Монгол Улсын Их Хурлын даргад хандаж “Ард түмний штаб” хөдөлгөөнөөс 2019 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн шаардлагын хариуг өнөөдөр (2019.11.15) Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал гардуулан өглөө.
Монгол Улсын Их Хурлын дарга тус хөдөлгөөний удирдлагад хүргүүлсэн хариу өгөх тухай 1/12292 тоот албан бичигтээ,
“Танай штабаас Улсын Их Хуралд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн шаардлагатай танилцлаа.
Улсын Их Хурал тарах асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлээр тодорхой зохицуулсан.
Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргадаг.
Танай шаардлагын дагуу Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлыг тараах санаачилга гаргах нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг болох юм” гэжээ.
Эх сурвалж: PARLIAMENT.MN
Холбоотой мэдээ