"Ерөнхийлөгч хориг тавьсан нөхцөлд УИХ хэлэлцэхгүй байх практик бий"

Хуучирсан мэдээ: 2019.11.15-нд нийтлэгдсэн

"Ерөнхийлөгч хориг тавьсан нөхцөлд УИХ хэлэлцэхгүй байх практик бий"

"Ерөнхийлөгч хориг тавьсан нөхцөлд УИХ хэлэлцэхгүй байх практик бий"

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, ажлын дэд хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-"УИХ өчигдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хуулийг баталсан.  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 3 дахь хэлэлцүүлгийг хийсэн. Гурав дахь хэлэлцүүлэгт 64 гишүүн оролцсон, 100 хувийн саналаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хуулийг баталсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал 20 гаруй жил, гурван парламент дамжин яригдсан. Одоогийн парламент сүүлийн гурван жил Үндсэн  хуулийн  нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэг хийж 2019 оны зургадугаар сард Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьсан.  Нийтдээ таван сар буюу таван сар буюу 158 хоног хэлэлцэж, өчигдөр Үндсэн хуулийг шинэчлэн баталлаа. Монгол Улсын Үндсэн хууль 70 зүйлтэй.  Үүнээс 19 зүйл, 36 заалтад өөрчлөлт оруулсан. Байгалийн баялгийг тэгш хүртээмжтэй ашиглах заалт орж ирсэн. Стратегийн орд газруудыг ашиглахдаа түүний дийлэнх нь ард түмний мэдэлд байх заалт орж ирсэн.  Дараагийн заалт нь улс төрийн намуудтай холбоотой заалт орж ирсэн. Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй иргэд эвлэлдэн нэгдэж байгуулна гэж заалт оруулсан. Намын санхүүжилтийг ид тод байх зохицуулалт оруулж өгсөн. Үүнтэй холбоотойгоор Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчилнө. Сонгууль болохоос нэг жилийн өмнө УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөхгүй гэж зааж өгсөн. Монгол Улсын эдийн засаг нийгмийн хөгжлийн тодорхойлох заалтууд оруулж өгсөн.  УИХ хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг нэмэгдүүлэх, гишүүдтэй хариуцлага тооцох, эргүүлэн татах заалтыг тодорхой болгож өгсөн. Ерөнхий сайдаас бүрэн хамааралтай Засгийн газар кабинетийн зарчмаар ажиллах зохицуулалт оруулж өгсөн. Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгох, насны босгыг нэмсэн.  Нутгийн удирдлагатай холбоотой зохицуулалтыг Үндсэн хуульд суулгаж өгсөн. 21 аймгийн төв болон Дархан, Эрдэнэтийг хот болгож өгсөн. 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12:00 цаг буюу 17 жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны рашаан барилдлагатай өлзийт сайн шар луу өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөхөөр тогтсон.

Ажлын дэд хэсгийн ахлагч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан:

-Намын нэг хувьтай заалтаас бусад заалтуудыг 2020 оны тавдугаар сарын 25-наас дагаж мөрдөнө.  Монгол Улсын Ерөнхийлөгч бусад хуулиудад хориг тавих бүрэн эрхтэй. Гэхдээ Үндсэн хуульд хориг тавих бүрэн эрхтэй юу гэсэн асуудал яригдаж байгаа. 1999 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тухайн үеийн Ерөнхийлөгч хориг тавьж байсан. Гэхдээ  тухайн үеийн УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуульд Ерөнхийлөгч хориг тавих бүрэн эрхгүй гэж үзээд хүлээж аваагүй, хэлэлцээгүй  практик тогтсон байдаг. Харин 2010 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтөд оруулах журмын тухай хуульд зааснаар Ерөнхийлөгч хориг тавьж болох заалт байгаа. Хэрвээ Ерөнхийлөгч хориг тавивал тогтсон парактик болон  хууль хоёрын аль нь  Үндсэн хуулийн суурь үндэслэлд нийцэж байна гэдгийг УИХ авч хэлэлцээд илүү нийцсэнээр нь шийдэх болов уу гэж бодож байна.

МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, Хууль зүйн доктор А.Бямбажаргал:

-Иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргах, өргөдөл гаргах асуудлыг энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр хөндөөгүй өнгөрсөн байдаг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орсон зүйл заалт Үндсэн хуульд зөрчилдсөн үү гэдэгт Үндсэн хуулийн цэц хяналт тавихгүй.

Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав:

УИХ хууль батална. Тодорхой асуудлаар тогтоол баталдаг. Үндсэн хууль өөрөөр заагаагүй бол УИХ-ын нийт гишүүний олонхны саналаар хууль батлагдана гэсэн заалт оруулсан.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж