Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул, Монгол улсын Алдарт уяач Гомбожавын Шоовдор агсныг хурдан морь сонирхогчид мэдэх бизээ. Нутаг нугадаа адуу мал таньдгаараа алдартай, буурал уяач тус сумаас төрсөн анхны улсын цолтон бөгөөд, өдгөө хүү Ш.Хүрэлбаатар нь эцгийн шийрийг хатаан уяа эвлүүлж сууна.
“Тод магнай” сэтгүүлийн сурвалжлах хэсэг Алтанширээ сумнаа зочилж, сумын Алдарт уяач Ш.Хүрэлбаатартай уулзаж, ярилцсанаа хүргэж байна.
-МУ-ын Алдарт уяач Шоовдор агсны голомтыг залган, уяа эвлүүлж буй хүүтэй нь уулзах сайхан байна. Танаас өөр морь уядаг хүн бий юу?
-Бид эцэг эхээс есүүлээ. Манайх таван хүү, дөрвөн охинтой айл. Би доороосоо хоёр дахь нь, нэг эрэгтэй дүүтэй. Уг нь манай дүү морь уядаг байсан боловч гадаад яваад надаас өөр уядаг хүн байхгүй болсон. Тэгээд ч муу аав минь намайг аль багаас “Миний морины уяаг залгамжлах хүн энэ л байгаа юм” гэдэг байсан юм. Одоо бодоход мэддэг байсан юм байлгүй дээ. Би таван настайгаасаа эхлээд л ааваасаа салаагүй хүн. Эхэндээ уясан морийг нь унадаг байгаад яваандаа уялцдаг болж, 1990 онд цэргээс ирснээсээ хойш гардан уях болсон.
-Аав зөвлөөд та түүнийг нь дагаад л уях уу?
-Тиймээ. Цэргээс ирсэн чинь “За хүү минь, би чамд халаагаа өглөө шүү” гэж хэлээд түүнээс хойш ерөнхий л юм хэлдэг болсон. Уяан дээр ирж харчихаад “Тэр морь чинь тийм байна, энэ морь чинь ийм байна. Тийм ажил хийвэл зүгээр байх” гэж хэлчихээд л гэртээ орчихдог байсан.
-Намайг байгаа дээр юм сур гэсэн үг байх нь ээ дээ?
-Ер нь манай аав нэг их олон үг хэлээд байдаггүй хүн байсан. Нэг дурсамж ярья л даа. Манай сумын Тойг бригадын наадам 1992 онд болсон юм. Тэр жил аав эзгүй байгаад, би морьдоо голлож уялаа. Нэг их морь, хоёр соёолон, нэг даага уячихсан үзэж тараад байлаа. Тэгж байтал аав хүрээд ирсэн. Хоёр соёолон нь ер нь их сайн байсан юм. Дүүгийн нэртэй хээрийнх нь хоолыг хасах гэтэл аав “Миний хүү хурд дээр хурд нэмж болдоггүй юм, хэрэггүй. Хээр морь чинь тэртэй тэргүй түрүүлнэ. Чи бүтэн тэжээлээр мордуулчих” гэж байна. Би болохоор хоол хасах ёстой гэж бодоод байлаа. Тэгээд ааваасаа зөрөөд “Би таныг амьд байхад л үзэж сорьж авмаар байна” гэсэн. “Тэгвэл тэг дээ, өөрөө мэд. Хоолыг нь хас” гэж байна. Хоолыг нь хасчихлаа. Тэгсэн аав “Хоол хасахад 10 морь алддаг юм, чи харж байгаарай” гэж байна. Би ч харъя гэж бодоод хоолыг нь хасчихлаа. Уралдахынх нь өмнө аав харчихаад “Амьд л ирдэг юм бол би үхүүлэхгүй ээ” гэж байна. За тэгээд соёолон уралдлаа. Тэгсэн хоолыг нь хасаагүй хээр нь дөрөвт ороод, хоолыг нь хассан хээр нь 11-д ордог юм.
-Яг л хэлснээр нь арван морь алдаж дээ?
-Тэгсэн. Морь ирсний дараа аав “За хүү минь унт, унт. Босоод дааганыхаа хоолыг тааруулаарай” гэж байна. Би ч хэлснээр нь хэвтлээ. Гэхдээ бас хээр мориндоо санаа зовоод болдоггүй.
-Эвгүйтчихсэн ирсэн үү?
-Тэгэлгүй яахав. Дотроо л “Зүгээр байсан амьтны хоолыг нь хасаад тоглоод хаячихлаа” гээд харамсаад байлаа. Аав миний бодлыг мэдсэн юм шиг “Аав нь чамайг өглөө босоход чинь амьд байлгаж байна” гэж байна. Нээрэн өглөө босоод ирсэн чинь хээр морь амьд байсан. Тэр өдөр би хээр даагаа хөөрхөн хол зайтай түрүүлгэх байсныг “хурдыг нь мэдлээ” гэж татуулж байгаад аман хүзүүдүүлж хөглөж л байлаа. /инээв/ Уяач хүн уралдаанаас уралдааны хооронд суралцдаг гэдэг үнэн шүү.
-Ааваасаа хээр морийг хэрхэн сэргээсэн талаар асуусан уу?
-Асуусаан. “Амьдрал дээр өөрөө мэднэ” гэсэн. Нээрэн ч уяач хүн амьдрал дээр л суралцдаг юм билээ. Аймгийн 60 жилийн ойд хээр соёолонгоо түрүүлгээд, Дэлдэн хээр морь нь 20 хэдээр давхиж ирээд уначихлаа. Улс амьтан соёолон түрүүлгэлээ гээд ирчихсэн. Аав бас жаахан хүртэнэ ээ. Хүмүүстэй дарвих гээд болдоггүй. Тэгэхээр нь би “Дэлдэн хээрийг босгохгүй юм бол би ахиж морь уяхгүй шүү” гэсэн. Тэгсэн чинь тэр олон улсаа хаяад, “За хүүхэд юм хэлж байна” гээд босоод ирсэн. Тэгээд хоёулаа Дэлдэн хээртэйгээ 72 цаг ноцолдож байж арайхийн сэхэл авахуулж билээ. Янз бүрийн юм өгөөд эцэстээ “Миний хүү хамгийн сүүлийн нэг арга байна, суйлна даа” гэж байна. Би ч хэлснээр нь хийж, хээр морио хөл дээр нь босгож байлаа. Тэгэхэд л би аавдаа их баярласан юмдаг. Миний үгэнд ороод босоод ирсэнд нь ./инээв/
-Суйлна гэдэг нь яадаг юм бэ?
-Бөгсөөр нь гараа оруулаад гэдэсний түгжээ гаргахыг хэлж байгаа юм. Дэлдэн хээрийн гэдэснээс хоёр хатсан хомоол авсан. Тэрийг нь авангуут л шууд босоод ирсэн. Хүнээр бол түгжрээ болчихсон байсан юм билээ. Энэ мэтчилэн муу ааваасаа бишгүй зүйл сурч авсан нь өнөөдөр хэрэг болж байна. Тэр эрдмийнх нь хүчээр өнөөдөр уяач хэмээн хэлэгдэж, танай сэтгүүлд ярилцлага өгч байна. Эцэг хүн хүүхдийнхээ үгэнд орно гэдэг үр хүүхдэд нь их урам өгдөг юм билээ. Тэр үед аав миний үгэнд оролгүй хүртчихсэн байсан бол, би магадгүй моринд ингэтлээ дурлахгүй ч байсан байж мэднэ.
Үргэлжлэлийг www.todmagnai.mn-с үзнэ үү.