үйлчилж байгаа нь насны хувьд балчир гэж ойлгож болно. Ерөнхийдөө хотын төвийн бүсэд  24 автобус хуваарилсан нь судалгаанд үндэслэсэн учраас ямар нэгэн түгжрэл үүсэхгүй. Замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэхгүй. Нэг хүүхдийн ард нэг машин гэж тооцвол “Сургуулийн автобус”-нд 40 хүүхэд тээвэрлэхэд 40 машин замын хөдөлгөөнд оролцохыг нь багасгаж ачааллыг бууруулснаар  хотын төвийн замын хөдөлгөөний түгжрэлийг багасгаж байна гэсэн үг. Цаашид автобусны тоог нэмснээр түгжрэлийг бууруулах боломжтой. Хотын төвийн чиглэлд үйлчилгээнд гарах “сургуулийн автобус”-аар жишээ татахад автобус өглөөний 6:00 цагт хөдөлж 07:00 цагаас Яармагийн цэгээс хөдөлж сургуулиудын хүүхдүүдээ авна.Автобус  тодорхой, заасан автобусны буудалд зогсох ба шугамын автобус шиг автобусны буудал бүрт зогсохгүй. “Сургуулийн автобус” өглөөний ээлжийн хүүхдүүдээ хүргэж  өгсний дараа буцаж өдрийн ээлжийн сурагчдаа авч хүргэж өгнө. Сургуулиасаа өглөөний ээлжийн хүүхдүүдээ өглөө автобус хөдөлсөн цэгт нь хүргэнэ. Буцаж эргэхдээ өдрийн ээлжийн хүүхдүүдээ сургуулиас авч орой нь хүргэж өгнө. Товчхондоо өдрийн гурван рэстэй байх нь. Одоогоор нэг автобус хоёр сургуулийн сурагчдад үйлчилж байгаа. Зарим тохиолдолд нэг автобус дөрвөн сургуулийн сурагчдыг гэр, сургуульд нь хүргэж өгч байна. Ийм тохиолдолд зам дагуу сургуулиудыг хуваарилсан байгаа юм. Мөн нэг сургуульд ч бас нэг автобус ногдсон. Энэ нь захын бүсүүд буюу автобус явдаггүй чиглэлд амьдардаг хүүхдүүдэд үйлчилж байгаа юм.

Хүүхдийн автобусны цагийн хуваарь

Нийт 40 автобусны шатахууны зардал, жолоочийн цалин, нийгмийн даатгалын шимтгэл зэргийг тооцож ажлын 22 хоногт 30 орчим сая төгрөгийн зардал гарна гэж Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас тооцсон байна. Хотын дарга С.Амарсайханы хэлснээр автобус дотор нийгмийн ажилтан явах ба баар кодоор дамжуулан эцэг эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хянах боломж бүрдэж байгаа аж. Хүүхэд нь хаана буусан, хаанаас суусан, автобусанд байна уу үгүй юу гэх мэт бүх мэдээллийг хянах боломжтой гэнэ.

Эцэг эхчүүдийн зүгээс бас энэхүү ажлыг дэмжиж буйгаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлээд байгаа. Учир нь өглөө, оройд хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх, авахад эцэг эхчүүд цаг хугацаа алдах, түгжрэлд бухимдах нь цөөнгүй учраас энэ асуудлыг нь ийнхүү шийдвэрлэж байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж