Өөрсдийн болон хамаатны бяцхан "дайсны цэргүүд" үлэг гүрвэлд гүн "эзэмдүүлж" байгааг бид байнга хардаг шүү дээ. Тэд үлэг гүрвэлээр тоглож, үлэг гүрвэлтэй цамц өмсөж, үлэг гүрвэлийн ном уншдаг. Тэгвэл сайхан мэдээ байна. Сүүлийн үеийн нэгэн судалгаагаар үлэг гүрвэлд дуртай хүүхэд огт сонирхдоггүй хүүхдүүдээс илүү оюуны чадамжтай байдаг хэмээн нотолж байна.
Сэтгэл судлалын шинжлэх ухаанд хүүхдийн эл үйлдлийг "Хүчтэй сонирхол" хэмээн нэрлэдэг. Гурван хүүхэд тутмын нэг нь энэ сонирхлоо насан туршдаа хадгалж үлддэг бол бусад нь ердөө зургаан наснаасаа хойш мартчихдаг гэнэ.
Индианагийн их сургууль болон Висконсины их сургуулийн явуулсан судалгааны үр дүнд "Хүүхэд насны хүчтэй сонирхол анхаарал төвлөрөх, төсөөлөн бодох чадвар, олон зүйл бодох, мэдээлэл боловсруулах чадварт сайнаар нөлөөлдөг" хэмээх дүгнэлт гарчээ.
Хүүхдийн хүчтэй сонирхол ихэвчлэн хэл ярианы чадвар, бусдын яриаг ойлгох чадварт онц сайн нөлөө үзүүлдэг ч үлэг гүрвэл сонирхогч хүүхдүүдийн хувьд аливаа асуудлын шийдлийг хайх чадвар суулгадаг гэнэ.
Сонирхолтой нь, хүүхдийн үлэг гүрвэл сонирхох сонирхол эцэг эхийн оролцоогүйгээр нэг наснаас эхэлдэг аж. Гэвч дээр дурдсанчлан тэдгээр хүүхдүүдийн ердөө 20 хувь нь л сургуульд орох хүртлээ дээрх сонирхлоо хадгалж үлддэг байна.
Судлаачдын үзэж буйгаар бол хүүхдүүд сургуульд орж олон шинэ зүйл сурах шаардлагатай болсноор өөрийн сонирхлыг хөгжүүлэх цаг зав хомсдож эхэлдэг бололтой. Тиймээс эцэг эхчүүд хүүхэддээ чөлөөт цагаар нь сонирхлынх нь дагуу сонирхолтой мэдээлэл өгж, хамт тоглож байх хэрэгтэй хэмээн судалгааны багийнхан зөвлөж байна.
Хүүхэд тань сургуульд орсон ч үлэг гүрвэлд сонирхолтой байгаад байвал таны хүүхэд үнэхээр ухаалаг гэдэг нь гарцаагүй.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: didyouknowfacts.com
Холбоотой мэдээ