Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр (2019.11.15)Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гарган, төрийн албаны хэрэгцээнд ашиглах зориулалттай автомашиныг хувьдаа болон бусдад ашигласан тохиолдолд албан хаагчийг ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаа үүрэг болгожээ.
Тодруулбал, захирамжид “Төрийн албаны тухай хууль, Захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангаж төрийн байгууллагын эд хөрөнгө, техник, албан мэдээллийг хувийн зорилгоор ашиглан завшихгүй байх, ажил үүргээ цаг тухайд нь биелүүлж ажиллахыг төрийн байгууллагын удирдлага, төрийн албан хаагчдад зөвлөсүгэй.
Төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл /автомашин/, мэдээллийг албаны бус зорилгоор өөрөө болон бусдад ашиглуулсан төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин ажилууллахаас татгалзах үндэслэл болох Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтын дагуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, холбогдох эрх бүхий албан тушаалтнууд, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай" гэжээ.
Төрийн албаны зөвлөл, Тээврийн цагдаагийн газартай хамтран энэ сарын 11-нд гэнэтийн шалгалт хийхэд Засгийн газрын сайд, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхийн газар, Эрдэнэс тавантолгой, Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эзэмшилд бүртгэлтэй автомашинаар хүүхэд сургуульд хүргэсэн зөрчил илэрсэн юм. Татвар төлөгчдийн мөнгө төрийн албаныхны хувийн хэрэгцээнд зарцуулагдан, урсаж байгаа энэ үйлдлийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт алга гэж тайлбарлаж, мэлзсэн бол хотын дарга С.Амарсайхан Төрийн албаны тухай хуулиа мөрдлөг болгон, зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцохоо мэдэгдэн, захирамжаа гаргалаа. Нийслэлийн Засаг даргын харьяанд 40 гаруй агентлаг байдаг. Засгийн газрыг ёс зүйн код ярьж, ухантах завсар хотын дарга шуурхай хөдөлж, хуулиа мөрдүүлэхээр захирамж гаргасан нь энэ. Харин Засгийн газар хэзээ сэлмээ эргүүлэх вэ.
Л.ОЮУ
Холбоотой мэдээ