З.Нарантуяа: Намаа ялуулъя гэвэл санхүүжилтээ босгох шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2019.11.16-нд нийтлэгдсэн

З.Нарантуяа: Намаа ялуулъя гэвэл санхүүжилтээ босгох шаардлагатай

“Ньюс” агентлаг өнгөрч буй долоо хоногт уригдсан зочдынхоо ярилцлагыг багцлан хүргэж байна.


“ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬ БУДИЛААНТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ”

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол, Хятадын хамтарсан чөлөөлт бүс байгуулах асуудал хөндөгдөж, багагүй маргаан дагуулаад буй. Чөлөөт бүсийн асуудлаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн ахлах багш Ц.Цолмонтой ярилцлаа.

-УИХ-ын чуулганы хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуулийн төсөл яригдаж эхэлсэн нь иргэдийн дунд маш их шүүмжлэлийг дагуулж байна. Таны хувьд энэ хуулийн төсөлтэй танилцаж амжсан уу?

–Энэхүү хуулийн өөрчлөлт нь нэр томъёо талд нь илүүтэй хандсан өөрчлөлт байна лээ. Тухайлбал, хуулийн төсөлд “хил дамнасан” гэдэг нэрийг ашиглах нь зохимжгүй гэж үзэж байгаатай санал нийлж байгаа. Учир нь, хил дамнасан гээд нэрлэчих юм бол хоёр талын хэлэлцээр, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ойлгомжгүй, будилаантай нөхцөл байдал үүсэх магадлалтай. Иймээс хил дамнасан гэж нэрлэхээсээ илүүтэй Монгол, БНХАУ хамтарч ажиллаж байгаа гэдэг үүднээс “хамтын ажиллагааны чөлөөт бүс” гэсэн утгаар нэрийг оруулах нь зүйтэй болов уу гэж бодож байна.

-Чөлөөт бүсийн асуудал манай улсад 20 гаруй жил яригдаж байна. Энэ асуудал өнөөдөр ямар түвшинд явж байна вэ?

–Монгол Улсын хувьд чөлөөт бүсийг хөгжүүлэхэд хамгийн том тулгамдаж буй асуудал бол бүтээн байгуулалтын тухай асуудал. Монгол Улс өөрөө далайд гарцгүй улс. Энэ нь тээврийн зардал өндөртэй гэсэн үг. Тээврийн зардал өндрөөс гадна чөлөөт бүсүүдэд нь бүтээн байгуулалт хийгдээгүй буюу дэд бүтэц байхгүй байгаа тохиолдолд зардал нь улам л нэмэгдэнэ гэсэн үг. Чөлөөт бүсэд татварын хөнгөлөлт, тусгай дэглэм үйлчилдэг жишиг бий. Харамсалтай нь тээврийн зардал өндөр, дэд бүтэц хөгжөөгүй байдал нь үүнийгээ үгүйсгээд байдаг. Хэрвээ бид чөлөөт бүсийг хөгжүүлэх гэж байгаа бол чөлөөт бүсийнхээ дэд бүтцийн асуудлыг маш өндөр түвшинд шийдэж өгөх ёстой.

Одоогоор манай улс чөлөөт бүсийнхээ дэд бүтцийг нь тодорхой түвшинд шийдчихсэн гээд хэлээд байна. Гэтэл, жишээ аваад ярихад, Замын-Үүд, Алтанбулаг дээр ч адил бүс дундуураа явсан үндсэн зам байхаас биш тэрхүү зам болон тухайн чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй компани, аж ахуй нэгжүүдийг холбосон туслах зам байхгүй байна. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн зөөх боллоо гэхэд нөгөө л нэг шороон замаараа явна л гэсэн үг. Цагаан нуурт бол дэд бүтэц огт байхгүй. Энэ бол хамгийн энгийн асуудал. Цаашилбал дулаан, цахилгаан, цэвэр, бохир ус гэх мэт тухайн газарт үйл ажиллагаа явуулах түвшинд асуудал нь шийдэгдээгүй байна гэсэн үг юм. Алтанбулаг чөлөөт бүсэд дээрх асуудлыг нь шийдчихсэн. Харамсалтай нь, үүнийг нь ашиглаад үйл ажиллагаа явуулья, эдийн засгийн үр ашгийг нь гаргах компаниуд алга. Ингээд ирэхлээр хоосон ажиллаад, эдийн засгийн үр ашиггүй байна гэх хандлага гараад хаачихдаг жишээ байна.

Дэлгэрэнгүйг ЭНД линкээр орж уншина уу.


“ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАРЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АМАР АМГАЛАН МЭДРЭГДДЭГ”

Монголын Үндэсний музейд  нээгдсэн “Сарьдагийн хийд" үзэсгэлэнгийн хүрээнд өчигдөр /2019.11.12/ Өндөр гэгээн Занабазарын намтрын судалгаа нэртэй нэгэн сонирхолтой лекцийг Бүгд Найрамдах Польш улсын Варшавын Их сургуулийн багш, монгол судлаач, доктор, профессор Aгата Бария Старзинский толилуулсан юм. Түүний илтгэлдээ дурдсанаар “Өндөр гэгээн Занабазарыг Чингисийн алтан ургийн хүн байсан гэж эх сурвалжид тэмдэглэдэг ч буриад хүн байсан” гэдгийг тодотгосон билээ. Харин монголчууд түүний бүтээлүүдийг харж “бурхан ухаантай хүн” хэмээн хүндэтгэж, Чингисийн алтан ургийн хүн гэдгээрээ Монголын шашин, улс төрд өндөр байр суурийг эзэлсэн эзэлсэн гэж үздэг. Үүний тод жишээ нь, Өндөр гэгээн Занабазар 2000 шавьтай байсан гэж түүхэн судар бичигт тэмдэглэн үлдээжээ. Гэхдээ түүнд дотны 30 шавь л байсан гэдэг.

Ард түмний оюун билэг, авьяас чадлын тод мөрийг үлдээсэн Монгол мэргэдийн нэг болох Өндөр гэгээн Занабазарын намтар түүхийн талаар Монгол судлаач, доктор, профессор Aгата Бария Старзинскийтай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө монгол судлалаар докторын зэрэг хамгаалсан түүхээс тань ярилцлагаа эхлүүлье. Дэлхийн улс орнуудаас яагаад Монгол орныг онцолж, тэр дундаа Өндөр гэгээн Занабазарын намтар, түүхийг судлах болов? 

-Өөрийгөө товчхон танилцуулахад Польш улсад монголч эрдэмтнээр ажилладаг. Би анх удаа 1982 онд Монголд ирсэн. Тухайн үед дунд ангийн сурагч жаахан охин байлаа. Аав маань геологич учраас дагаж хамт ирсэн юм. Анх Монголд ирэхэд үнэхээр сайхан орон санагдсан. Байгалийн үзэсгэлэнт газруудтай, баялаг түүхтэй улс. Бурхны шашны соёл их хөгжсөнийг Эрдэнэ зуу хийд, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон гэх мэт түүхэн дурсгалт газруудтай танилцах явцдаа мэдсэн. Сонирхлыг маань татаж, гүн сэтгэгдэл төрсөн болохоор монголч эрдэмтэн болох эхлэл тавигдсан юм болов уу. Монгол судлалын дотроос бурхан шашин, өв соёл, бурхны шашны уран зохиол хийгээд Монгол-Төвөдийн харилцааны түүх анхаарал татдаг. Түүнчлэн монгол бичиг үсэг сонирхолтой. Би Монголд ирэхээсээ өмнө Монголын талаар сайн мэддэггүй, Чингис хаанаар л төсөөлж, боддог байсан.

-Таныг анх Монголд ирж байсан үеийг өнөөдрийнхтэй  харьцуулахад Монголын дүр зураг  тэнгэр газар шиг ялгаатай байх. Ардчилал гарахаас өмнөх Монгол Улсад ирэхэд сүм хийд, хуучны барилга байгууламжууд нь өнөөгийнхтэй харьцуулахад хэр их өөрчлөгдөж, бас хуучин төрхөө хадгалж үлдсэн юм шиг санагдаж байна?

-Би 1982 онд Монголд ирэхэд бурхны шашны сүм хийд их цөөхөн байсан. Гандан болон Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей зэрэг цөөхөн хэдэн сүм хийд байсан санагддаг. Мөн Хархорины Эрдэнэ зуу хийдэд очиж үзсэн. Үүнээс өөр бурхны шашны сүм хийд байгаагүй болов уу. 1990 онд ардчилал гарснаас хойш 1992 оноос эхлэн  шашны үйл ажиллагаа чөлөөтэй хөгжих боломж гарсан учраас маш олон газарт бурхны шашны жижиг том сүм хийдүүд дахин сэргэж мандсан. Энэ талаар би судалгаа хийж байсан юм. Мэдээж одоо бол Монгол улс их хөгжсөн. Бид Улаанбаатар хотыг Азийн улс орнуудын томхон хотуудтай харьцуулахад ялгаа байхгүй. Өндөр шилэн барилгуудтай, шинэ маягийн барилга байгууламж их. Гэхдээ Монгол Улс түүх, соёлоороо арвин их баялагтай ч монголчууд бурхны шашны мэдлэгтэй болох хэрэгтэй. Хоёрдугаарт, хуучны барилга байгууламжуудаа хүн бүр хайрлаж хамгаалдаг сэтгэлтэй байх нь чухал.

Дэлгэрэнгүйг ЭНД линкээр орж уншина уу.


Н.ОЮУНДАРЬ: БЭЛГИЙН СЭДЭЛТЭЙ ОНИГОО БЭЛГИЙН ДАРАМТЫН НЭГ ХЭЛБЭР

УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарьтай ажлын байрны бэлгийн дарамт АББД-ын нөхцөл байдал болон цаашид хэрхэн шийдвэрлэх гарцын талаар ярилцлаа.

-Сүүлийн үед ажлын байрны бэлгийн дарамт /АББД/ ихэсч байна гэх мэдээлэл хэвлэлүүдээр байнга гарах боллоо. УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд АББД -т ямар түвшинд байна гэж та хэлэх вэ? 

-Ажлын байрны бэлгийн дарамт /АББД/ ямар хэмжээнд байгааг одоогоор нарийн үнэлэх боломжгүй. Харин Хүний эрхийн үндэсний комиссоос хийсэн судалгаанд энэхүү байдлыг бүх талаар харуулсан байдаг. АББД голдуу далд маягаар явагддаг. Хохирогчид тэр бүр Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргаад, өмгөөлөгчид хандаж асуудлаа бүрэн шийдүүлдэггүй. Энэ нь эрх зүйн орчин таатай бус, мэдээлэл муутай гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бид АББД болон бусад асуудал дээр хүчээ нэгтгэж зохих хууль, журамд өөрчлөлт оруулж, ажил хэрэг болгох цаг болжээ. Голдуу л хууль, хүчний, боловсрол, соёл урлагийн чиглэлийн байгууллага дээр ийм маягийн дарамт, харилцаа, буруу хандлага газар авсныг хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын кэйсээс харж болно. Магадгүй нэг хүйсийн зонхилж байна.

-Тухайлбал,  ямар байгууллагуудад АББД хамгийн ихээр гарч байна вэ?

-ХЭҮК-оос 2019 оны эхээр гаргасан Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлд тодорхой мэдээллүүд багтсан байгаа. Байгууллага гэхээс илүү салбараар нь гаргасан судалгаа бий. “Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх төрийн бус байгууллагуудын эвсэл” гэж мундаг эмэгтэйчүүд ажилладаг газар бий. Эднийхээс 2017 онд судалгаа явуулж 753 хүн хамрагдсаны 79.6 хувь нь “ажлын байрны бэлгийн дарамт их байдаг” гэж хариулжээ. Театр, урлаг, спорт, соёлын газарт тайзны ард, бэлтгэлийн үеэр охид, эмэгтэйчүүд бэлгийн дарамтад өртөж, авьяас, чадвараа олон нийтэд хүргэж харуулж чадахгүй, дуртай зүйлээ орхиход хүрч байгааг судалгаанд онцолсон байна лээ. Магадгүй нэг хүйсийн албан хаагчид давамгайлдаг гэдэг утгаараа Хууль сахиулах, Батлан хамгаалах байгууллагуудад хийгдсэн судалгаа илүү байж магадгүй.  Тэр ч утгаараа эдгээр байгууллагуудад АББД зонхилж байна гэж үзэж байна.

Дэлгэрэнгүйг ЭНД линкээр орж унших боломжтой.


З.НАРАНТУЯА:  НАМАА ЯЛУУЛЪЯ ГЭВЭЛ САНХҮҮЖИЛТЭЭ БОСГОХ ШААРДЛАГАТАЙ

УИХ-ын гишүүн З.Нарантуяагаас цаг үеийн зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшихийн тулд намдаа 100 сая төгрөг  тушаах шийдвэрийг  Үндэсний бодлогын хорооны хуралдаанаараа гаргасан. Эмэгтэй нэр дэвшигчдийн хувьд 60 сая төгрөг намдаа тушаах энэ шийдвэрийг та дэмжиж байгаа юу?

-Би хуралд оролцоогүй. Ер нь бол улс төрийн намууд сонгуульд бэлдэхийн тулд санхүүжилт хэрэгтэй нь үнэн. Өмнө нь АН-ын хувьд томоохон компаниуд, хөрөнгө мөнгөтэй бизнесменүүдээс дэмжлэг авдаг байсан бол намын шинэчлэлийн хүрээнд энэ асуудал байхгүй болсон. Одоо АН зөвхөн Үндэсний бодлогын хорооныхоо гишүүдийн татвар болон намын бусад гишүүнийхээ татвараас санхүүгээ босгож байгаа. Сонгуульд ороход улс төрийн намуудад мэдээж санхүүжилт хэрэгтэй. Энэ нь 60 тэрбумын хэрэг шиг ямар нэгэн албан тушаал амлаж, түүнийх нь төлбөр болгож авч хэрхэвч болохгүй, төрийн эсрэг гэмт хэрэг болно.

Хэрвээ намаа сонгуульд ялуулъя, намынхаа үйл ажиллагаанд манлайлж оролцъё гэвэл тухайн нэр дэвшигч санхүүжилтээ босгох үүрэг өөрт нь ноогдоно. Тэр утгаараа УИХ-ын 2020 оны сонгууль болоход таван сарын хугацаа үлдлээ. Энэ хугацаанд намынхаа бодлого, мөрийн хөтөлбөр, үнэт зүйлийг ярих өөрийгөө таниулж мэдүүлэх, ажлаа хийхэд нь санхүүжигдэх мөнгө. Түүнээс биш нам мөнгийг нь аваад мөнгө өгснийх нь төлөө “Албан тушаалд очоорой” гэж наймаацаж байгаа хэрэг огт биш.

АН УИХ-д долоохон суудалтай.  Гишүүдэд Улс төрийн намын тухай хуулийн дагуу улсын төсвөөс хуваарилдаг мөнгө нь хаанаа ч хүрэхгүй. 65 гишүүнтэй төсвөөс их мөнгө авдаг намын хувьд өөр байж магадгүй. Мөнгөний хэмжээ хүн бүрт харилцан адилгүй тусч байгаа байх. Эмэгтэйчүүдийн хувьд 60 сая төгрөг өндөр. Гэхдээ намын үйл ажиллагааг явуулах, улс төрийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн хэмжээ мөн өндөр. Тэгэхийн тулд наад зах нь гишүүд 50-100 сая төгрөгийн мөнгө босгож байж намынхаа бүрэн санхүүжилтээ гаргах нь гэдэг тооцоон дээр яригдсан тоо гэж ойлгож байгаа. ҮБХ-ны гишүүд нэлээд маргалдаж олон талаас нь ярьсан. Нэгэнт олонх нь шийдвэр гаргачихсан учраас бусад нь энэ шийдвэрийг дагах байх гэж бодож байна.

Дэлгэрэнгүйг ЭНД линкээр орж уншаарай.


“МАНАЙ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ГАДААД ОРЧИН ЭРСДЭЛТЭЙ БОЛСОН”

УИХ Монгол Улсын 2020 оны төсвийг баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Амарзаяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ-аар 2020 оны төсвийн хуулийг баталлаа. Төсвийн алдагдал асар ихээр өсчээ. Төсвийн байнгын хороо алдагдлыг бууруулах чиглэлээр санаачилга гаргаж ажиллаж чадав уу. Ирэх оны төсвийг хэрхэн батлагдлаа гэж дүгнэж байна вэ?

-Төсвийн алдагдал 2.0 их наяд төгрөг. Өнгөрсөн жилийнхээс эрс нэмэгдсэн. Төсөв ч урт дунд хугацаанд ачааллаа дийлж чадахгүй хэмжээнд хүрч байна даа. Засгийн газрын өргөн барьсан төсвөөс урсгал зардлыг бууруулснаар алдагдлыг 1.0 их наядаар бууруулах боломжийн талаар яригдсан. Энэ мэт өөрчлөлтүүдийг хийж чадаагүй.

-Хэлэлцүүлгийн үеэр та гадаад зээл тусламжийн зээлийн зарцуулалтыг нэлээд шүүмжилж байсан?

-2020 онд нийт гадаад зээл тусламж 1,446.6 тэрбум төгрөг бөгөөд үүнээс 1,296.3 тэрбум төгрөг нь гадаад улсууд, олон улсын байгууллагаас авч ашиглах зээл байна. Эдгээр зээлийн өр төлбөрийн асуудал тодорхойгүй, төслийн зээлийг байгаль орчныг хамгаалах, цэвэрлэх байгууламж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээг өргөжүүлэх зориулалтаар ашиглах бөгөөд нефть бүтээгдэхүүн, эрчим хүчний хангамж, дэд бүтцийн хөгжилд нийт зээл тусламжийн 35 хувийг зарцуулах юм. Эдгээрээс үзэхэд бүтээн байгуулалт, нийгмийн хөгжлийн арга хэмжээ үндсэндээ гадаадын төслийн зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжиж байна. Энэ нь манай үндэсний санхүүгийн зах зээл бүтээн байгуулалтын томоохон хөтөлбөрт оролцож чадахгүй байгааг харуулж байна. Үүгээрээ 2020 оны төсвийг муу төсөв боллоо гэж үзэж дэмжээгүй.

Дэлгэрэнгүйг ЭНД линкээр орж унших боломжтой.


 “АНТРАКТИД ТИВД БҮХ ТӨРЛИЙН ӨНГИЙГ ҮЗЭЖ БОЛНО”

Зундаа нар жаргадаггүй, өвөлдөө нар үздэггүй ертөнцийн зулай гэгддэг тив бол Антарктид. Тэнд хөл тавьсан цөөн монгол хүний нэг бол доктор, профессор, туйл судлаач Л.Дүгэржав юм. Тэрбээр өнөөдөр /2019.11.12/ ШУТИС-ийн төв байранд Антарктид тивд долоо дахь удаагийн ээлжит аяллаа эхлүүлэх гэж байгаа талаараа мэдээллээ. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Антарктид тив рүү долоо дахь удаагаа аялах гэж байна. Аяллаа хэзээнээс эхлүүлэх вэ?

-Миний бие Антарктид тивийн судалгааны ажлын ээлжит аялалдаа гарахад бэлэн болоод байна. Монголчууд 1972 онд анх удаа хуучин ЗХУ-ын судалгааны экспедицийн бүрэлдэхүүнд орж, Антарктид тивд хөл тавьж байсан. Түүний дараа 1982 онд Монгол судлаач явж байсан бол 2008 оноос цоо шинэ шатанд гарч, орчин цагийн Антарктид судлалын ажилд монголчууд оролцож эхэлсэн.

Би арваннэгдүгээр сарын 19-ний өдөр ээлжит аяллаа эхлүүлнэ. Ирэх арванхоёрдугаар сарын 2-нд Чели, Аргентины хамгийн өмнөд цэгт орших хотод очиж, Магелланы хоолойг гатлаад Галт газрын арал дээр хүрэх төлөвлөгөөтэй байгаа. Бид нэг талдаа 15 хоног явна. Ирэхдээ бас 15 хоног, тэндээ 40 орчим хоног ажиллах төлөвлөгөөтэй.

Бидэнд хамт явах судалгааны баг бүрэлдэхүүнээ танилцуулаач?

-Би энэ жил Болгар олон улсын багийн бүрэлдэхүүнд явж байгаа. Энэ жил энэ багт Монгол, Турк улсын эрдэмтэн судлаачдаас гадна Колумб, Португаль улсын судлаачид ажиллана. Тэнд очоод Испани улсын судлаачидтай хамтран ажилладаг. Учир нь манай бааз барьж буй газраас Испани улсын судлаачдын багийн бааз хоёр километрийн зайтай байрладаг. Бид хөршүүд гэсэн үг.

Монгол Улсаа төлөөлж буй ганцаараа аялж байгаа. Аяллын багт олон хүн явах ямар ч бололцоо байхгүй. Нэгдүгээрт тэнд очоод бид байрлах газар байхгүй. Хоёрдугаарт нэг талдаа 25 мянган километр газар руу онгоцоор, усан онгоцоор, явган нүцгэн яваад хүрэхэд асар их зардал гардаг. Тийм хэмжээний мөнгийг судалгаа шинжилгээний ажилд зарцуулахад хэцүү шүү дээ. Миний хувьд долоо дахь удаагаа явж байгаа болохоор дасчихжээ. Гэхдээ нас бас явж байна. Аялал бол амаргүй шүү дээ.

Дэлгэрэнгүйг ЭНД линкээр орж унших боломжтой.


“БИ ЮМ БОЛГОНД ҮСЧИХ ДУРГҮЙ”

Австрали улсад ажиллаж, амьдарч буй Монголын мисс Д.Шүрэнцэцэгтэй сошиал хуудсаар холбогдож, ярилцлаа.

“Miss Auto D’Elegance 2019” миссийн тэмцээнд өрсөлдөж, титмийн эзэн болсонд баяр хүргэе. Тэмцээн онгоцны буудал дээр зохион байгуулагдсан нь сонирхолтой санагдсан?

– “Miss Auto D’Elegance 2019” тэмцээн нь дэлхийд анх удаа онгоцны буудал дээр нийтдээ 20 сая ам.доллараар үнэлэгдэх тансаг зэрэглэлийн автомашин, тусгай онгоцтой зохиогдсон гэдгээрээ олны анхаарлыг татлаа. Авсртали улсдаа томдоо орох гурван телевиз, 10 гаруй сонин, сэтгүүл, алдартай телевизийн шоуны од, жүжигчид, дуучдаас гадна 20 гаруй зурагчин хүрэлцэн ирсэн.

Энэ тэмцээний маань гол зорилго нь Австралийн “StarLight” гэх хөгжлийн бэрхшээлтэй, хүнд өвчтэй тэмцэж буй хүүхдүүдэд туслах зорилготой санд хандив босгох, Австралийн автомашины салбарыг сурталчлах зорилгоор зохион байгуулсан миссийн тэмцээн юм.

Миний бие уг тэмцээнд үзэсгэлэн гоо, эрдэм мэдлэгээрээ үнэлэгдсэн Автрали улсын миссүүдтэй өрсөлдөн, тэргүүн титмийн эзэн болсондоо баяртай байна. Ингэснээрээ бүтэн жилийн хугацаанд “Сайн үйлсийн аяны элч” болохоос гадна “Auto”, “Elegance” зэрэг хоёр сэтгүүлийн нүүр царай болох хариуцлагатай нэр хүндийн эзэн боллоо.

Австрали улсад зохион байгуулдаг бусад миссийн тэмцээнээс биеэ авч яваа байдал, мэдлэг боловсрол, бусадтай харьцах ур чадвар зэргийг голчлон шалгуураа болгож байгаа нь ажиглагдсан. Учир нь тэмцээний дараа тэр нэр хүндээ хэрхэн авч явах, элч нь байж чадах эсэхийг нь чухалчилдаг. Тэмцээний үеэр Кэти гэх дауны синдромтой охины модель болох хүслийг нэгэн орой биелүүлж, моделиор оролцохыг урьсан нь сайн үйлсийн аяны эхлэл нь байсан юм .

-Австрали улсад хэр удаан амьдарч байгаа вэ?

-Би Австрали улсап ажиллаж, амьдраад таван жил болох гэж байна. Анх энд англи хэлний мэдлэгээ сайжруулах зорилгоор ирж байсан. Тэр цагаас хойш менежментийн чиглэлээр суралцаж, саяхан магистрын зэргээ олон улсын бизнес, маркетингийн чиглэлээр давхар мэргэжилтэй суралцаж төгссөн. Суралцаж байх хугацаандаа Австралийн үл хөдлөх хөрөнгийн салбарт орж, туршлага хураагаад амжсан. Одоогоор өөрийн байгуулсан “World Travel Mongolia” аяллын компаниа хариуцан, Монгол Улсынхаа аяллын салбарыг Австрали улсад сурталчилж, моделийнхоо ажлыг орхигдуулахгүй хийж байна.

Дэлгэрэнгүйг ЭНД линкээр орж унших боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж