Ээждээ цонхоор шидүүлсэн хүү асрамжинд амьдарч байна

Хуучирсан мэдээ: 2019.11.18-нд нийтлэгдсэн

Ээждээ цонхоор шидүүлсэн хүү асрамжинд амьдарч байна

Ээждээ цонхоор шидүүлсэн хүү асрамжинд амьдарч байна

“Ээж ээ, тандаа би маш их хайртай. Таныгаа үргэлж зүүдэлдэг. Охин нь таныгаа хэзээ ч зовоохгүй. Эрүүл энх байгаарай. Та ээж байх эрхээ сэргээлгэсэн юм уу? Би тандаа очмоор л байна. Маш их санаж байна”…хүүхдийн “Өнөр бүл” төвд амьдарч буй нэгэн охин ээждээ зориулан энэхүү захидлыг бичжээ.

Уншихад, сонсоход өр өвдөж, зүрх эмтэрнэ. Ээж, аавдаа хаягдсан ч гэлээ эргээд ирэхийг нь харуулдан суух амьдын “хагацал”. Хөлийн чимээ чагнаж, хаалга нээгдэх бүр сэрвэлзэн харах нүд. Хэн нэгнийг хүлээж, бодолд автана. Ээжийнхээ энгэрт эрхэлж, духан дээрээ ганцхан үнсүүлчихвэл энэ хорвоогийн хамгийн жаргалтай нэгэн болох мэт. Ийм л зовлонг бяцхан зүрхэндээ тээж, шаналж яваа хүүхэд Монголд хэчнээн байдаг бол. Элэг бүтэн амьдралд төрчихөөд эцэг, эхгүй мэт өсч буйн учир юу вэ. Энэ бүхэнд хэн буруутай юм бэ. Үүнд хариулт авахаар хүүхдийн халамж, асрамжийн үйлчилгээ үзүүлдэг “Өнөр бүл” төвийг зорилоо.

"ЭЦЭГ, ЭХДЭЭ ХАЯГДСАН ХҮҮХДҮҮД"

Улаанхуарангийн эцсийн буудалд байх гурван давхар хуучны барилга. Урд хэсгийг нь шар, ногооноор алаглуулан өнгөлжээ. Дотогш орвол саяхан засвар хийснийг илтгэх мэт будгийн үнэр ханхийнэ. Дотоод засал, чимэглэл, тохижуулах ажил бүрэн дуусаагүй ажээ. Багш, хүүхдүүд хамтран ханын зураг өнгөлж байлаа. “Өнөр бүл” төвийн энэ байр анх 1979 онд ашиглалтад оржээ. Түүнээс хойш анх удаа их засвар хийж буй нь энэ юм.

“Өнөр бүл” төв ихэвчлэн хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдэг. Тодруулбал, аав ээжийнх нь аль нэг нь хөдөлмөрийн чадвараа 70 хувиас дээш алдсан, хориход ял эдэлж буй, аль эсвэл сэтгэцийн өвчтэй гэх мэт зайлшгүй шалтгаанаар харгалзах хүнгүй хүүхдүүдэд урт хугацааны халамж, үйлчилгээ үзүүлдэг байна. Гэтэл сүүлийн үед нийгмийн янз бүрийн шалтгааны улмаас эцэг, эхтэй хүүхдүүд ихээр ирэх болжээ.

Одоо тус төвд 2-18 насны 184 хүүхэд амьдарч байна. Үүний тал хувь нь эцэг, эхтэй хүүхдүүд. Энэ тоо цаашдаа өсөх хандлагатай байгаа аж.

Энэ талаар бид “Өнөр бүл” төвийн захирал М.Өлзийчимэгтэй ярилцлаа.

-Танай асрамжийн төвд аав, ээжтэй хүүхдүүд их ирдэг гэж сонслоо. Ямар шалтгаанаар ирдэг юм бэ?

-Сүүлийн үед манай төвд хөдөлмөрийн чадвартай, бие бялдрын хувьд эрүүл саруул, залуу аав, ээжийн хүүхдүүд их ирэх болсон. Үүний шалтгаан олон хүчин зүйлээс хамааралтай. Ажилгүйдэл, ядуурал, архидалт, хүчирхийлэл гэх мэт. Дээр нь хувь хүний үүрэг, хариуцлагаа ухамсарлах байдал, гэр бүл төлөвлөлт, салалт ихээр нөлөөлж байна. Энэ бол үнэхээр эмзэг, тулгамдсан асуудал. Энэ дунд хүүхдүүд хохирч байна шүү дээ. Хөдөөнөөс шилжиж ирлээ, газар хашаа олдохгүй. Тэгээд орон гэргүй болчихно. Ажил олдохгүй байна гээд архинд орчихно. Архины хамаарлаас болж хамаг амьдралаа үрж байгаа юм. Эцэст нь үр хүүхдээ гудамжинд гаргаад хаячихна. Гэтэл Монгол бол үнэхээр сайхан орон. Хүн сайхан амьдрах бүхий л бололцоо байна. Үгүй ядаж гудманд ширхэгийн кофе, бохио зараад яв л даа. Залхуурахгүй зүтгэвэл амьдрал болж л таараа. Үнэндээ архины хамааралтай гэх хүмүүс маш хариуцлагагүй, залхуу, ухамсаргүй байна. Хүүхдүүдээ манай төвд авч ирээд өгчихнө. Тэжээж чадахгүй, үнэхээр хэцүү байна гээд л төрд даатгаад хаячихна. Тэгээд ус, ундааны сав цуглуулаад архи аваад уучихна. Тэгэхээр тэр улсуудад хөдөлмөрийн чадвар байна. Гэтэл төр тэдний өмнөөс хариуцлага хүлээгээд хүүхдийг нь өсгөөд, улам давраагаад байгаа байхгүй юу. Ерөөсөө л би архи уудаг гэх шалтгаанаар хүүхдүүдээ өгчихөж байна. Яагаад төрүүлсэн үрээ тэжээж, тэтгэхээсээ зайлсхийгээд байгаа юм бэ. Уг нь тэр хүний үндсэн үүрэг нь биз дээ. Гэтэл тэр үүргээ умартаад хувийн жаргаалаа хөөгөөд явж байна. Энэ бол гэмт хэрэг.

"ТӨРСӨН ХҮҮХДЭЭ ЦОНХООР ШИДЧИХСЭН"

-Архины хамааралтай аав ээжтэй хүүхэд мэдээж сэтгэл санааны болон бие махбодийн хүчирхийлэл дунд өснө. Яг ийм хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд танайд хэр ирдэг вэ?

-Архины хамааралтай аав, ээж хүчирхийлэл үйлдэх нь тодорхой. Ийм шалтгаанаар манайд хүүхэд их ирдэг. Ийм тохиолдолд хүлээж авахаас өөр аргагүй л дээ. Ер нь манай нийгэм их зэрлэгшээд байна. Стресс, бухимдлаа хүүхдүүддээ их гаргаж байна. Нэг жишээ дурдья. Манайд хоёр жил хагасын өмнө дөрвөн настай нэг хүү ирсэн юм.

Төрсөн ээж нь хойд аавтай нь маргалдаад уурандаа хүүгээ хоёр давхрын цонхоор аваад шидчихсэн байсан. Мэдээж архи уучихсан байсан. Азаар хүү амьд үлдсэн боловч тархиндаа маш хүнд гэмтэл авсан. Гавлын яс нь цөмрөөд орчихсон. Тэр хэсгийнх нь ясыг авахаас өөр аргагүй болсон. Одоо тэр хэсэгтээ гавлын ясгүй гэсэн үг.

Том болохоор нь нөхөх мэс засал хийлгэнэ. Хүүхдээ үл хайхарч, зодож байна. Хүн тэжээвэр амьтнаа ч тэгж авч шидэхгүй. Тэгээд л үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд оччихлоо, анхааралдаа аваачээ гээд байгаа юм.

-Сонсч байгаа зүйлдээ итгэхэд бэрх юм, ямар харгис юм бэ. Тоглоомоо ч хүн тэгж чулуудахгүй дээ. Одоо хүүгийн бие ямар байгаа вэ?

-Одоо гайгүй. Хоёр жил өнгөрчихлөө. Хичээлд явж байгаа. Анх нүд нь тогтохгүй, байнга доошоо хардаг, орондоо шээдэг их аймхай, уйланхай, эцэнхий бор хүү ирж байсан. Одоо инээгээд л хөдөлгөөн сайтай, бусадтайгаа тоглоод л байж байдаг. Эхэндээ ээж, аавыг нь ярихаар айдаг байсан. Яваандаа тайвшраад ирэхээр ээжийгээ санагалзаж эхэлнэ тэгээд өмөөрч ярина. Маш их хүчирхийлэл дунд байсан мөртлөө хир халдаахгүй. Ер нь ийм хүчирхийлэлд өртдөг хүүхдүүд андахгүй. Битүү сорви болчихсон, түлэгдчихсэн ирнэ. Шөнө унтахгүй орилно, уйлна, чичирнэ. Аргагүй шүү дээ, эхийг нь нүдэн дээр зодсоор байгаад хүртэл сэтгэцийн өөрчлөлттэй болгочихсон байх тохиолдол байна. Тэгэхээр хүүхэд цочролгүй яах вэ.

-Тэр хүүгийн аав, ээжид ямар хариуцлага тооцсон бэ?

-Энэ хэрэг шүүхээр таслагдаад аав, ээж хоёрт нь таван жил ял өгсөн гэж сонссон. Сүүлд яг гардаж унагаагүй гэх үндэслэлээр хойд аавынх нь ялыг хөнгөлчихсөн гэж байсан. Ээж нь бол таван жилийн ялаа эдэлж байгаа.

-Нөхөртөйгээ магадгүй хүүгээс болж маргасан байж болох юм. Гэр бүлийн тогтворгүй байдал, салалтын хамгийн том хохирогч нь хүүхэд. Ер нь хүнтэй суугаад хүүхдээ орхичихдог тохиолдол бий юу?

– Байлгүй яах вэ, одоо сүүлийн үед бүр амар болсон. Ядуу байна гээд хоёр охиноо авч ирж өгчихөөд өөр хүнтэй суучихсан, одоо сайхан амьдарч яваа ээж байна. Дөрвөн хүүхдээ авч ирж өгчихөөд би алдарт эхийнхээ одонгоо авна гээд хөөцөлдөөд яваа хүн ч байна. Төрүүлсэн нь үнэн болохоос өсгөж, тэжээх тал дээр ямар ч хариуцлага хүлээхгүй байна шүү дээ. Тэгчихээд архи уугаад л явж байна. Яг ийм ээж, аав нар дэндүү их болж байна. Одоо хүүхдүүд манайд ирж байгаа шалтгаанууд ерөөсөө энэ болчихоод байна.

-Энэ бүх хариуцлагагүй байдал юунаас бий болоод байна вэ?

-Энэ бол миний бодол шүү. Зах зээлийн нийгэмд шилжсэний дараа бүх аав ээж нар амьдралын төлөө зүтгэсэн. Ерөөсөө л хүүхдээ хаяад амьдрахын тулд мөнгөний араас явсан. Мөнгөтэй л болчихвол амьдрал сайхан болох гээд байна гэж үзсэн. Тэгээд хүүхдүүдээ хаячихсан хүмүүс чинь дутуу орон зайг нь мөнгөөр нөхсөн байна. Гэтэл гэр бүл гэдэг чинь халуун дулаан уур амьсгал дунд хоолгүй ч гэсэн ээж, аавтайгаа байх шиг жаргал байхгүй. Цувдайгаа ч болов чанаад ширээнийхээ ард тойрч суугаад инээж идэх чинь жаргал. Гэтэл ийм эцэг, эхийн хайр дутсанаас болооод хүүхдүүд үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэлд өртдөг юм байна. Эдгээр хүүхдүүд одоо аав, ээж болчихсон байна. Тэд эцэг эхийн хайр гэдгийг мэдэрч өсөөгүй учраас гэр бүлийн хүмүүжилгүй, хүүхдээ яаж хайрлахаа мэдэхгүй байна шүү дээ. Үүнийг бид таслан зогсоох ёстой.

"ХҮҮХДЭЭ ХАЯХ БОЛ ГЭМТ ХЭРЭГ"

-Яаж тэр вэ, эцэг эхийн хариуцлагыг яаж дээшлүүлэх вэ, ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгэх шийдэл бий юу?

-Үүнийг таслан зогсоохын тулд бид нэгдүгээрт эрсдэлт бүлэгт байгаа хүүхдүүдээ зөв тогтоох ёстой. Багийн засаг дарга, нийгмийн ажилтнууд үүнийг хийнэ. Дараа нь тухайн хүүхдийн ээж, аавтай бид яаж ажиллах вэ, энэ айлыг яаж элэг бүтэн зөв амьдралд нь оруулах вэ гэдэг тал дээр шат дараалалтай арга хэмжээ авах ёстой. Ажлын байртай болгох, шахаж шаардах, нийгэмшүүлэх, сургалт зохион байгууулах гэх мэт. Хэрэв эцэг эхтэй нь ажиллаад үнэхээр дийлэхгүй байгаа бол шийдвэр гаргана. Энэ нь тухайн аав, ээжийг албадан хөдөлмөр эрхлүүлж, засан хүмүүжүүлнэ гэсэн үг. Харин хүүхдийг нь тэжээж, тэтгэж байгаа зардлыг эцэг, эхээр нь нөхөн төлүүлдэг байх ёстой. Аав ээжийг нь албадан хөдөлмөр эрхлүүлж байх үед хүүхдийг нь байнга уулзуулдаг, эцэг эхийн хуралд суулгадаг, хүүхэдтэй нь ажиллуулдаг, хонуулдаг, цуг хоол унд хийлгэх гэх мэт ажил хийлгэмээр байна. Одоо гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулга батлагдах гээд явж байна. Үүнийг батлахаас нь өмнө бид яаралтай санал оруулах ёстой байгаа юм. Тэгэхгүй бол төрөөр тэжээлгэсэн бүхэл бүтэн архины хамааралтай арми бий болчихоод байна. Энэ дунд хүүхдүүд хохирч байна шүү дээ.

Манай улсад эцэг, эх нь хүүхдээ санаатайгаар хаяж, төөрүүлбэл эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог. Гэвч ихэнхдээ торгуулийн арга хэмжээ аваад өнгөрдөг байна. Манай улсад төрүүлсэн үрээ эмнэлэгт захиа бичээд үлдээх, орцны үүдэнд хаях, архины хамаарлаас үүдээд асран хамгаалахгүй орхих зэрэг тохиолдлууд бүртгэгддэг. Үүнийг гэр бүл, залуучуудын газар хариуцана. Хэрэв гэр бүл, асран хамгаалагч нь олдохгүй бол тухайн дүүргийн Засаг даргын захирамжаар хүүхдийн асрамжийн газарт хүлээлгэж өгдөг байна.  Одоогийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 21 асрамжийн газарт 700 гаруй хүүхэд амьдарч байна. Үүнээс 20 гаруй хүүхдийн эцэг эх олдохгүй, эрэн сурвалжилж байгаа аж.

“Өнөр бүл” төвийн хүүхдүүд оройн хоолоо хийж байгаа бололтой. Өрөөнөөс тааламжтай үнэр гарч байв. Хамгийн наад захын өрөөнд орлоо. Дотроо айл шиг хоёр өрөө байв. Үүдний өрөөний буйдан дээр хэдэн хүүхэд суужээ. Энэ өрөөнд хөргөгч, ширээ, хоолны хэрэгсэл байна. Хоёр хүү хоол хийж, харин багш нь ерөнхийд нь удирдана. Засвар хийгээгүй байхад хүүхдүүд нэг жижиг өрөөнд дөрвүүлээ амьдардаг байжээ. Харин одоо хоёр өрөөг нийлүүлээд нэг айл болгочихож. Энд таван хүүхэд амьдарна. Өрөөг ингэж том болгосны учир нь хүүхдүүдийг амьдрах ухаанд сургах гэсэн зорилготой. Энэ талаар тус төвийн захирал М. Өлзийчимэг ярихдаа

“Хүүхдүүд өмнө нь яг л зоопаркийн амьтад шиг байсан. Жижиг өрөөнд хашчихсан, ямар ч хөдөлгөөн байхгүй, өөрсдөө хоол ундаа ч хийдэггүй байв.

Мэдээж өмнөх захирлууд зөндөө ажил хийсэн. Би үгүйсгэхгүй. Гэхдээ энэ хүүхдүүд гэртээ байгаа юм шиг орчинд амьдрах ёстой. Яагаад хоёр настайгаасаа ирчихээд дотуур байр шиг байранд амьдрах гэж. Тэгвэл яаж зөв хүн болж өсч, хүмүүжих юм бэ”. Тиймээс айл шиг тохижуулж, гэр бүлтэй дүүцэхүйц орчин бий болгохыг зорьсон” гэсэн юм.

Хүүхдүүд өрөөндөө багштайгаа нийлж хоол хийж байгаа учир одоо нийтийн гал тогоо хэрэггүй болжээ. Тиймээс нийтийн гал тогооны нэг өрөөг охидын уулзалтын өрөө, нөгөөг нь шүдний кабинет болгосон байна.  Тогооч нараа ч цомхотгожээ. Үүний ачаар хүүхдүүд хоолны махаа жижиглээд уутанд хийж хөлдөөхөөс эхлээд гурил зуурч, элдэж өөрсдөө хоолоо хийдэг болжээ. Ах нар хоол хийж, дүү нар тоглоно. Толгойдоо сорвитой тэр нэгэн хүү бусдаас содон харагдана. Инээж байгаа ч цаанаа л гунигтай. Хүүгээс тэр муухай дурсамжийг асууж тэвдсэнгүй. Угаас түүнийг дурсаж, сэтгэлийнх нь шархыг сэдрээгээд яах вэ. Том болоод мартвал бүр сайн. Хүүгээс ээжийгээ санаж байна уу? гэж асуувал толгой дохино. Ээжийнхээ юуг хамгийн их санаж байна вэ гэвэл бүх юмыг гэв. Том болоод юу болох вэ гэтэл захирал болно гэчихээд инээж байна.

Цаад өрөө рүү ороход хэн ч байсангүй, хоосон бас тавилгагүй. Өрөөнүүдийг тохижуулж амжаагүй аж. Ингэж айл болгоход авах зүйл бишгүй их. Аяга сав, гамбинз, хутга, түмпэн сав, хогийн шүүрээс эхлээд шүүгээ, ор, ширээ сандал, буйдан, хөнжил дэвсгэр гээд ахуйн хэрэглэл зөндөө. Энэ бүхнийг авч чадаагүй гэв. Гэхдээ хүүхдүүдээ суулгах гэж буйдан авчээ. Эхний ээлжинд хүүхдүүд унтах ор, хичээл хийх сандал ширээ авахаар зорьж байгаа. Эдгээрийг авахад багадаа 80 сая төгрөгийн тооцоо гаргажээ. “Өнөр бүл” төвийн нэг хүүхдэд жилдээ дөрвөн сая төгрөг улсаас төсөвлөдөг. Гэтэл энэ мөнгө хаанаа ч хүрдэггүй аж. Хичээлийн хэрэгсэл, хувцас хунар, тэмдэглэлт баяр, ангийн хураамж гээд татаас их. Саяхан Алтан намар болоход нэг хүүхдээс 25 мянган төгрөг хураажээ. Тус төвийн 100 гаруй хүүхэд гээд бодохоор багагүй мөнгө болчихно.

“Өнөр бүл” төвийн өрөө, коридор дулаахан, гэрэлтэй, өнгөлөг харагдана. Яг л хүүхдийн орчин. Тэдний  хүнд, хэцүү амьдралын шархыг энэ өнгө, гэрэл гэгээ эдгээх биз ээ. Охидын шивнээ буюу уулзалтын өрөө. Яг л үлгэрийн гүнжийн өрөө мэт. Охид гэдэг эмзэг хүмүүс. Сэтгэлээр унасан үедээ хэн нэгэнтэй ярилцмаар санагдана. Үүнийг бодолцож, тэдэнд зориулан охидын шивнээ өрөөг тохижуулсан байна. Энд тэд ярилцаж, сэтгэлээ уудалж, нэгэндээ зөвлөгөө өгч, муудвал сайндаж бас тайвширч болох ажээ. Үүнээс гадна бага, өсвөр насны хүүхдүүддээ тоглоомын өрөө мөн тохижуулжээ. Өнгөрсөн жил “Өнөр бүл” төвд гал гарчээ. Хүүхдүүдийн зөөлөн тоглоом бүгд өртөж. Тиймээс тоглоом бага багаар цуглуулж байгаад удахгүй гоё тохижуулах гэнэ.

"ААВ, ЭЭЖИЙНХЭЭ АЛДААГ ДАВТАЖ БОЛОХГҮЙ"

Энэ төвийг зорьж, сайхан сэтгэлтэй хүмүүс их ирдэг. Хүүхдүүд баярлуулах гээд чихэр, печень бариад гүйчихнэ. Гэхдээ хүүхдүүдэд амттан өгөх тийм сайн зүйл биш. Сүүлдээ тэд хүнээс авах л сонирхолтой болно. Тиймээс тус төвийн багш, удирдлагууд нэгэн санаа олжээ. Хүмүүсийн өгсөн амттаныг хурааж аваад мини дэлгүүр нээчихэж. Тэгээд цаасан мөнгө хэвлэжээ. Нэг хүүхэд сард 20 мянган төгрөгт таарсан амттан авах хязгаартай. Өдөрт 1500 төгрөгөөр л юм авна. Ингэхээр хүүхдүүд тооцоо хийж, худалдаа хийж, идэх уухаа хэмнэж сурах аж.

Үүнээс гадна “Өнөр бүл” төв хүүхдүүдээ сургах үүднээс компьютерийн өрөөг тохижуулсан байна. Энд 21 ширхэг notebook байгаа юм. Бас л сайхан сэтгэлтэй хүмүүс хандивлажээ. Энд хүүхдүүд чөлөөт цагаараа сууж, хэрэглээний программ сурахаас гадна интернэт орчинд ажиллана. Мөн уг төвийн багш нар орой бүр чанга яригчаар хүүхдүүдэд ном, зохиол уншиж өгнө. Зохиолчид, лам нар ирж “Хүн байхын утга учир”-ын талаар лекц уншина. Ингээд л бичээд байвал дуусахгүй. Үнэхээр хүүхдийн төлөө энэ хамт олон цаг, наргүй ажиллаж байна. Олон ч ажлыг зохион байгуулжээ.

Энэ бүхний эцсийн зорилго бол зөв монгол иргэнийг төлөвшүүлэх ажээ. Энэ хүүхдүүд ирээдүйд Монгол улсын 184 өрхийн тэргүүн, эзэгтэй болно.

Тэд хэцүү орчноос ирсэн. Гэхдээ азтай. Төр тэднийг ивээлдээ авчээ. Тиймээс сайн хүн болох ёстой. Хэцүү байсан амьдралаа, аав ээжийнхээ алдааг давтаж хэрхэвч болохгүй. Төрөөр “овоглосон” болохоор тэд сайн хүн болох учиртай. Харин тэдний ээж, аавыг яаж “хүмүүжүүлэх” вэ?…

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ХөөрхөнХөөрхөн
14
ХарамсалтайХарамсалтай
8
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж