Төв аймгийн Заамар суманд олборлолтын үйл ажиллагаагаа явуулж буй “Алтан Дорнод Монгол” компанийн хамт олон одоогоос хоёр жилийн өмнө нөхөн сэргээлт хийсэн талбайдаа 1000 ширхэг чацарганы мод, 400 ширхэг үхрийн нүдний суулгацийг тариалж байсан билээ. Тус компанийн ажилтан нэг бүрийн сэтгэлээ шингээн тарьсан жимсний уг талбай нь өдгөө үр жимсээ өгч эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Цаашид ч гэсэн олборлолт явуулж дууссан талбайгаа эдийн засгийн үр ашигтай байлгах, сум орон нутагт үр өгөөжтэй байлгах үүднээс тухайн талбайнхаа 10-20 хувийг нь моджуулж, үлдсэн хэсгийг нь шим тэжээлтэй өвс, ургамал тарих байдлаар нөхөн сэргээлтийн ажлаа хийнэ гэдгийг “Алтан Дорнод Монгол” компанийнхан онцоллоо.
Монгол хүн монгол нутагтаа эзэн болж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж ажилладгийн тод жишээг харуулж буй тус компанийн хамт олон одоогийн байдлаар 600 орчим га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг ажилттай хийгээд байна. Ийнхүү сэтгэл шингээн ургуулсан чацарганы бут нь өнөөдөр ашиг тусаа өгч, хаан жимс нь боловсорч эхэлсэн тул энэхүү талбайгаа Заамар сумын “Шижир алт”-ны Ерөнхий боловсролын сургуулийн хамт олон хүлээлгэн өгөх ажиллагааг саяхан зохион байгуулсан юм. Чацаргана жимсний үржүүлгийн талбайг хүлээн авахад тус сургуулийн нийгмийн ажилтан М.Энхсайхан, Биологийн ухааны багш Б. Шүрэнцэцэг, сургуулийн эцэг эхийн зөвлөлийн дарга Ч. Уранчимэг нар тус тус байлцлаа. Ингээд тус сургуулийн нийгмийн ажилтан М. Энхсайхантай цөөн хором ярилцсанаа хүргэе.
-“Шижир алт” сургуулиа танилцуулахуу?
-Манай сургууль анх 1995 онд Шижир алтны уурхайн ажилчдын хүүхдүүдэд эрдэм боловсрол олгох зорилгоор байгуулагдсан. Анх таван багш 26 сурагчтайгаар зүйл ажиллагаагаа эхэлж байсан бол одоо 467 хүүхэд, 30 гаруй багш ажилчидтайгаар өргөжин тэллээ. Тун удахгүй сургуулийн түүхт 20 жилийн ой тохиох гээд бидний ажил араасаа ундарч байна даа. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 700 гаруй хүүхдэд суурь боловсрол олгож төгсгөсөн байна. Сургууль маань сүүлийн 15 жил дараалан Төв аймгийн мэргэжлийн хичээлийн олимпиадад тэргүүн байр эзэлсээр ирлээ. Мөн улсын чанартай тэмцээнүүдэд олон арван медаль авсан багш сурагчидтай ийм баян түүхтэй сургууль юм.
-Уул уурхайн компаниуд, тэр дундаа Алтан Дорнод Монгол компанитай танай сургууль ямар харилцаатай байдаг вэ. Та бүхэнд ямар дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн бэ?
-Хүүхдийн байгууллагыг байнга дэмждэг, ээлтэй энэ байгууллагатай манай сургууль сүүлийн 3-4 жил “Нийгмийн хариуцлагын гэрээ” байгуулан хамтран ажиллаж ирлээ. Хамтын ажиллагааныхаа хүрээнд Эко-Сургууль гэсэн өргөмжлөл хүртэж, энэ чиглэлээр хамтран олон ажлуудыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ тус компаниас бидэнд томоохон дэмжлэг туслалцааг байнга үзүүлж ирсэн. Сурагчид маань Алтандорнод Монгол компанийн дэмжлэгтэйгээр хүнсний ногоо тариалж, түүнийгээ хурааж сурсан. Мөн сургуулийн ойр орчинд цэцгийн хүлэмжинд ногоо тарих, сургалт, зөвлөгөөг тус компаниас байнга явуулдаг. Ер нь нийгмийн хариуцлагын гэрээгээ маш сайн биелүүлж ирснийг хэлэхэд баяртай байна.
-Өнөөдөр нөхөн сэргээлт хийж, чацаргана жимс ургуулсан талбайгаа танай сургуульд хүлээлгэн өглөө. Цаашид энэ талбайг хэрхэн арчилж, тордож, ашиглах төлөвлөгөөтэй байна?
-Бид анх энэ саналыг маш баяртайгаар хүлээн авсан. Цаашдаа ч бид сургуулийнхаа хажууд хүнсний ногоо тариалах ажлыг хийхээр төлөвлөж байна. Харин одоо энэхүү талбайгаа байнгын харуул хамгаалалттай байлгаж, усалгаа арчилгааг сайн хийж, аль болох арвин их ургац, жимс авахын төлөө хичээн ажиллах болно. Сургуулийн зүгээс энэ талбайдаа эзэн болж хариуцаж авч явах болно. Түүнчлэн энэ талбайгаа чацарганы төгөл болгон хөгжүүлж, сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд хувь нэмэрээ оруулан ажиллана. Энэ ажлыг маань сумын засаг дарга Болормаа дэмжсэнд бид талархаж байна. Цаашид олон жимс ургуулж, дээжээс нь хүртэж ажиллана. Мөн дотуур байрныхаа сурагчдад болон сурагчдынхаа үдийн цайнд чацарганы шүүс өгөх төлөвлөгөөтэй байна. Сургуулийнхаа хажууд тариалсан чацарганы талбайгаас бид жилдээ 15 кг чацаргана жимс хураан авдаг.Өвлийн хахир хатуу улиралд чацарганы шүүс нь сурагчдын дархлаа болон эрүүл мэндэд олон талын тустай учир энэ том талбайг хүлээн авснаараа бид илүү арвин ургац хураан авна гэдэгтээ итгэлтэй байна.