УИХ-ын 2016 оны сонгуулиар 65 суудал авсан МАН-ын үнэмлэхүйд оногдсон том үүрэг нь улстөрийн реформ хийх байв. Бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн гурван жилийг дотоодын хэрүүл тэмцэл, зодоон цохиондоо зарцуулсан МАН-ынхан эвлэлдэн нэгдэж, түүхт үйл бүтээсэн нь Үндсэн хуулийг шинэчлэн баталсан явдал. Өөрөөр хэлбэл, Монголын Улсын парламентын тогтолцоог дархалсан нь МАН-ын том гавъяа болж түүхэнд үлдэх юм. Өөрөөр хэлбэл, нэг хүний дарангуйлал руу аажим, аажмаар шилжиж буй хоёр их гүрний дунд орших жижиг улсын хувьд ардчиллын арал хэвээр үлдэх, ардчилсан Монголын тусгаар тогтнолыг хамгаалж үлдсэн түүхэн шийдвэр боллоо.
Үндсэн хуулийг шинэчлэн батлах хэлэлцүүлэг өрнөхтэй зэрэгцээд Монгол Улс парламентын засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалд шилжих үү гэсэн талцал улс төрийн хүрээнд өрнөж, Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхийлөгчийн засаглалд шилжих сонирхолтой байгаагаа ойр дотны хүмүүсээрээ дамжуулан ил цагаан мессеж хаяулах болсон бидээ.
Үндсэн хууль тойрсон олон үйл явдал өрнөж, ард түмнээс асууж шийдэхээр Ардын намынхан анх шийдэж байсан. Гэвч тэдний хувьд ард нийтээс асууж, ардчиллыг эрсдэлд оруулахын эсрэг боломж олдсон нь Ерөнхийлөгчийн хориг бөгөөд Даваа гаригт гуравдугаар хэлэлцүүлгийг эхлүүлж, Пүрэвт тусгаар тогтнолоо мөн тунхаглан зарласан билээ.
Энэхүү түүхт үйл явдалд АН оролцоогүй нь улс төрийн богино зайны нүүдэл хийснийх. Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд суулгаж оруулсангүй гэх шалтгаанаар чуулганы нэгдсэн хуралдааныг хаяж гарсан тэд энэхүү түүхэн боломжийг хуваалцах гавъагүй үлдэж байна.
Үндсэн хуулийг шинэчлэн баталсны дараа ажлын хэсгийнхэн мэдээлэл хийж, өөрчлөлтүүдийг танилцуулсан. Ямартай ч энэ удаад Ерөнхий сайд том эрх мэдэлтэй болж, Ерөнхийлөгчийн эрх мэдэл ч хэвээр үлдсэн. Шинэ Үндсэн хууль ирэх оны тавдугаар сарын 25-наас үйлчилнэ.
Ерөнхийлөгч хориг тавих нь одоогоор тодорхойгүй ч хоригийг хэлэлцэхгүй байх практик бий гэж ажлын хэсгийнхэн мэдээлсэн юм. Элдэв янзын шар бор мэдээллээр тархиа цэнэглүүлдэг монголчуудын дийлэнх нь Үндсэн хуулийг шинэчлэн баталсны ач тусыг төдийлөн ойлгоогүй байх шиг.
Үндэсний фронтынхны жагсаал, Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын сенсааци гээд үйл явдал өрнөдгөөрөө өрнөсөн. Гэхдээ мэдээж, жижиг асуудлууд. Юутай ч гурван жил барьж авсан том реформынхоо ард гарснаараа Ардын нам гэрийн даалгавраа амжилттай биелүүллээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ