Дорнод аймгийн Мэнэнгийн талаас БНХАУ-ын "Петро Чайна Дацан тамсаг" компани 2010 оноос хойш газрын тос экспортолж буй. Ингэхдээ өдөртөө 2400 тонн, жилдээ 800 мянган тонн газрын тос олборлодог байна. Газрын тос олборлох технологи нь газрын гүнд байгаа тосыг ус шахалтын аргаар шууд олборлох юм. Үүнд цэвэр усыг маш ихээр ашигладаг.
Үүнээс гадна тус компанийн газрын тосны үйлдвэрлэлд ашигласан шингэн хаягдал 40-н га газар нутгийг хамарч, үйлдвэрлэлд ашиглахаар оруулж ирсэн 500 тонн химийн хорт бодис зориулалтын бусаар хадгалагдаж байна. Аюултай хог хаягдлыг хөрш хоёр улс хилээрээ нэвтрүүлэхийг хориглосон байдаг. Тиймээс Монгол улсад ийнхүү ил задгай байршиж, орчны ус, агаар, байгалийг бохирдуулсаар байгаа юм. Уг нь үүнийг хоргүйжүүлж, хатуу хэлбэрт оруулан газарт булах Олон улсын стандарт байдаг.
Гэвч өнөөдрийн байдлаар Монгол улс уг шингэн хорт хаягдлыг яг тэр хэвээр нь өнгөн хөрсөөр дараад орхиж байна. Үүнээс болоод газрын хөрс, хэвлий бохирдож, ургамлын бүтцэд хүртэл өөрчлөлт орж, хогийн ургамлууд ургах болсныг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байгаа юм. Мэргэжлийн хяналтын байгууллага газар дээр нь шалгалт хийж хууль зөрчиж буйг тогтоосон боловч цаашид ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байгаа аж.
Холбоотой мэдээ