Иргэдийн санал хүсэлтийг уламжлав

Хуучирсан мэдээ: 2015.09.17-нд нийтлэгдсэн

Иргэдийн санал хүсэлтийг уламжлав

Иргэдийн санал хүсэлтийг уламжлав

УИХ-ын хаврын чуулганы завсарлагаагаар нийслэлийн Баянзүрх, Налайх дүүргийн иргэдтэй уулзалт хийж, тэдний зүгээс эрүүл мэндийн салбартай холбоотой гаргасан санал хүсэлтийг нь нэгтгэн танилцуулж байна гэдгээ Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбатай өнөөдөр уулзахдаа онцлон тэмдэглэв.

Ийнхүү уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, гадаад улсад зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай өвчний жагсаалтыг өөрчлөн шинэчлэх, улсын төсвөөс гаргаж байгаа зардлын хэмжээг нэмэгдүүлэх, эмийн үнийн өсөлт хэрээс хэтэрсэн нь иргэдийн амьдралд хүндрэл учруулж байгаа тул тэдний орлого, төлбөрийн чадвартай дүйцэхүйц үнэ, чанартай эмээр хангах, эмийн үнийн нэгдсэн бодлого боловсруулах, Эрүүл мэндийн даатгалын хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан гарах дүрэм, журмыг яаралтай боловсруулж батлах, хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдэд мэдээлэл хүргэх, эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй болгох хүрээнд Улсын клиникийн 2 дугаар төв эмнэлгийг харьяа дүүргийн иргэдэд нээлттэй үйлчилдэг болгох, Баянзүрх дүүргийн эмнэлгийг өргөтгөх асуудлыг яаралтай шийдвэрлэх, Японы хөрөнгө оруулалтаар баригдах 1500 ортой их сургуулийн эмнэлгийн барилгын асуудлыг яаралтай шийдвэрлэх санал хүсэлтээ Эрүүл мэнд, спортын сайдад уламжилж тэдгээрийг яаралтай шийдвэрлэх талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг хүслээ.

Улсын Их Хурлын гишүүн манай яаманд өөрийн биеэр хүрэлцэн ирж эрүүл мэндийн салбарт тулгарч буй асуудалтай холбоотой иргэдээс гаргасан тодорхой санал хүсэлтийг уламжилж, тэдгээрийг шийдвэрлүүлэх талаар анхаарч ажиллаж буйд талархаж байгаагаа сайд илэрхийллээ.

Дараа нь Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба болон нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Тамир нарын зэрэг албаны хүмүүс УИХ-ын гишүүний танилцуулсан санал хүсэлттэй холбогдуулан мэдээлэл өгөв.

Тухайлбал, гадаад улсад зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай өвчний жагсаалтыг өөрчлөн шинэчлэх талаар санал боловсруулж байгаа бөгөөд иргэдийг дотоодын эмнэлгийн үйлчилгээнд илүү түлхүү хамруулах талаар анхаарч ажиллаж байгаа талаар танилцууллаа. Мөн эм, эмийн бүтээгдэхүний үнэ өндөр,чанар харилцан адилгүй байгааг холбогдох хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой бөгөөд тухайлбал, эмийн ерөнхийлөн худалдан авалтыг зохион байгуулах зэргээр зохицуулахад анхаарах талаар тэд ярив.

Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдах эмнэлгийг богино хугацаанд.барьж ашиглалтад өгөх нь чухал ач холбогдолтой юм. Түүний тендер нь зарлагдаж, ирэх оноос барилгын ажил нь эхэлж, 2018 онд ашиглалтад авах ажээ. Харин Баянзүрх дүүргийн эмнэлгийг өргөтгөхөд шаардлагатай байгаа 7 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгах талаар дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын гишүүнээс хүсэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж