ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн чуулганыг өндөрлүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.09.17-нд нийтлэгдсэн

ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн чуулганыг өндөрлүүллээ

18.30 цаг:

Эгнээндээ 57 орныг нэгтгэсэн Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага/ЕАБХАБ/-ын Парламентын ассамблейн 2015 оны намрын чуулган Улаанбаатар хотноо өчигдөр эхэлж, өнөөдөр хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж өндөрлүүлээд байна.

Энэ удаагийн намрын чуулганаар талууд хүний эрх, уур амьсгалын өөрчлөлт, Украйны хямрал, мөн дайн байлдааны хөл, эдийн засгийн хямралаас дайжиж бусад улс орнууд руу дайжиж байгаа дүрвэгчдийг хамгаалахад улс орнууд хэрхэн үйл ажиллагаагаа нэгтгэж хамтарч ажиллах. ЕАБХАБ ямар бодлого боловсруулж гишүүн орнуудынхаа Засгийн газарт хүргэх вэ гээд олон асуудлыг хөндөж ярилцлаа.

Мөн чуулганд  47 улсаас 300 гаруй төлөөлөгч, олон улсын 13 байгууллагаас 19 төлөөлөгч оролцлоо.

Монгол Улсын Их хурлыг төлөөлж УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн М.Батчимэг, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Г.Батхүү, УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн С.Оюун, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар оролцлоо.

ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн зүгээс Монгол Улсыг өөрийн орондоо 2015 оны намрын чуулганыг өндөр дээд хэмжээнд амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийллээ. Харин Монгол Улсын Их хурлын дарга чуулганы ач холбогдлыг дүгнэж сэтгүүлчдэд хийсэн мэдээллийнхээ үеэр “Энэ удаагийн чуулган нь ирэх жил болох АСЕАМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын нэг болсныг онцолсон юм.


18.00 цаг:

Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага/ЕАБХАБ/-ын Парламентын 2015 оны намрын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар дүрвэгсдийг хамгаалах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Оролцогчдын зүгээс дүрвэгсдийг хамгаалах асуудалд улс орон бүр эв санаагаа нэгтгэж, хүчээ нэгтгэн ажиллах шаардлага байгааг онцоллоо.

Дүрвэгсдийг дотор нь хоёр ангилах боломжтой аж. Эхнийх нь дайн байлдааны хөлөөс дайжиж дүрвэж байгаа бол хоёр дахь нь эдийн засгийн хямралын уршгаар бусад улс оронд очиж, ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор мөн дүрвэх болсон. Мөн дүрвэгсдээр дамжиж хүний наймаа, террорист үйл ажиллагаа идэвхижих зэрэг сөрөг үр дагавар олонтаа дагуулж байгаа учраас улс орнууд бүртгэлийн системээ сайжруулах шаардлагатайг онцолж байна. Мөн Шенгений орнууд дүрвэгчдэд саад тотгор учруулахгүйгээр нэвтрүүлэх. Дүрвэгсдийг хүлээн авч байгаа орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, улс орон бүр тодорхой үүрэг хүлээж ажиллах шаардлагатайг энэ үеэр оролцогчид санал нэгдлээ.

Одоо намрын чуулганыг хааж байна.


17.20 цаг.

Евроын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага/ЕАБХАБ/-ын Парламентын ассамблейн 2015 оны намрын чуулган “Шангрила” зочид буудалд үргэлжилж байна.

Энэхүү хуралдаанд УИХ-ын гишүүн Л.Болд “Парламент хүний эрхийн манаач мөн” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрээр “Монголын ардчилал бүх ардчилсан орны иргэдэд хүртээмжтэй байдаг хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, чөлөөтэй зорчих эрхийг өөрийн иргэддээ олгожээ. Мөн үндэсний зан заншил, уламжлалт мэдлэг, өв соёлыг маань сэргээн мандуулсан юм. Иймээс ч өдгөө монгол хүн хөгжингүй ардчилалтай улс орны иргэдийн адил эрх чөлөө, боломжийг эдэлж, үндэснийхээ онцлог дүр төрхөөр ялгарах бүхий л нөхцөл бүрджээ.

Энэ мэт үндэсний болон олон улсын хэмжээнд бахдагдах сайн зүйлс цөөнгүй бий болсон ч эдийн засгийн шинэчлэл, улстөрийн институциудын төлөвшил, хууль эрхзүйн тогтолцооны зарим нэг согогтой байдал, таагүй төрхөөс үүдэн ардчилалд хор хохиролтой үр дагаврууд гарсаар байна. Хувь хүний эрх чөлөө хумигдаж, хүний эрх зөрчигдөх байдал ч гарсаар байна. Энэ бүхэн парламентын  зүгээс онцгой анхаарах асуудлын нэг болсныг бид хүлээн зөвшөөрч байна. Хамгийн гол сөрөг хүчин зүйл нь ардчилсан засаглалын хөгжил, төлөвшлийн удаашрал болсныг бид тэмдэглэж байна.

Хэдийгээр ардчиллын ерөнхий үзэл санаа, хууль эрхзүйн орчин хангалттай бүрдсэн ч энэ бүхнийг тээгч, хэрэгжүүлэгч нь хувь хүн, тухайн салбарын тогтолцоо байдаг. Хууль хүчний байгууллага эрх мэдэлтний, эсвэл улстөрийн аль нэг бүлэглэлийн хүсэл зоргын хэрэгсэл болж хувирсаар байгаа нь өнөөдрийн Монголын эмгэнэл юм. Үүнийг хилс шийтгүүлж, хүчээр гүжирдүүлэн хоригдож, хууль бусаар байцаагдаж, гэмт хэрэгт холбогдсон дуулиан тарьж удаан хугацаанд гүтгэн чичлүүлж байгаа олон жишээгээр нотолж болно. Энэ бүхнийг өөгшүүлдэг эдийн засгийн ашиг сонирхол нэгдмэл, улстөрийн нам дамжсан бүлэглэл, зохион байгуулалт байсаар байгаагийн дам нотолгоо нь ч юм. Ийм хүчирхэг сүлжээ, аймшгийн лантууг улстөрчдийн идэвхитэй байр суурь, парламентын иргэнээ өмгөөлөх сэтгэхүй л нам дарж таслан зогсоож чадах билээ. Ийнхүү хүний эрх, хувь хүний эрх чөлөөг хангахад хууль хүчний байгууллагын шинэчлэл, өөрчлөлт туйлаас чухал байна.

Монголын улстөр, засаглалын түүхийн уламжлалыг үзэхэд хэлмэгдүүлэлт хүний эрхийг ноцтой зөрчдөг хүчин зүйл байсаар ирсэн. Ардын хувьсгалын эхэнд хувьсгалын эсэргүү, баруунтан, социалист системийн үед үндэсний үзэлтэн гэх мэтээр хэлмэгдлийн гол байгаар тухайн цагийн шилдэг хүмүүс, энгийн иргэд тодорч байв.  Ардчилсан засаглалын үед ч авилгатай тэмцэх нэрийн дор хэлмэгдүүлэлт болохгүй гэх баталгаа алга. Хэлмэгдүүлэлт нь үргэлж сайхан  зорилго, нэрийн дор хийгддэг.  Хүний эрхийг хамгийн ихээр зөрчдөг. Арга зам нь туйлын бүдүүлэг байдаг.  Авилга нэрээр түрий барин хэлмэгдүүлэлтийн бас нэг үндэс суурийг бий болгохгүй байх механизмыг бүрдүүлэх нь Монголын парламентын  өнөө цагийн бас нэг чухал зорилт, анхаарах асуудал юм. Харамсалтай нь авилгалын эсрэг тэмцэл нь “ад зэтгэр”-ийг дарах, хүний эрх чөлөөнд халдах өргөн хүрээтэй кампанит ажил болж, хүний эрхийн асуудлаарх манай Үндсэн хуулийн баталгаа, бидний ололт амжилтыг үгүйсгэж байна.

Эдийн засгийн салбаруудын солонгорол, гэнэтийн их ашгийг шингээх чадвар ардчилсан тогтолцооны тогтвортой байдлын чухал үзүүлэлт болж байна. Хятадын эдийн засгийн өсөлтийг дагасан нүүрс, зэсийн өндөр эрэлтээс үүссэн гэнэтийн орлого Монголын ардчиллын чухал зарчмуудыг доргиосон бөгөөд Монголыг өнөөдрийн царцанги, эмзэг төлөвт хүргэснийг хойшид санаж явах сургамжийг үлдээлээ. Эдийн засгийн урт хугацааны төлөвлөлт, хуримтлал үүсгэх, хадгалах чадвар ардчилсан институциудын төлөвшил, хөгжлийн чухал тулгуур болохыг монголын улстөрчдөд энэ бүхэн мэдрүүлж дахин ийм алдааг давтахгүй байх туршлага, ухаан болон үлдэж байна. Улстөрчдийн тогтвортой, ой санамжтай байх чадвар, хариуцлагатай байх хүмүүжил институцийн хэмжээнд төлөвшөөгүйг нотолсон бөгөөд улстөрийн намуудын төлөвшил  ардчиллыг хамгаалах бодлогын цөм гэдгийг олон талаасаа зөвшөөрч байна.

Ядуурал, ажилгүйдэл нь хүний эрхийн хангалтыг бууруулдаг илэрхий сөрөг хүчин зүйл учраас эдийн засгийн шинэчлэлийг хүний эрх, хувь хүний эрх чөлөөтэй уялдуулж хийх шаардлагатай байна. Жирийн иргэд, айл өрхийн амьжиргааны нөхцлийг сайжруулах нь хүний эрхийн асуудлыг оновчтой шийдэх зайлшгүй, тойрч гарах аргагүй арга хэмжээ мөн. Парламентын гишүүний хувьд иргэдийн амьдрах орчныг сайжруулах төрийн бодлогыг оновчтой болгохыг чармайхын зэрэгцээ хуулийн төсөл санаачлан иргэн өмч хөрөнгөтэй болох, бий болгосон хөрөнгийг хамгаалах, түүний амьдрах нөхцөл байдлыг хангалуун байхыг дээдэлсэн үзэл санааг хөгжүүлэхээр ажиллаж байна…” гэлээ.


15.30 цаг.

“Бүс нутагт анхаарлаа хандуулна”

Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж буй Европын Аюулгүй Байдал Хамтын ажиллагааны Байгууллага/ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлын үйл явцын талаар тус ассамблейн ерөнхийлөгч Илкка Канерва өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Монгол Улс нь гурван жилийн өмнө буюу 2012 онд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 57 дахь гишүүн орон болсон бөгөөд хамгийн отгон нь юм. Тус байгууллага нь аюулгүй байдлыг хангах чиглэлээр бусдаасаа хамгийн том идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ онцлогтой.

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн ерөнхийлөгч Илкка Канерва “Монгол Улс энэхүү хурлыг зохион байгуулж байгаа нь ЕАБХАБ-ын үндсэн зарчмуудыг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэх чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаагийн илрэл юм. Би энэхүү хурлын үер Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын даргатай тусгайлан уулзсан. Энэхүү уулзалтаас Монгол Улс ардчиллын замналд бат зогссон бөгөөд бусад орны туршлагаас судлахад бэлэн байгаа нь харагдлаа. Монгол Улс энэхүү хурлыг анх удаа зохион байгуулж байна. Тус улс манай байгууллагад нэгдээд 3 жил болж байгаа. Богино хугацаанд хурал зохион байгуулж байгаа нь Монгол Улс идэвхитэй ажиллаж байгаагийн илрэл. Үүгээрээ Монгол Улс олон улсын хэмжээнд манлайлагчийн түвшинд ажиллах боломжтой гэдгийг харууллаа. Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэх чиглэлээр хийсэн томоохон алхам, ололт амжилтыг хараад бахархаж байна. Хурлыг зохион байгуулах чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гаргасанд нь талархаж байна.

Парламентын Ассамблейн хурлаар ОХУ болон Украйны хямрал, терроизмтай тэмцэх тухай, Сирийн дүрвэгсдийн талаар ярилцаж байна. Уур амьсгалын өөрчлөлт, хүний наймаа, ардчилал, хүний эрх, иргэний нийгмийг хөгжүүлэх чиглэлээр хэлэлцэж байна” гэлээ.

Мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өгөв.


-Өнөөдөр үдээс хойш болох хуралдаанаар дүрвэгсдийн асуудлыг ярихаар боллоо. ЕАБХАБ-ын Парламентын энэ чиглэлээрр тодорхой шийдвэр, тогтоол гаргах уу?

-Дүрвэгсдийн талаар бид үдээс өмнөх хурлаар ярьсан. Мөн үдээс хойших хуралдаанаараа ч дэлгэрэнгүй хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Одоогоор тодорхой шийдвэр, тогтоол гаргаагүй байна. Хурлын төгсгөлд хэвлэлийн материал гаргана. Энэ материалд дүрвэгсдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэх болно. Манай гишүүн орнууд дүрвэгсдэд маш их санаа зовж байгаа. Тиймээс энэ чиглэлээр идэвхитэй ажиллах нь тодорхой. Бид дүрвэгсдэд ёс суртахуунтай хандаж, дэмжлэг үзүүлнэ гэсэн байр сууринд хүрсэн. Ойрын үед энэ чиглэлээр тусгайлан ярилцахаар төлөвлөж байна.

-Зүүн хойд Азийн бүс нутагт тулгамдаж байгаа гол асуудал юу вэ. Үүнийг хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ?

-Энэ удаагийн хурлаар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцсэн. Цаашдаа энэ бүс нутагт бидний зүгээс анхаарал хандуулах болно.

-Украйны асуудлаас болоод ОХУ, Европын холбооны харилцаа хүндэрч байна. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах боломжтой вэ?

-Хоёр жилийн өмнө Украйны асуудал хөндөгдөж эхлэхэд ЕАБХАБ анхаарлаа хандуулж ирсэн. Энэ асуудлыг хэлэлцээрийн замаар шийдвэрлэх ёстой. Манай байгууллага Украйн болон ОХУ-ын парламенттай шууд харилцаатай ажилладаг. Энэ удаагийн хурлын үеэр дээрх 2 улсын төлөөлөгчтэй уулзсан. Цаашдаа энэ асуудал эерэгээр шийдвэрлэгдэнэ гэж итгэж байгаа. Одоогоор аль нэг улс нь буулт хийх эсэх талаар тодорхой мэдээлэл хийгээгүй байна. Гэхдээ бид зөрчлийг энхийн замаар шийдвэрлэхийн төлөө ажиллах болно. Хоёр улсын төрийн тэргүүн энэ оны аравдугаар сарын 2-нд Парист уулзана. Энэ уулзалтаар эерэг хандлага гарна гэж бодож байна.

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблей хурлынхаа дараа тодорхой тогтоол гаргадаг. Өмнөх хурлуудын тогтоолын хэрэгжилт ямар байна вэ?

-Бид “Хельсинкийн +40” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөр манай байгууллагын зүгээс гаргаж байгаа шийдвэрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарах юм. Шинэтгэл хийхийн тулд маш олон хүмүүсийг энэ хөтөлбөрт хамруулж байгаа. Тус хөтөлбөрт эрдэмтэн судлаачид, улс төрчид идэвхитэй оролцож, олон улсын хурал, семинар зохион байгуулж байгаа. Үүнээс манай байгууллагыг хөгжүүлэх тодорхой шийдлүүд гарна гэдэгт итгэж байгаа. Цаашдаа аливаа шийдвэр болон үйл ажиллагаагаа хэрхэн хөгжүүлэх, боловсронгуй болгох чиглэлээр ажиллах болно. Аливаа шийдвэр гаргахад манай байгууллагын гишүүн 57 орон бүгд дэмжих ёстой. Нэг л гишүүн орон эсэргүүцсэн тохиолдолд шийдвэр хүчингүй болно. Ийм дүрмийн хүрээнд аливаа шинэчлэл хийхэд тун хүнд.

Онцлоход, чуулган одоо ЕАБХАБ-ын бүс нутаг болон олон улсын төвшин дэх аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэх нь: бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдэвт Парламентын бага хурлаар үргэлжилж байна.


13.00 цаг:

Улаанбаатар хотноо өчигдөр эхэлсэн Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллага/ЕАБХАБ/-ын Парламентын ассамблейн 2015 оны намрын хурал өнөөдөр үдээс өмнөдөө байнгын хорооны хуралдаанаар үргэлжиллээ.

Энэ үеэр ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн 2016 оны намрын хурлыг Македон улсад 2016 оны аравдугаар сард хийх болсныг зарлалаа.

Македон улсын хувьд Монгол Улсын нэгэн адил анх удаа өөрийн оронд ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн 2016 оны намрын хурлыг зохион байгуулах хүндтэй үүргийг хүлээн авсан байна. Улсаа төлөөлөн энэ удаагийн хуралдаанд оролцож байгаа төлөөлөгч “Ирэх онд болох ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн намрын хурлыг Монгол Улсын нэгэн адил өндөр хэмжээнд зохион байгуулах болно” гэдгийг онцлон хэллээ.

Байнгын хорооны хуралдааны үеэр ЕАБХАБ-ын Парламентын ассамблейгаас 2015-2016 онуудад зохион байгуулах хурлын товыг зарлалаа. Тодруулбал, 2015 оны арванхоёрдугаар сарын 2-4-нд ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн хурлыг Серби улсад, жил бүр болдог өвлийн хурлыг 2016 оны хоёрдугаар сарын 24-26-ний хооронд Австри улсын Вень хотноо,  жил бүр хийдэг товчооны хурлыг 2016 оны дөрөвдүгээр сард Дани улсад, ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн зуны хуралдааныг 2016 оны долдугаар сарын 6-10-нд Гүрж улсад тус, тус зохион байгуулахаар төлөвлөжээ.

Дүрвэгсдийг хамгаалах бодлого гаргана

Байнгын хорооны хуралдааны үеэр хөндөгдсөн хамгийн чухал асуудал нь дүрвэгсдийг хамгаалах тогтоолыг энэ удаагийн хуралдаанаас гаргах нь чухал байна гэж үзэн, энэ асуудлыг үдээс хойшхи хуралдаанаар тусгайлан хэлэлцэхээр боллоо.

Европын орнуудын хувьд дүрвэгсдийн эрхийг хамгаалах асуудал тулгамдсан асуудал болж хувирчээ. Тиймээс ЕАБХАБ-ын зүгээс дүрвэгсдийг хамгаалах чиглэлээр санхүүгийн ямар тусламж үзүүлэх боломжтой, эрхийг нь хангах чиглэлээр улс орнуудад юуг уриалах, хүмүүнлэгийн тусламжийг хэрхэн хүргэх вэ гээд энэ бүх нарийн асуудлыг баримт бичгийн хүрээнд тодорхойлж гарган шийдвэрлэхийн төлөө чармайн ажиллах болж байна.

Одоо байнгын хорооны хуралдаан завсарлаад байна.

Онцлоход, Монгол Улс нь гурван жилийн өмнө ЕАБХАБ-ын Парламентын 57 дахь гишүүн орон болсон юм. Тус байгууллага нь гишүүн орнуудынхаа хэмжээнд аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамгийн том үйл ажиллагаа явуулдаг байна.

Г.ДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж