Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлж 150,000 хүний ажлын байр шинээр бий болгох зорилт, Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт ажил, мэргэжилгүй 12,000 иргэнийг мэргэжил олгох болон мэргэшүүлэх давтан сургалтанд хамруулан тэдгээрийн 60-аас доошгүй хувийг байнгын ажлын байраар хангах зорилт дэвшүүлсэн.
Нийслэлийн Хөдөлмөрийн газар нь 2012 оноос эхлэн “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байр хадгалах” хөтөлбөрийн “Мэргэжлийн болон давтан сургалт”–ыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ хугацаанд өнөөгийн байдлаар нийт 10155 иргэнийг сургалтанд хамруулж мэргэжлийн ур чадвар олгосон ба үүнээс 4239 иргэнийг тогтвортой ажлын байраар ханган ажиллаж байна.
2015 онд “Мэргэжлийн болон давтан сургалт зохион байгуулах сургалтын байгууллагуудыг шалгаруулах тендер"-ийг нээлттэй зарлан, хамгийн сайн тендер ирүүлсэн 51 сургалтын байгууллага 36 мэргэжлээр сургалт зохион байгуулахаар гэрээ байгуулан ажиллаж байна.
2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 1856 иргэн суралцаж байгаагаас 1331 суралцагч ур чадвар эзэмшин “Чадамжийн гэрчилгээ” гардан аваад байна.
2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Тусгаар тогтнолын талбайд “МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ – АМЖИЛТЫН ҮНДЭС” тайлант өдөрлөгийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв (ХЭҮСМҮТ), Нийслэлийн Хөдөлмөрийн газар (НХГ) хамтран зохион байгуулж байна.
Энэ өдөрлөгөөр: “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байр хадгалах хөтөлбөр”-ийн хүрээнд “Эрхийн бичиг”-ээр мэргэжлийн болон давтан сургалтыг богино хугацаанд ур чадвар эзэмшсэн иргэдийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа гаргах, ур чадварын анхдугаар уралдааныг зохион байгуулах, ажил олгогч байгууллагуудад чадварлаг хүний нөөцийг санал болгож суралцагсдыг ажлын байранд зуучлах үйл ажиллагаа явагдана.
Өдөрлөгийн онцлог: 2015 онд “Эрхийн бичиг”-ээр суралцагсадын дунд ур чадварын анхдугаар уралдааныг эрэлт ихтэй байгаа дараахь 6 төрлийн мэргэжлээр зохион байгуулна.
Үүнд:
№ | Мэргэжил |
1 | Үсчин |
2 | Тогооч |
3 | Гоо засалч |
4 | Гар урлал |
5 | Оёдол |
6 | Хумс засал / |
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Нийслэлийн Хөдөлмөрийн газар
Хаяг: Нийслэлийн Засаг захиргааны IV байр, 7 давхар
Утас: 7011 0502, 7012 0502, 7013 0502, 7014 0502
Факс: (976 )11-329752
НЭГДСЭН ЛАВЛАХ: 1800 1896
Цахим хаяг: www.ubbirj.ub.gov.mn
НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ГАЗАР