Бурууг хайх бус, урам хайрлах мөч

Хуучирсан мэдээ: 2015.09.17-нд нийтлэгдсэн

Бурууг хайх бус, урам хайрлах мөч

2016 онд Энэтхэг улсад зохиогдох Ази тивийн 16 хүртэлх насны хөлбөмбөгийн АШТ-ий урьдчилсан шатны “К” хэсгий эхний тоглолт өчигдөр Улаанбаатар хотод боллоо. Тус тэмцээнийг МХБХ, Азийн хөлбөмбөгийн холбооны нөхцөл шаардлагыг хангасаны дагуу өөрийн эх орондоо зохион байгуулж байгаа юм. Монголын шигшээ баг хэсэгтээ Япон, ХонгКонг гэсэн Ази тивийн хүчирхэг багуудтай сугалааны дагуу таарсан. Мөн Бруней улсын шигшээ баг энэ хэсэгт багтаад байсан ч шигшээ баг нь бүрдэж чадалгүй тэмцээнийг өнжихөөр болсон юм.

Урт удаан жилийн түүхтэй өндөр хөгжилтэй, энэ насны багаараа дэлхийд 16-р байрт жагсах Япон орны шилдэг баг манай шигшээ багтай тоглож илт илүүрхэн буулгаж авлаа. Хэдийгээр Монголын 16 хүртэлх насны шигшээ баг сарын өмнө байгуулагдаж эрчимтэй бэлтгэлийг хийсэн ч энэ нь хөлбөмбөгийн хувьд амжилт үзүүлэхэд асар богино хугацаа юм.

МХБХ өөрийн удирдлага болон дотоод бүтэцтэй өөрчлөлтийг оруулж шинэчилсэн бодлогоор ажиллаж эхлээд ердөө зургаан сарын нүүрийг үзэж байна. Энэ нь хүнээр ярьвал хөлд ороогүй нялх хүүхэд гэж үзэж болох. Алдааг хэн нэгнээс хайх цаг биш, харин алдаа дутагдлаа мэдэж цаашдын хөгжлийн гарцаа зөв олж авах ийм дүгнэлтийг хийх нь илүү шударга болов уу.

МХБХ энэ оны эхэнд ээлжит хуралдаанаа хийн дараагийн жилүүдэд холбоог удирдан ажиллах тэргүүлэгч нараа сонгосон билээ. Энэ үеэс эхлэн ерөнхийлөгчөөр А.Ганбаатар сонгогдон хөгжлийн бодлогын хүрээнд олон ажил хийж гүйцэтгэхээ амлаж байсан. Тухайн үед мэдээж итгэх хүн алга байлаа. Тэгвэл өнөөдөр бид бүхэн зургаан сарын хугацаанд дотоодын маш олон тэмцээн уралдаан зохион байгуулагдахыг харлаа. 

"Хүрхрээ" үндэсний дээд лиг "Арвайн Үндэс" компанитай хамтран дөрвөн жилийн 500 сая төгрөгний шагналын сантай тэмцээнийг зохион байгуулж байна. Мөн энэ жилээс эхлэн Нэгдүгээр лигийн тэмцээнийг зохион байгуулж амжилттай оролцсон багууд ирэх жилээс дээд лигт дэвших боломжийг олгон клубын системд шилжүүллээ. Түүнчлэн сонирхогчдын УАШТ, “Холбооны Цом” -2015 мөн тун удахгүй эхлэх “Хүслийн Лиг” гэх мэт.

Ерөнхийлөгч А.Ганбаатарын хөгжлийн хөтөлбөрт багтсан гол чухал ажлын нэг нь эмэгтэй шигшээ багийг байгуулах байсан бөгөөд үүнийгээ ч биелүүлэн 14 хүртэлх насны шигшээ багийг байгуулан улмаар Япон улсаас өндөр зэрэглэлийн дасгалжуулагчыг өөрийн эх орондоо ажиллуулахаар боллоо. Япон улс эмэгтэйчүүдийн ДАШТ-д сүүлийн найман жил босоо байгаа гэдэг нь өөрөө ямар чанартай сургалттай вэ гэдгийг илтгэнэ.

Үүнийгээ дагаад ч бид одооноос нас насандаа шигшээ багийг байгуулан системтэй хөгжүүлэх бодлогыг баримталж байна. Өчигдөр болсон тоглолт тооны хувьд хол зөрүүтэй ялагдсан ч энэ нь Монголын ирээдүй болсон тамирчдад маань маш их зүйлийг сургасан, ойлгуулсан, туршлага болсон тоглолт болж өнгөрлөө гэдэгт итгэж байна. Бид өөрсдийгөө худлаа магталгүй юу болохгүй байна гэдгээ эртнээс мэдэж авах нь алсдаа гаргах амжилтанд нөлөөлөх юм. Тиймээс эрхэм та бүхэн хэн нэгнийг муулж, хэн нэгнээс алдаа хайлгүйгээр залуус дүү нараа хүрэлцэн ирж дэмжээрэй. Хэдхэн жилийн дараа бид бүхэн  тэмцээн бүрээс медаль хүртсэн мундаг тамирчдаа угтан авах болно гэдэгт итгэж байна. Тэмцээн дуусаагүй байна. Биднийг маргааш ХонгКонгийн багийн эсрэг хийх чухал тоглолт хүлээж байна.

Өчигдөр болсон бусад хэсгийн тоглолтууд дүнгээс танилцуулбал:

Австрали 14 : 0 Гуам
БНАХУ       1 : 0 Тайвань
Вьетнам     5 : 1 Мьянмар
Өмнөд Солонгос 17 : 0 Макао
Узбекистан 8 : 0 Малдив зэрэг тоглолтууд болж өнгөрсөн байна. 

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж