Сонгуулийн солиорлоос төсвөө хамгаалъя

Хуучирсан мэдээ: 2015.09.17-нд нийтлэгдсэн

Сонгуулийн солиорлоос төсвөө хамгаалъя

Сонгуулийн солиорлоос төсвөө хамгаалъя

Арван зургаан оны сонгууль ойртох тусам, улстөрчдийн хувийн тоглолтууд ихэсч, иргэдээ, тойргоо эргэж тойрох нь элбэгшиж байна. Эмнэлэг, цэцэрлэг амлах бол энүүхэнд. “Малчдад цалин өгнө” гэж МАХН шиг популизм хийгээд явах улс төрийн нам хүчин, фракци улстөрчид улам л олширно. Малчинд битгий хэл малаа цалинжуулахдаа манай улстөрчид гар султай. Ялангуяа хөдөөнөөс сонгогдсон улстөрчид бол мал байтугайд хөрөнгө төсөвлүүлж чадах л хүмүүс.

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч гэх сураггүй нам хүртэл иргэдийн барьцаат зээлэнд өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл санаачлаад явж байх жишээний.  Энэ мэт сонгогчдодоо таалагдах гэсэн нам, болоод улстөрчдийн сэтгэлийн хөөрөл, гоё популизмын хөлд улсын төсөв улайж хоцордог нь уламжлал шахуу болж.

Удахгүй улсын төсвийг УИХ-ны чуулганы хуралдаанаар хэлэлцээд ирэхээр хэн гэгч гишүүн ямар гоё санал санаачлага гарч, ар түмэнд хэрхэн “буян амалж”, хишиг тараахыг таашгүй юм.  Гэвч ямар ч байсан энэ үеэр гишүүд бүгдээрээ “Сангийн сайд”-ын дүрдээ орцгоож,  тооны машинаарт, том том тоо бодож эхлэх байх.

 Сонгуулийн жилийн төсөв аймаар алдагдалтай, тэр чигтээ хайр халамжаар дүүрдэг хойно доо, ирэх оны төсөвт хэн юугаа тусгаж, хэрхэн батлах бол гэсэн эмзэглэл эдийн засгийн хүрээнийхэнд илүү байх шиг.

Хоёр сарын дараа буюу арваннэгдүгээр сарын 15-нд ирэх оны төсвийг баталсан байх ёстой. Хуулийн заасан эцсийн хугацаа  арваннэгдүгээр сарын 15 болохоос, энэ хугацаанаас өмнө улсын төсөв баталж болохгүй гэсэн үг биш л дээ.  Энэ хоёр сарын хугацаанд гишүүд сонгуулийнхаа зардлыг улсын төсөвт суулгах гэж улайрцгаах нь лав. Гол нь зурагтын камерын өмнө ард түмэндээ “хайр”-тайгаа харуулах нь тэдэнд чухал. Түүнээс "Малчдад цалин өгье" гэх мэт амьдралаас тасарсан  “поп” амлалтууд нь инфляцийн хөөрөгдөл, эдийн засгийн уналтыг дагуулах нь тэдэнд хамаа ч үгүй асуудал. Эдийн засаг хямарлаа гээд эцэст нь  тэд бүсээ чангалдаг бил үү.

Монгол Улсын төсвийн алдагдал оны эхний найман сарын байдаар 769 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.  Оны эцсээр бараг нэг их наядын алдагдал үүрэх болов уу гэсэн таамаглалыг Олон улсын валютын сан, Дэлхийн банкнаас хийсэн байна лээ. Үүнд гадаадын хөрөнгө оруулалт нь 44 сая ам.доллар болтлоо буурсан нь нөлөөлж, энэ оны сүүлээр эдийн засгийн өсөлт ердөө гурван хувьтай гарахаар харагдаж байгаа юм. Энэ бүхэн эдийн засаг маш муу байгааг харуулсан үзүүлэлт.

Төсвийн гуравны нэг хувийг бүрдүүлж байсан коксжих нүүрсний экспорт 12.2 саяас 9.6 сая тонн болж багассан, мөн манай улсын гол амин зуулга болох зэсийн ханш дэлхийн зах зээлд нэг тонн нь 5147 ам.доллар болтлоо уруудсан нөхцөлд ирэх оны төсвийг батлахдаа бодлого боловсруулагч, хууль батлагч хоёр субъект хаана, хаанаа хариуцлагатай хандахгүй бол  эдийн засгийнхаа “морийг  эмээлчихэж” мэдэхээр.

Тэгэхээр хямралын үеийн төсвийн бодлогоо   улс төрийн зорилготой хөрөнгө оруулалтаа зогсоохоос эхлэх шаардлага ч байна.  Өнгөрсөн гурван жилд Монгол Улс төсвийн хөрөнгө оруулалтаар “Шинэ сум” хүртэл барьж, баярхаж," тансагласан" нь худлаа биш.

Жалга, довоороо талцаж, тойргийнхондоо таалагдахын тулд хөдөөд болсон, болоогүй эзэнтэй, эзэнгүй баахан байшин барилаа. Уг нь ингэж хий дэмий “баярхаж” байх баян тарган төсөв мөнгөтэй орон биш шүү дээ, Монгол.  Ийм маягаар төсвийн хөрөнгө оруулалтыг зарцуулаад дуусвал эцэстээ эзэнгүй баахан балгастай л  үлдэх дэг.

Өч төчнөөн тэрбум төгрөг /нийтдээ 35 тэрбум/ зарцуулж шинэчилсэн Баянхонгорын Баянлиг, Бууцагаан, Дорноговийн Замын-Үүдийнхний амьдрал сайжирч, ажлын байр нэмэгдсэн үү гэвэл үгүй. Урьдын адил Улаанбаатарыг чиглэсэн их нүүдэл тасрахгүй байгаа билээ.

Уг нь Баянлигт байшин барьж байхаар үйлдвэр барьсан бол үр дүн нь өөрөөр гарч болох байв. Гэвч, хэн гэгч гишүүн лобби сайтай байна, түүний тойрогт төсвийн хөрөнгө оруулалт сайн хуваарилагддаг бичигдээгүй хууль манай улс төрд үйлчилдэг. Ямар сайндаа л нийслэлийн 67 дугаар сургууль дөрвөн ээлжээр шахуу хичээллэж байхад Завханы Алдархаан, Хэнтийн Цэнхэрмандалд мянган хүүхдийн хоёр давхар сургуулийг төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байна гээд бод доо.  Алдархааны дунд сургууль нь еөрдөө 45, Цэнхэрмандалынх нь 220 сурагчтай байхад мянган хүүхдийн сургууль тэнд барих ямар хэрэгтэй байгаа юм бэ? Үрэлгэн төсөв, өгөөжгүй хөрөнгө оруулалтын тод жишээ энэ шүү дээ.

Жалга, довоороо талцаж, тойргийнхондоо таалагдахын тулд хөдөөд болсон, болоогүй эзэнтэй, эзэнгүй баахан байшин барилаа. Уг нь ингэж хий дэмий “баярхаж” байх баян тарган төсөв, хөрөнгө мөнгөтэй орон биш шүү дээ, Монгол.  Ийм маягаар төсвийн хөрөнгө оруулалтыг зарцуулаад дуусвал эцэстээ эзэнгүй баахан балгастай л  үлдэх дэг.

Мянга ч хүрэхгүй хүүхэдтэй хөдөөгийн сумдад байнгын ашиглаад байдаггүй биеийн тамирын заал, соёлын төв барих зайлшгүй шаардлага байсан эсэхийг мэдэхгүй юм. Ямартаа ч “Их модун” компани тус суманд 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн сургууль, 180 хүүхдийн цэцэрлэг, 150 хүүхдийн дотуур байр, захиргаа, спорт цогцолборыг ашиглатад оруулж, улстөрчид тэнд тууз хайчлаад зогсч байсан нь жилийн өмнө. Гэтэл нөгөө гоё, шинэ сумуудад нь хүн тогтохгүй байгаа гэх  сураг дуулдах болжээ.

 Манай улсын төсвийн орлогод уул уурхайн салбарын шууд бас шууд бас оролцоо  өндөр байдаг. Энэ жилийн төсөвт  төсвийн нийт орлогын 59 хувь буюу, 2.6 их наядыг уул уурхайгаас олно хэмээн суулгасан боловч, орлого ч төлөвлөж байснаас  доогуур үзүүлэлттэй гарчээ.  Өнгөрсөн гурван жилийн хугацаанд уул уурхайн салбар уналтад орж, дэлхийн зах зээл дэх эрдэс баялгийн үнэ дагаад буурчихлаа. Ирэх 2017 оноос "Чингис" болон "Самурай" бондуудынхаа өрийг төлж эхэлнэ. Энэ мөнгийг төлөхийн тулд Монгол хуримтлалтай байх ёстой юм.

Иймээс ирэх жилийн төсвийг батлахдаа улс төрийн хөрөнгө оруулалтыг зогсоож, төсвийн хатуу бодлого хэрэгжүүлбэл ямар вэ. Улстөрч болгон аймаг, сум руугаа төсвөө огтоно шиг зөөгөөд байлгүйгээр шүү дээ.  Улстөрчдийн энэ мэт популизмыг эдийн засаг тэсч, дааж чадах тэнхэлгүй, өнөөдөр бүх л салбарт хямрал ил тодоор илэрч байна. Ийм шалтгаанаар ирэх жилийн төсвийн хөрөнгө оруулалтыг  бүр зогсоох  саналыг эдийн засагчид хэлж байна. Гадаадын хөрөнгө оруулалт зогсч, төсвийн хөрөнгө оруулалтыг тэглэчихээр эдийн засагт яах вэ гэж бодож болох юм. Гэвч улс төрийн зорилготой, төсвийн хөрөнгө оруулалт, сонгуулийн солиорлоос төсвөө хамгаалах үүнээс өөр олигтой хувилбар алга.

Төсвийн шинэ хуулийн дагуу тойрогтой гишүүдэд зориулан "Орон нутгийн хөгжлийн сан"-д багагүй хөрөнгө хуваарилдаг болсон. Ирэх жилийн төсөвт энэ мөнгөнийхөө хэмжээг нэмэх гэж УИХ-ын гишүүд ичихгүйгээр улайрч таарах биз. Иймээс УИХ-ын гишүүдэд хандаж хэлэхэд, сонгууль боллоо гээд эдийн засагт “үүр цайчих”-гүй болов уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж