Оператор компаниудын шунал цахим луйврыг цатгав уу?

Хуучирсан мэдээ: 2019.11.18-нд нийтлэгдсэн

Оператор компаниудын шунал цахим луйврыг цатгав уу?

Оператор компаниудын шунал цахим луйврыг цатгав уу?

Монгол Улсын хэмжээнд  2000 гаруй бүртгэлгүй дугаар зах зээлд ашиглагдаж  байна. Эдгээр бүртгэлгүй дугааруудыг энэ  оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр гэхэд  тэглэнэ гэж албаны хүмүүс хэллээ. Зах зээлд  бүртгэлгүй дугаар  оширсон нь үүрэн холбооны операторууд хэрэглэгчийн тоогоороо өрсөлдөх болсон том амбицаас болсон  гэвэл хилсдэхгүй. Учир нь, оператор компаниуд хэрэглэгчдийн тоогоо өсгөхийн тулд гудамж талбайд ширээ засан сууцгааж дугаар бөөндөж зарах,  эсхүл үнэгүй тараах тохиолдол хаа сайгүй бий.

Ингэхдээ бичиг баримт үзүүлэх шаардлагагүй, хэн дуртай нь хэдэн ч дугаар авч болдог том боломж гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлсээр ирсэн. Үүний тод жишээ бол цахим гэмт хэрэг буюу мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн БНХАУ-ын 800 иргэний асуудал юм.

Тэднийг Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн газраас аравдугаар сарын 29-нд  тусгай ажиллагаа явуулж баривчлахад өндөр хүчин чадалтай 1000 орчим компьютер, 10 мянга орчим сим карт, гар утасыг хураан авсан байдаг. Дээрх асуудлаас үүдэн гадаадын иргэд манай улсын үүрэн холбооны оператор компанийн 10 мянган сим картыг яаж авсан нь ихэд  анхаарал татаж буй.

Нөгөө талдаа хэрэглэгч нарт дугаарын хязгаар тогтоосон ямар ч хууль эрхзүйн акт байхгүй нь мөн л асуудал дагуулж байна. Хэдийгээр Харилцаа холбооны тухай хуульд хэрэглэгчдийн дугаарын хэрэглээг хязгаарласан заалт байхгүй ч оператор компаниуд дотооддоо үйлчилдэг  журмаараа  хязгаарлалт тогтоодог гэх. Тэрхүү дотоод журамд зааснаар  оператор компаниуд нэг иргэнд 5-аас дээш дугаар өгөхгүй хэмээн заажээ. Тэгэхээр нэг хүн дөрвөн оператор компанид 20 дугаар эзэмших бололцоотой гэсэн  үг юм байна.  Энэ мэдээж их тоо.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос /ХХЗХ/  оператор компаниудад 10 мянга, 100 мянга, хамгийн ихдээ нэг сая дугаарын багцыг гэрээ хийж олгодог байна. Харин оператор компаниуд  дугаар олгохдоо хувь хүнтэй гэрээ хийх, байгууллагатай гэрээ хийж бөөнөөр нь дугаар  олгох, гадаадын иргэдэд зориулсан жуулчны түр сим зэргийг  ашиглах гэрээг тус, тус  хийж олгодог аж.  

Үүрэн холбооны дөрвөн оператор компани нийт 4.2 сая хэрэглэгчтэй. Үүнээс мобиком 37.8 хувь, скайтель 16.5 хувь, юнитель 34 хувь, жимобайль 11.6 хувь эзэлж байна.  Эдгээр дөрвөн компани  тус бүрдээ, нэг  сард дунджаар 25-30 мянган шинэ дугаар зардаг бөгөөд  сард дунджаар 100 мянган шинэ дугаар зах зээлд хэрэглээнд ордог гэсэн үг .

ХХЗХ-оос  оператор компаниудад хийсэн судалгааны үр дүнд жуулчны түр сим, байгууллагаар дугаар  хүссэн иргэдийн  тоо 7, 8,9 сард илт өсчээ. Сард  дунджаар дөрвөн оператор компани нийт 10 мянга орчим жуулчны  сим карт гаргасан байна.  Ийнхүү 7,8,9 сард 30.000 мянган жуулчны сим карт, 300  мянган шинэ дугаар хэрэглээнд нэвтэрчээ.

Үүрэн телефоны компани нэг дор олон мянган дугаар худалдаалах боломжтой эсэх  асуудлаар  ХХЗХ-ны дэд дарга Д.Сэрээдоржоос тодрууллаа.

ХЭРЭВ ОПЕРАТОР КОМПАНИУД БҮРТГЭЛГҮЙ ДУГААР  ТАРААСАН ТОХИОЛДОЛД ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ЦУЦАЛНА

-Оператор компаниуд хэрэглэгчдээ нэмэхийн тулд  үнэгүй дугаар тухайн хүний ямар ч бичиг баримтыг  шалгалгүй  тараадаг. Ер нь үнэгүй дугаар тараах нь тухайн байгууллагын эрх мэдлийн асуудал уу эсхүл танай байгууллагад хамаардаг юм уу?

-Өмнө нь дугаар үнэгүй тараах асуудал  байсан. Өнгөрсөн тавдугаар сарын 31-нд “Харилцаа холбооны тухай” хууль, “Радио долгионы тухай” хууль, “Шуудангийн тухай” хуулиудад нэмэлт, өөрчлөлт шинэчлэн батлагдаж долдугаар сарын 9-өөс хэрэгжиж эхэлсэн. Харилцаа холбооны тухай хуульд зааснаар оператор компаниуд  заавал хэрэглэгчдийг  регистрийн дугаараар бүртгэж дугаар олгодог болсон. Тэгэхээр дугаар үнэгүй тараах бололцоогүй гэсэн үг.  Үүнээс гадна хэрэглэгчдийн дугаарын хязгаарлалтыг тогтоох "Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай" хууль боловсрогдож байна. Энэ долоо хоногт УИХ-д өргөн барина.  

-Хууль  өнгөрсөн долдугаар сараас эхлэн үйлчилж эхэлсэн бол БНХАУ-ын 800 иргэд 10 мянган дугаарыг 7-9 саруудад авч ашигласан. Тэгэхээр танай байгууллагын зүгээс  оператор компаниудын олгосон  дугааруудыг хууль зөрчөөгүй гэж үзсэн хэрэг үү?

– ХХЗХ-оос 10 мянган дугаарыг жуулчны түр сим болон байгууллагын нэрээр бөөндөж авсан байх магадлалтай гэж үзэж байгаа. Өнөөдрийн мөрдөж байгаа дүрэм журмын хүрээнд 10 мянган дугаарыг нэг сарын дотор хэрэглэгчдэд бөөнөөр нь олгох ямар ч  боломжгүй. Шалгалтын дараа аль оператор компани,  ямар байгууллагын гэрээгээр гадны хүмүүст дугаар олгосон бэ гэдэг нь ил болно. Одоо шууд хууль  зөрчсөн, зөрчөөгүй гэж хэлэх боломжгүй. Өнөөдөр үйлчилж  байгаа журмын хүрээнд олгогдож уу,  аль эсхүл  бүртгэлгүй дугаарыг аль нэг оператор компани  орлогын хойноос хөөцөлдөж бөөнөөр нь  тараасан уу гэдэг нь шалгагдаж байна. Одоогоор 10 мянган дугаарыг яриа, мессеж, дата алинаар нь ашигласан болох,  дотоод, гадаадаас  хаашаа хандсан болохыг тогтоохоор ажиллаж байна.

Хэрэв буруугаар ашигласан нь тогтоогдох юм бол тухайн оператор компанид ямар хариуцлага тооцох вэ?

-Маш олон төрлийн хариуцлага бий. Хэрэв оператор компаниуд бүртгэлгүй дугаар  тараасан тохиолдолд манайхаас тухайн үйлчилгээ эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээ авна. Хэрэв Эрүүгийн хэрэг үүсэх юм бол Эрүүгийн хуулиар буюу тусдаа хуулиар зохицуулагдана. Ямар үйлдэл тогтоогдох вэ гэдгээс хамаарч, авах арга хэмжээ нь өөр, өөр шүү дээ.

Өнгөрсөн 7,8,9 сард 10 мянган дугаар хэрэглээнд нэвтэрснээр ХХЗХ-нд ямар нэгэн өөрчлөлт мэдрэгдэв үү?

-Нэг байгууллага 10 мянган дугаар авсан бол аль ч операторууд шууд  мэднэ. Нийт зах зээлийнхээ дүнгээр үзэхэд сард 100 мянган дугаар  шинээр үүсдэг учраас 10 мянган дугаарын хэрэглээ мэдэгдэхгүй. Том цохилт болохгүй. Тэр тусмаа  2000-3000-аар нь цуварч  дугаар  авахад  нэг компани дээр ч өөрчлөлт  мэдэгдэхгүй. 

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ГЭХ ЭТГЭЭДҮҮДЭД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭН ШАЛГАЖ БАЙНА

Тагнуулын Ерөнхий газраас  БНХАУ-ын 800 иргэд  наймдугаар сараас Монгол Улсад бага багаар нэвтэрч аравдугаар сарын   29-ний байдлаар 800-д хүрсэн гэж мэдээлсэн. Шалгалтын ажиллагаа үргэжилж байгаа бөгөөд уг ажиллагаанд оролцсон БНХАУ-ын 759 иргэдийг арваннэгдүгээр сарын 2-нд албадан гаргасан бөгөөд харин зохион байгуулагч гэх этгээдүүдэд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас хэрэг ямар шатанд яваа талаар мэдээлэл авах гэсэн болов ч прокурорын байгууллагын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөх боломжгүй гэх хариултыг өглөө. Ямартай ч БНХАУ-ын иргэдийг албадан гаргах үеэр Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга  Б.Баатархүү “Цахим луйврын ажиллагааг удирдан зохион байгуулсан 14 хятад иргэнийг баривчлан саатуулсан. Эдгээр иргэдтэй хоршсон хоёр монгол хүнийг ч шалгаж байгаа” гэсэн тайлбар өгч байв.

Тэдний явуулж байсан үйл ажиллагаа болон хураагдсан эд зүйлээс харахад БНХАУ-ын иргэд Монгол Улсын хилээр их хэмжээний бэлэн ба бэлэн бус валютыг хууль бусаар нэвтрүүлэн, 800 хүний бүрэлдэхүүнтэй цахим бүлэглэлийн үйл ажиллагааг явуулж, тэднийг санхүүжүүлж цалинжуулах, зочид буудал түрээслэх замаар орон байраар хангаж, аль нэг улсын нутаг дэвсгэрт цахим гэмт хэрэг үйлдэх замаар олсон гэмт хэргийн орлогоо Монгол Улсын нутаг дэвсгэрт байршуулж, үйл ажиллагаагаа өргөтгөж мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсан шинж тэмдэг тогтоогдсон юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж