Л.Болд: Парламент-хүний эрхийн манаач мөн

Хуучирсан мэдээ: 2015.09.17-нд нийтлэгдсэн

Л.Болд: Парламент-хүний эрхийн манаач мөн

Л.Болд: Парламент-хүний эрхийн манаач мөн

Европын Аюулгүй байдал, Хамтын ажиллагааны байгууллагын Намрын чуулган

Та бүхний энэ  өдрийн амгаланг эрье. Хувь хүний эрх чөлөө, хүний эрхийн асуудлаар философийн ерөнхий зарчмуудыг гоё сайхнаар урт хугацаагаар хангалттай ярьж болох байх. Түүхэнд цөөнгүй сэтгэгч, улстөрчид энэ талаар олон сайхан үг, санаа, хандлагыг хэлж ярьсан байдаг. Өнөөдөр би Та бүхэнд энэ индрээс ерөнхий зарчим биш, үзэл суртлыг бус, бодит сургамж, Монголын улстөрийн тогтолцооны практик үйл явц, өрнөлд тулгуурлан хувь хүний эрх чөлөө, хүний эрхийн асуудлыг хөндөн ярилцахыг хүслээ. Бусад улс орон ч өөрсдийн бодит байдал, үйл явцтай харьцуулан үзэж авах гээхийн ухаанаар хандах буй заа.

1.Монголын ардчилсан институциудын төлөвшил

Энэ онд 25 жилийн олон олон давхцалтай ойгоо тэмдэглэж буй Монголын ардчилал дэлхийн улстөрийн түүхэнд үлдэх олон гарамгай үнэт зүйлсийг бий болгосон билээ. Энэ талаар 2015 оны 2-р сард Монгол Улсын Их Хурал-Европын Парламент хоорондын 10 дугаар зөвлөлдөх уулзалт дээр би тодорхой өгүүлж байсан юм.

Монголын ардчилал бол улстөр, эдийн засгийн хувьд нэгэн зэрэг шилжилт хийсэн хамгийн зоригтой хувьсгалын нэг юм. Энэ хоёр шилжилтийн зөвхөн аль нэгийг нь л хийхэд маш их цаг хугацаа ордог, эсвэл гадаадын асар их тусламж дэмжлэг шаардагддагийг түүх харуулсаар байна. Харьцангуй богино хугацаанд төдийгүй гадаад орнууд болон олон улсын байгууллагуудын тусламжийг харьцангуй бага хэмжээгээр авч, ихэнхдээ дотоодын ойлголцол, зохион байгуулалт, хүсэл зоригийн ачаар энэ давхар шилжилтийг хийж чадсан нь түүхэн амжилт билээ.Монголын ардчиллын амин сүнс нь үг хэлэх эрх чөлөө мөн. Үг хэлэх эрх чөлөө бол монголын ард түмнийг нэгтгэн нягтруулж, ойлголцуулж чадсан, ардчиллыг төрүүлж, бойжуулж, бэхжүүлж чадсан хамгийн чухал эрх чөлөө юм. Үг хэлэх эрх чөлөөний буянаар бид тайван хувьсгал хийсэн юм.

Монголын ардчилал бүх ардчилсан орны иргэдэд хүртээмжтэй байдаг хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, чөлөөтэй зорчих эрхийг өөрийн иргэддээ олгожээ. Мөн үндэсний зан заншил, уламжлалт мэдлэг, өв соёлыг маань сэргээн мандуулсан юм. Иймээс ч өдгөө монгол хүн хөгжингүй ардчилалтай улс орны иргэдийн адил эрх чөлөө, боломжийг эдэлж, үндэснийхээ онцлог дүр төрхөөр ялгарах бүхий л нөхцөл бүрджээ.

Энэ мэт үндэсний болон олон улсын хэмжээнд бахдагдах сайн зүйлс цөөнгүй бий болсон ч эдийн засгийн шинэчлэл, улстөрийн институциудын төлөвшил, хууль эрхзүйн тогтолцооны зарим нэг согогтой байдал, таагүй төрхөөс үүдэн ардчилалд хор хохиролтой үр дагаврууд гарсаар байна. Хувь хүний эрх чөлөө хумигдаж, хүний эрх зөрчигдөх байдал ч гарсаар байна. Энэ бүхэн парламентын  зүгээс онцгой анхаарах асуудлын нэг болсныг бид хүлээн зөвшөөрч байна. Хамгийн гол сөрөг хүчин зүйл нь ардчилсан засаглалын хөгжил, төлөвшлийн удаашрал болсныг бид тэмдэглэж байна.

Хэдийгээр ардчиллын ерөнхий үзэл санаа, хууль эрхзүйн орчин хангалттай бүрдсэн ч энэ бүхнийг тээгч, хэрэгжүүлэгч нь хувь хүн, тухайн салбарын тогтолцоо байдаг. Хууль хүчний байгууллага эрх мэдэлтний, эсвэл улстөрийн аль нэг бүлэглэлийн хүсэл зоргын хэрэгсэл болж хувирсаар байгаа нь өнөөдрийн Монголын эмгэнэл юм. Үүнийг хилс шийтгүүлж, хүчээр гүжирдүүлэн хоригдож, хууль бусаар байцаагдаж, гэмт хэрэгт холбогдсон дуулиан тарьж удаан хугацаанд гүтгэн чичлүүлж байгаа олон жишээгээр нотолж болно. Энэ бүхнийг өөгшүүлдэг эдийн засгийн ашиг сонирхол нэгдмэл, улстөрийн нам дамжсан бүлэглэл, зохион байгуулалтбайсаар байгаагийн дам нотолгоо нь ч юм. Ийм хүчирхэг сүлжээ, аймшгийн лантууг улстөрчдийн идэвхитэй байр суурь, парламентын иргэнээ өмгөөлөх сэтгэхүй л нам дарж таслан зогсоож чадах билээ. Ийнхүү хүний эрх, хувь хүний эрх чөлөөг хангахад хууль хүчний байгууллагын шинэчлэл, өөрчлөлт туйлаас чухал байна.

Монголын улстөр, засаглалын түүхийн уламжлалыг үзэхэд хэлмэгдүүлэлт хүний эрхийг ноцтой зөрчдөг хүчин зүйл байсаар ирсэн. Ардын хувьсгалын эхэнд хувьсгалын эсэргүү, баруунтан, социалист системийн үед үндэсний үзэлтэн гэх мэтээр хэлмэгдлийн гол байгаар тухайн цагийн шилдэг хүмүүс, энгийн иргэд тодорч байв.  Ардчилсан засаглалын үед ч авилгатай тэмцэх нэрийн дор хэлмэгдүүлэлт болохгүй гэх баталгаа алга. Хэлмэгдүүлэлт нь үргэлж сайхан  зорилго, нэрийн дор хийгддэг.  Хүний эрхийг хамгийн ихээр зөрчдөг. Арга зам нь туйлын бүдүүлэг байдаг.  Авилга нэрээр түрий барин хэлмэгдүүлэлтийн бас нэг үндэс суурийг бий болгохгүй байх механизмыг бүрдүүлэх нь Монголын парламентын  өнөө цагийн бас нэг чухал зорилт, анхаарах асуудал юм. Харамсалтай нь авилгалын эсрэг тэмцэл нь “ад зэтгэр”-ийг дарах, хүний эрх чөлөөнд халдах өргөн хүрээтэй кампанит ажил болж, хүний эрхийн асуудлаарх манай Үндсэн хуулийн баталгаа, бидний ололт амжилтыг үгүйсгэж байна.

Эдийн засгийн салбаруудын солонгорол, гэнэтийн их ашгийг шингээх чадвар ардчилсан тогтолцооны тогтвортой байдлын чухал үзүүлэлт болж байна. Хятадын эдийн засгийн өсөлтийг дагасан нүүрс, зэсийн өндөр эрэлтээс үүссэн гэнэтийн орлого Монголын ардчиллын чухал зарчмуудыг доргиосон бөгөөд Монголыг өнөөдрийн царцанги, эмзэг төлөвт хүргэснийг хойшид санаж явах сургамжийг үлдээлээ. Эдийн засгийн урт хугацааны төлөвлөлт, хуримтлал үүсгэх, хадгалах чадвар ардчилсан институциудын төлөвшил, хөгжлийн чухал тулгуур болохыг монголын улстөрчдөд энэ бүхэн мэдрүүлж дахин ийм алдааг давтахгүй байх туршлага, ухаан болон үлдэж байна. Улстөрчдийн тогтвортой, ой санамжтай байх чадвар, хариуцлагатай байх хүмүүжил институцийн хэмжээнд төлөвшөөгүйг нотолсон бөгөөд улстөрийн намуудын төлөвшил  ардчиллыг хамгаалах бодлогын цөм гэдгийг олон талаасаа зөвшөөрч байна.

Ядуурал, ажилгүйдэл нь хүний эрхийн хангалтыг бууруулдаг илэрхий сөрөг хүчин зүйл учраас эдийн засгийн шинэчлэлийг хүний эрх, хувь хүний эрх чөлөөтэй уялдуулж хийх шаардлагатай байна. Жирийн иргэд, айл өрхийн амьжиргааны нөхцлийг сайжруулах нь хүний эрхийн асуудлыг оновчтой шийдэх зайлшгүй, тойрч гарах аргагүй арга хэмжээ мөн. Парламентын гишүүний хувьд иргэдийн амьдрах орчныг сайжруулах төрийн бодлогыг оновчтой болгохыг чармайхын зэрэгцээ хуулийн төсөл санаачлан иргэн өмч хөрөнгөтэй болох, бий болгосон хөрөнгийг хамгаалах, түүний амьдрах нөхцөл байдлыг хангалуун байхыг дээдэлсэн үзэл санааг хөгжүүлэхээр ажиллаж байна.

Монголын парламент байнгын ажиллагаатай

болсон 25 жилийнхээ ой дээр бахархах зүйл олныг бий болгосныг тоочих нь илүүц. Хамгийн чухал нь парламент өөрөө ардчилсан тогтолцооны оргил нь, ардчилсан үзэл санааны билэг тэмдэг байж чадснаараа гавъяатай. Монголын парламентын ардчилсан загвар нийгмийнхээ бүх давхаргад бий болж байгаа ардчилсан институциудад нэвтэрч алдаа оноогоо дэнслэх, дэвжин хөгжих механизм болж байгаад итгэлтэй байна. Монголын парламент нийгмийнхээ ардчиллын их сургуулийн эрдмийн амьд багш нь байсаар байх болно.

2.Монгол дахь хувь хүний эрх чөлөө, хүний эрхийн үзүүлэлтүүд

Би 25 жилийн өмнө Монголын Ардчилсан хувьсгалын галыг асаалцсан Оюутны холбоог нөхөдтэйгээ хамтран удирдаж тэмцэлд нэгдэж байлаа. Ийм үйл хэрэгт оролцох нь зөвхөн нэр төрийн хэрэг байгаагүй бөгөөд миний өөрийн итгэл үнэмшил даацтай шийдвэрийг гаргахад хүргэсэн юм. Би тэр цагаас л хүний эрхийн төлөө, иргэн хүний эрх чөлөөт байдлын төлөө тэмцлийг дотоод хөдөлгөгч хүч болгосоор ирсэн юм. Одоо ч хүний эрхийн асуудал парламентын гишүүний хувьд онцгой анхаардаг сэдэв минь байсаар байна.

Миний хүсч мөрөөдсөн шиг иргэд үг хэлэх, санал бодлоо илэрхийлэх, хүссэн газраа оршин суух, гадаад улс руу чөлөөтэй зорчих, хувийн өмч хөрөнгөтэй болох, шашин шүтэх, байгаль, хүрээлэн буй орчныхоо төлөө тэмцэх, ялгаварлан гадуурхагдахгүй байх, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх гээд хүний эрхийн суурь зарчмуудыг тодорхой түвшинд өнөөдөр Монголд маань хангажчадсан байна. Гэсэн ч нарийвчлан ажиглавал асуудал, бэрхшээл, ухралт их байна.

Хүний эрхийн төлөө ажилладаг Монголын төрийн бус байгууллагуудын хийсэн шинэхэн судалгаа буюу Хүний эрхийн төлөв байдлын 2015 оны ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг ч миний энэ зовинолыг баталгаажуулж байгаа нь харамсалтай. Хэдийгээр хүний эрхийн ерөнхий үзэл санаа, түгээмэл зарчмуудын хэрэгжилт байрандаа хэвийн байгаа мэт боловч илүү нарийвчлан ажиглаваас санаа зовоохоор асуудлууд цөөнгүй байна. Тухайлбал:

–Хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах үндэсний тогтолцоо төлөвшин бүрдээгүй байна.

-Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн хэрэгжилт хангалтгүй байна. Уг конвенцийн зарим хууль тогтоомжийг хэлэлцэж батлахыг Монголын парламент яарахгүй байгаа нь санаа зовоож байна.

-Хэдийгээр Монгол Улс 40 гаруй жилийн өмнө Иргэний болон улстөрийн эрхийн тухай пактыг                соёрхон баталсан ч үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх, хараат бус чөлөөт хэвлэлтэй байх эрх чөлөө өнөөдөр ч зөрчигдсөөр байна.

-Ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд ч анхаарах зүйл их байна. Монгол Улс Жендерийн эрх тэгш байдлын тухай, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиудтай болж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шиэчилсэн найруулгыг хэлэлцэж, ялгаварлан гадуурхалтыг гэмт хэрэг гэж тооцдог байхаар хуульд заалт оруулж байгаа нь тун сайн амжилтууд юм. Гэсэн хэдий ч нас, хүйс, бэлгийн дарамт, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, гадаад төрх байдал, нийгмийн гарал нь иргэдийг ялгаварлан гадуурхагддаг үндсэн шинжүүд болсоор байна.

-Байгаль орчны гэмт хэргүүд ихсэхийн хэрээр эдгээрийг шүүхээр шийдүүлэх эрх ноцтой зөрчигдсөөр байна. Нийтийн эрх ашгийг хэн нэгэн шүүхийн өмнө хариуцах эрхзүйн орчин байхгүй, орон нутагт шүүхийн хүртээмжийг сайжруулах шаардлагатай байна.

Хүний эрхийн төлөө нэгдмэл зорилготой төрийн бус байгууллагуудын хийсэн эдгээр болон бусад олон дүгнэлт, саналуудыг анхаарахгүй байх аргагүй юм. Нийгмийн бүхий л салбар, давхаргад цаг хугацаа, орон зай үл хамааран хүний эрхийг хөндсөн тохиолдлууд гараад байгаа нь ардчилсан институциудын төлөвшил, хөгжил хаа сайгүй л арчилгаа, тордолгоо, санаачилгаар дутагдаж байгааг хэлж байгаа хэрэг юм.

3.Парламентат ёсны зарчим хүний эрхийг хангах гол механизм болохын учир

Дэлхийн даяаршил нийтлэг эрх ашиг, том дүр зураг, зорилгыг бий болгохын хамт хувь хүний эрх чөлөөг хумьж, хүний эрхийн эмзэг байдлыг зарим талаар бий болгожбайна. Эдийн засгийн томхон шийдлүүд, хямралууд, орлого ашгийн төлөөх тэмцэлдээн бүр хувь хүний эрх ашгийг хөндөх болсон нөхцөл байдал тод ажиглагдаж байна. Эдийн засгийн том төслүүд, макро эдийн засгийн дэлхийг хамарсан доргилт, чичиргээнүүд  хувь хүнд л илүү хатуу тусч байна. Даяаршлын гол сөрөг үр дагавар нь энэ болж байна.

Ядуурлаас үүдсэн хямралууд, байгалийн баялгийн төлөөх тэмцэлдээн, үзэл баримтлалын зөрчилдөөн бүхэн бүс нутагт төдийгүй бие даасан улс оронд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх глобаль шалтгаанууд болж байгааг бид олон үйл явдлаар жишээлэхээр байна.

Иймд дэлхийн улс орнуудын улстөрийн хүрээн дэх хамтын ажиллагаа, эдийн засагт улстөрөөс үзүүлэх нөлөөллийг чиг баримжаатай, зохион байгуулалттай болгох шаардлага чухал болжээ. Өөрөөр хэлбэл, эдийн засагт хүнлэг, хувь хүний эрх чөлөөг хамгаалсан, хүний эрхийг хангасан зөөлөн шийдлүүдийг гаргахад улстөрчдийн нэгдмэл чармайлт, парламентын засаглалын хамтын ажиллагаа чухал болсон цаг үед бид амьдарч байна.Үүнийг ардчилсан институциар дамжин гарч ирсэн улстөрчид-бид анзаарч, хүний эрх, хувь хүний эрх чөлөөг дээдлэн сахихгүй бол хэн өөр хийж чадах билээ? Улстөрчид үүнийг яаж шийдэхээс одоо цаг төдийгүй ирээдүй бүрэн хамаарах болно. Улстөрч хүн, парламенталь аль нь хүний эрхийн манаач нь байх ёстой.

Анхаарсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж