Хэний ч анзаараагүй тэр агшин хоромд амьдралын хамгийн нандин тохиол, учрал байдгийг гэрэл зургаас л та хардаг болов уу. Энгийнээс ер бусын байж мэдэх эгэл агшнуудыг гэрэл зургийн хальснаа буулгадаг залууг А.Баттулга гэдэг. Тэрбээр 2017 онд Улаанбаатар их сургуулийг компьютерын график дизайнер мэргэжлээр төгсчээ. Ингээд түүний нүдээр амьдралын өнгө хэрхэн харагддагийг сонирхоцгооё.
–Гэрэл зурагтай холбогдсон түүхээс тань яриагаа эхлэх үү?
-Юуны түрүүнд News.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Би багаасаа зураг зурах дуртай хүүхэд байсан. Одоогоос зургаан жилийн өмнө анх ахаараа дамжуулж гэрэл зургийн салбартай холбогдож, зураг авах анхны ойлголттой болж байлаа. Эхний гурван жилийг гэрэл зураг авах техникт суралцаж өнгөрөөсөн гэж тооцвол сүүлийн гурван жил яг өөрийнхөө сэтгэлд хүрсэн чанартай зургуудыг авч байна даа. Миний эзэмшсэн мэргэжил гэрэл зурагтай тун ойрхон учраас авах зургийнхаа зохиомж, өнгөний хослол зэрэг дээр илүү анхаардаг.
– Ихэнх хүн өөрийг тань хөрөг зургуудаар тань мэддэг. Гэхдээ баримтат гэрэл зурагт бас их сонирхолтой гэдэг нь сүүлийн жилүүдэд ажиглагдах боллоо?
–Би дахин олдохгүй тэр цаг мөчийг буулгах дуртай. Би зөвхөн загварын болон хөрөг зураг гэсэн чиглэлд баригдаад байлгүй янз бүрийн зураг авахыг хичээдэг, тэр дундаа баримтат гэрэл зурагт илүү сонирхолтой. Янз бүрийн хүмүүстэй уулзаж, тэдэнтэй харилцаж, дүрийг нь гэрэл зурагт буулгана гэдэг сайхан. Цаашид би байгалийн гэрэл зураг авахаас гадна кино урлагийн салбарт ч өөрийгөө хүч сорих бодолтой байна. Өнгөрсөн хавар зохиогдсон “Алтан хальс” кино наадмын тэмцээнд орж "Хүүрнэлт киноны төрөлд" өөрийн найруулж, тоглосон “Хөрөг” нэртэй бүтээлээрээ шагнал авсан. Шагнал аваад их урамшсан шүү /инээв/. Би өөрийгөө олон зүйлд сорьж үзэхээс эмээхгүй байна.
Залуу хүн учраас бүх л зүйлийг эхнээс нь сурахад оройтохгүй.
–Өөрийн тань бүтээлүүдийн онцлого нь хэний ч анзаараагүй тэр агшныг гэрэл зурагт буулгаж чаддагт байдаг юм болов уу. Тэр дундаа автобусны буудлын эргэн тойронд өрнөх агшнаас яг юуг нь камерын хальсанд буулгахаа сонгох нь их нарийн торгон мэдрэмж биз?
–Тийм ээ. Ер нь энгийн гоё агшин автобусны буудал дээр л өрнөдөг. Учир нь дахин давтагдахгүй агшин буулгахын тулд аль болох хүн ихтэй буюу яг л амьдрал харагддаг тийм орчин хэрэгтэй байдаг. Яагаад ч юм надад энэ бүхэн автобусны буудал дээр хамгийн их байдаг юм шиг. Хүмүүсийн аз жаргал, бодол эргэцүүллийг хальсанд буулгахад автобусны буудал дээрх өрнөл яг тохирдог. Би өмнө нь гоё газар л сайхан зураг гарна гэж бодож тиймэрхүү газрыг эрж хайдаг байсан. Харин одоо бол гоё газар хайх зовлонгүй болсон. Учир нь тухайн зурагчин өөрөө л мэдэрч чадвал бүх газар л зураг гоё гарна гэдгийг ойлгосон.
-Хөрөг зураг, уран сайхны зургийг хараад гоо зүйн таашаал аваад ямар сайхан зураг вэ гэж бодоод л өнгөрдөг бол таны авсан гэрэл зургийг харахаар энгийн бүхэнд аз жаргал нуугдаж байдгийг сануулах юм. Нэг зураг мянган үгнээс хүчтэй гэдэг дээ?
–Миний хувьд ч гэсэн анх загвар, хөрөг гээд гоё л харагдах фотод дурладаг байлаа. Харин одоо сонирхол маань өөрчлөгдөөд энгийн зүйлээс гоо сайхныг, амьдралын илэрхийллийг харах гэж их хичээдэг болсон. Гэхдээ хүн шаналж гутарсан үедээ амьдралаасаа гоё сайхан зүйлийг хайдаг юм байна. Хүнийг амьдруулж байгаа гол зүйл бол аз жаргал. Би аз жаргалтай хором бүрийг алдалгүй сайхан зураг дарчих юмсан гэж улам шунадаг болсон. Сайхан хүүхэн, тансаг машин, үнэтэй хувцасны зураг биш эсрэгээрээ амьдралд хандсан зургууд надад аз жаргал бэлэглэдэг. Та бид хоёр яг адилхан. Нийгэмд өрнөж байгаа бүх зүйлийг нүдээрээ харж, чихээрээ сонсдог. Би камертай та камергүй гэдгээрээ л ялгаатай байх л даа.
–Ингэхэд энэ оны автомашингүй өдрөөр таны авсан “Амьдралын дөрвөн үе” нэртэй зураг цахим орчинд их түгсэн шүү дээ. Энэ талаар ярьвал?
-Тэр агшныг авсандаа олзуурхдаг шүү. Тухайн хүнд ямар байсныг мэдэхгүй ч надад хамгийн аз жаргалтай хүн шиг санагдсан. Инээмсэглээд л, хүмүүсийг хараад л. Хүмүүс авто замаар алхаж, хүүхдүүд тоглоод л. Энэ бүх зураглал миний зургийн гол дүр буюу тохижилт үйлчилгээний ажилтан эгчид үнэхээр сайхан санагдсан юм болов уу гэж би боддог юм. Дараа нь тэр эгчийн хүү нь надтай холбогдоод ирж уулз гээд хаягаа өгсөн. Би дотроо битүүхэн айдастай яваад очтол эсэргээрээ намайг магтаж урамшуулж гоёор хүлээж авсан. Тэр эгч их мундаг ажилтнаас гадна алдарт эхийн одонтой юм байна лээ.
–Миний анзаарснаар ихэнх зураг чинь тамгагүй юм байна лээ. Яагаад зургаа тамгалдаггүй юм бэ?
-Зургаа тамгалчихаар зургийн чанар мууддаг. Зураг элдэв бичиггүй байгаагаараа байхад л гоё харагддаг. Гэхдээ яваандаа зургаа тамгалах бодолтой байгаа. Тэгэхгүй бол дарсан зураг маань энд, тэнд өөр хүний нэрээр явж байх тохиолдол гардаг.
–Хийж байгаа ажлынхаа эерэг ба хэцүү бэрхшээлтэй талуудыг дурдвал. Аливаа нэгэн зүйл хоёр талтай байдаг шүү дээ?
–Би гоё харагдаж байаа зүйлийнхээ зургийг дардаг гэж дээр дурдсан даа. Тэр дундаа жаахан хүүхдүүдийн зургийг ч мөн дарах дуртай. Тэд өөрийнхөөрөө аз жаргалтай гэгээлэг харагддаг юм. Нэгэн удаа сурагч хүүхдийн зургийг авч байсан чинь ээж нь холоос хашгираад хүрээд ирсэн. Өнөөдрийн нийгэмд хүүхдийнх нь зургийг танихгүй хүн аваад зогсч байвал ямар ч эцэг эх сайнаас илүү муугаар бодох нь ойлгомжтой. Би тэр үед эвгүй байдалд орсон ч гэсэн тэр эгчийн өөдөөс нь инээгээд үнэн учраа хэлээд тайлбарласан. Ер нь ямар ч байдалд орсон өөрийгөө цэвэрхэн аваад гарах л ёстой юм байна лээ. Бусдаар бол асуудалгүй. Сөрөг талаасаа илүү эерэг тал нь их шүү дээ. Өөрөө дуртай зүйлээ хийгээд явж байгаа болохоор түүнээсээ кайф авах шиг сайхан зүйл байхгүй.
-Нэг үеэ бодоход гэрэл зураг сонирхогчдын тоо олон болж. Гар утсаараа ч гайхалтай зураг авч болдог гэдгийг бид инстаграмаас харж болохоор байна. Тэгвэл мэргэжлийн зурагчид тэр олон хүмүүсээс юугаараа ялгарах вэ?
-Хоёр зүйлээр л ялгарна. Нэг нь мэдээж зохиомж. Нөгөөдөх нь бүтээлч байдал буюу илүү зохиомжилж шинэ санаа гаргана гэсэн үг. Мэдээж аливаа техниктэй харилцаж сурахад онолын мэдлэг хэрэгтэй ч үүнээс илүү чухал зүйл нь тэр зүйлд чин сэтгэлээсээ, өөрийнхөөрөө ухаангүй дурлаж, мэдэрч хийх нь хамгийн чухал юм шиг санагддаг.
–Гэрэл зурагчдын нууцхан хүсэл нь өөрийн авсан зургаараа үзэсгэлэн гаргах байдаг. Өөрт чинь ер нь тийм бодол бий юу?
-Бодож байгаа. Яг боломж нь таарвал Мөнгөн завьяагийн нүхэн гарцад үзэсгэлэнгээ гаргамаар л байна. Миний зураг энгийн болохоор заавал үнэтэй газар түрээслэх шаардлагагүй шүү дээ.
–Ярилцсанд баярлалаа. Авсан зурагчин, авахуулсан хүн үгүй болох цагт харин зураг л үлддэг түүхтэй. Тийм учраас гэрэл зурагчид бол түүхийг үлдээгчид юм. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
-Баярлалаа.
Холбоотой мэдээ