Нэмэлт:
Кени улсын Найроби хотод энэ сарын 11-14 ний хооронд зохион байгуулагдсан НҮБ-ын Хүн амын сангийн Олон улсын уулзалтад манай улсын 20 төлөөлөгч оролцсон. Үүнээс нэг төлөөлөгчид нь бөөлжих, суулгах шинж тэмдэг илрэн холер өвчин болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, тус улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор өвчтний биеийн байдал тогтвортой, зовиур багассан байна. Бусад 19 төлөөлөгч энэ сарын 16 буюу өнөөдрийн гурван нислэгээр эх орондоо ирсэн бөгөөд өвчний голомтот бүс нутагт зорчсон тул ЗӨСҮТ, ХӨСҮТ, Хилийн МХГ-ын мэргэжлийн хамтарсан баг ажиллаж хавьтлуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, ХӨСҮТ-д тусгаарлан, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээг хийж байна. Одоогийн байдлаар дээрх иргэдэд ямар нэгэн зовиур илрээгүй байна. Эрүүл мэндийн яам агаараас мэдээлэл авч, цаг алдалгүй арга хэмжээ авч ажиллаж байна. Гурван онгоцонд халдваргүйтгэл хийж, зорчигчдын нарийвчилсан судалгааг гаргаж, “холер” өвчний тухай зөвлөмжийг өгч, хүндрэл, саатал гаргалгүй, зохих журмын дагуу хариу арга хэмжээг авч, зохион байгуулж байна.
Дашрамд дуулгахад, тус улсад 2017 оноос хойш “Холер” өвчний дэгдэлт бүртгэгдэж байгаа бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 3889 хүн өвчилж, 26(0.7%) хүн нас баржээ. Иймээс ард иргэд та бүхэнийг холeр өвчний голомттой улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Кениэс ирсэн төлөөлөгчдийг шинжилгээнд хамруулж байна
Африкийн Кени улсад болсон олон улсын хуралд Монголыг төлөөлөн оролцсон төлөөлөгчдийн нэг нь холер өвчний халдвар авч, эмнэлэгт нь хэвтэн эмчлүүлж байгаа аж. Холер нь халдвартай өвчин тул тус улсаас ирсэн төлөөлөгчдийг өнөөдөр "Чингис хаан" олон улсын нисэх буудалд агаарын хөлгөөр газардангуут тусгаарлаж, урьдчилан сэргийлэх зорилгоор үзлэг шинжилгээнд хамруулжээ. Дээрх олон улсын хуралд төрийн болон төрийн бус байгууллагын 20 төлөөлөгч оролцсон юм байна. Тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал хэвийн, холер өвчний шинж тэмдэг илрээгүй гэж эх сурвалж хэллээ.
Холер нь вибрионоор үүсгэгдэж бөөлжилт, суулгалтаар эрдэс давс, усаа алдаж, ус эрдсийн солилцооны алдагдалд богино хугацаанд орох цочмог халдварт өвчин юм байна. Халдвартай ус, хоол хүнс зэргээр дамжигдана. Бүх насны хүмүүс өвдөх боловч ходоодны шүүс багатай, хоол боловсруулах замын архаг өвчтөй, архичин, цус багадалттай зэрэг эмгэгүүдтэй хүмүүс илүү өртөмтгий байна. Өвдсөний дараа хорын эсрэг бат бэх дархлаа тогтоно.
Өвчин цочмог эхлэх ба гол төлөв шөнийн цагаар бага зэрэг халуурах, гэдсээр эвгүй оргин өвдөж суулгах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.
Холбоотой мэдээ