ХАЛТИРГАА: Явганаас унаж үхдэг!

Хуучирсан мэдээ: 2019.11.18-нд нийтлэгдсэн

ХАЛТИРГАА: Явганаас унаж үхдэг!

ХАЛТИРГАА: Явганаас унаж үхдэг!

Зундаа хамгийн том жорлон болчихдог Улаанбаатар өвөлдөө хамгийн том каток болж олон хүний амь нас эрүүл мэндэд заналхийлсээр удаж байна. Нийслэлд тулгамддаг олон асуудлын нэг нь энэ. Асуудал нь, явган алхаж “үзээгүй” дарга, хурган бизнесменүүдийн гоёх дуртай гантиг чулуун замаас үүдэлтэй.

Гялгар толигор замаас нь болж өдөртөө 100 орчим хүн их бага хэмжээгээр гэмтэн ГССҮТ-д хандах болсон байна.

Өнгөрсөн өвөл гэхэд, 2142 хүн халтирч унасны улмаас гэмтжээ. Эмч нарын хэлснээр гэмтсэн хүмүүсийн дийлэнх нь  албан байгууллагын үүд, явган хүний зам дээр унаж, бэртсэн байдаг аж. Гэхдээ тухайн жилийн өвөл хур тунадас их, бага орсноос шалтгаалан халтиргаа гулгаанаас болж бэртэж, гэмтсэн хүмүүсийн тоо харилцан адилгүй.

Халтиргаа, гулгааны улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд хандсан иргэдийн тоон үзүүлэлтийг сүүлийн таван жилийн байдлаар авч үзье.

Дээрх тоон үзүүлэлтээс харахад 2016, 2017 оны өвөл хамгийн их хур тунадастай байж, олон хүн бэртсэнийг харуулж байна. Монголчуудын хэлдгээр явганаас унаж үхдэггүй гэдэг худлаа үг болоод удаж байгаагийн нэгэн тод жишээ нь ч энэ.

Энэ жилийн хувьд урт намар буцаж, арваннэгдүгээр сараас эхлэн хүйтний эрч чангарсан. Анхны цас энэ сарын 14-нд орж эхэлснээр нийслэлчүүдийг багагүй сандаргаж амжсан. Тухайлбал, ТЦА-ны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст ирсэн  дуудлага ч эрс нэмэгджээ. Энэ сарын 14-16-ны хооронд нийт 533 дуудлага ирсний 432 нь зам, тээврийн ослын шинжтэй дуудлага авсан байна. нийт 533 дуудлага ирсний 432 нь зам, тээврийн ослын шинжтэй дуудлага байгаа юм. Мөн энэ сарын 11-14-ны хооронд  халтиргаа гулгааны улмаас хүнд хөнгөн бэртэл авсан 140 гаруй иргэн ГССҮТ-д ханджээ.

ХАЛТИРЧ УНАСНААС АХМАД НАСТНУУД ХҮНД БЭРТЭЛ АВЧ БАЙНА

ГССҮТ-ийн Хүлээн авахын яаралтай түргэн тусламжийн тасгийн эмч Ч.ТҮМЭНБАЯР:

-Цас орсоны улмаас  сүүлийн үед халтиргаа гулгаа нэмэгдэж, явганаас халтирч унаж бэртсэн хүмүүс их ирж байна. Ялангуяа цас орсон үед, дараагийн өдрүүдэд эмнэлгийн ачаалал ихэсдэг. Хүмүүс халтирч унахдаа хөлөөрөө хазгай гишгэж гараараа тулж унасан байдаг учраас дийлэнхдээ хөл гарны бэртэл, цаашлаад унах үедээ толгойгоороо юм мөргөх, дагзаараа савж унаснаас болж тархины битүү гэмтэл авч байна.

Эмнэлгийн тусламж авч буй хүмүүс ихэвчлэн гудамж, зам талбай, аж ахуй нэгж байгууллагын орчим явж байхдаа унаж бэртдэг. Ахмад настнуудын хувьд  унахдаа хүнд бэртэл авч байна. Тиймээс аж ахуй нэгж байгууллагууд цас орсон үед болон дараа нь ойр орчмынхоо 50-100 метр газрын цасаа цэвэрлэвэл иргэд халтирч унах эрсдэл багасна. Иргэд ч бас хальтардаггүй зөөлөн ултай гутал өмсч анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.

ХАЛТИРЧ УНАСНЫ ХОХИРОЛОО БАРАГДУУЛАХААР ЖИЛД 2-3 ХҮН Л ШҮҮХЭД ХАНДДАГ

Аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг байрныхаа 50 метр доторх цасаа цэвэрлэж,  иргэдийг халтирч бэртэхээс сэргийлсэн наалт наах зэргээр арга хэмжээ авах зохицуулалттай. Тэгвэл албан байгууллагын ойролцоох гялгар зам дээр унаж бэртсэн тохиолдолд иргэд гомдлоо харьяа дүүргийнхээ иргэний хэргийн анхан шатны шүүхэд мэдүүлж, хохирлоо барагдуулах эрхтэй. Тухайлбал, иргэн А нь /нэрээ нууцлахыг хүссэн/ хүүтэйгээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Кайсер зочид буудлын ойролцоо явж байхдаа  халтирч унасан байна. Тэрбээр тархиндаа битүү гэмтэл авсан байж болзошгүй хэмээн үзэж Сонгдо эмнэлэгт 280 мянган төгрөгөөр тархины зураг авахуулжээ. Тиймээс хохирлоо барагдуулахаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргуулжээ. Шүүхээс Кайсер зочид буудлыг тухайн иргэний хохирлыг барагдуулах 180 мянган төгрөг нөхөн олговорт өгөхийг шийдвэрлэжээ.

Энэ мэтчилэн Гэм хорын хохирлын гомдол мэдээлэл  Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд жилд 1-3 удаа бүртгэгддэг байна.

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Л.МӨНХТУЯА:

-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2012 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор иргэн аж ахуй нэгжийн эзэмшил ашиглалтад байгаа газар болон ойр орчмын 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн ногоон байгууламжийн арчилгаа цэвэрлэгээг хариуцах өвлийн улиралд байнгын хүн томилж, цас мөсөө арилгаж халтиргаа гулгаа үүсгэхгүйгээр иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлж ажиллана гэсэн заалт байдаг. Энэ тогтоолын дагуу тухайн аж ахуй нэгж байгууллага нь ойр орчмынхоо 50 метр хүртэлх зам талбайн цасыг цэвэрлэж, үүргээ биелүүлээгүйгээс болж иргэд халтирч унахдаа бие махбодийн гэмтэл авах эрсдэлтэй. Ийм тохиолдолд Иргэний хуулийн 497.1, 505.1-д зааснаас бусдын эрүүл мэндэд санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг арилгах, хүлээх үүрэгтэй гэсэн хуулийн зүйл заалт бий. Үүний дагуу халтирч унаснаас болж бэртсэн иргэд Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргуулах эрхтэй. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тухайн жилийн өвөл халтирч унаснаас болж хохирлоо барагдуулахаар нэхэмжлэл гаргуулах хүсэлтэй 2-3 иргэн хандаж, шийдвэрлүүлсэн байдаг. Сүүлийн таван жилийн хугацаанд энэ тоон үзүүлэлт өсөөгүй, тогтмол хэвээр байгаа гэлээ.

Арваннэгдүгээр сар гарснаас хойш  их бага хэмжээгээр цас орсноос нийслэлийн гудамж талбай тэр чигтэй уран гулгадаг талбай болж хувирлаа. Авто машины замууд нь ч, явган хүний зам, талбай нь  ялгаагүй шил толь. Тэр тусмаа Сүхбаатарын талбайгаар алхах нь амиа хорлосноос өөрцгүй. Одоогоос 12 жилийн өмнө буюу 2007 онд Сүхбаатарын талбайг гантиг чулуугаар хучихад нийтдээ 418 мянган ам.долларыг зарцуулсан байдаг. Даанч, Улаанбаатарын хамгийн том үнэгүй мөсөн каток болсон. Ганц Сүхбаатарын талбай ч биш МУБИС-ийн нүхэн гарц, арслантай гүүрний орчмын явган хүний зам талбай, МУИС-ийн I байрнаас Тэнгис кинотеатр хүртэлх автобусны буудал орчим гээд тоочиж баршгүй олон  гантиг чулуун  гангамсаг зам талбайтай. Угтаа бол урд хөршөөс оруулж ирдэг  гантиг чулуун хавтан нь дулаан орны нөхцөлд тохирохоос бус өвөлдөө -40 хэм хүртэл  хүйтэрдэг Улаанбаатарт зохихгүй нь ойлгомжтой.

Энэ мэтчилэн гантиг хавтангаар “гоёсон” зам талбай нь нэг стандартых байдаг эсэхийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тодруулахад “Гантиг хавтангаар нийслэлийн зам талбайг тохижуулахыг бид эсэргүүцэж, тухай бүрт нь шаардлага тавьж, мэдэгдэл хүргүүлж байсан ч хүчрээгүй. Урд хөршөөс тусгайлан захиалж ийм гантиг чулуун хавтангууд оруулж ирдэг. Нэгэнт явган хүний зам талбайг тохижуулсан нөхцөлд бидний зүгээс ямар ч арга хэмжээ авах боломжгүй. Зам талбайн хавтанд нэг стандарт гэж байхгүй учраас өнөөдөр олон улсын стандарт гэж маш олон янзын, стандарттай хавтангуудаар явган хүний зам талбайг тохижуулж байна. Удахгүй нэг стандарттай болох талаар зөвлөлдөж эхэлсэн” гэх тайлбарыг өглөө.

Тус газраас жил бүрийн өвөл Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй 3000 орчим аж ахуй нэгж байгууллагуудад 50 метр хүртэлх зам талбайн цасаа цэвэрлэх мэдэгдэл хүргүүлдэг байна. Ямартай ч цаашид шил толь гангамсаг хавтангаа анхаарч, солихгүй бол цаашид явганаас унаж бэртсэн, хөгжлийн бэрхшээлтэй болох иргэдийн тоо өсөхгүй гэх баталгаа алга.

Гэрэл зургийг Д.БҮЖИН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж