Өнөөдөр Ю.Цэдэнбалын мэндэлсэн түүхт өдөр

Хуучирсан мэдээ: 2015.09.17-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Ю.Цэдэнбалын мэндэлсэн түүхт өдөр

Одоогоос 99 жилийн өмнө буюу 1916 оны энэ өдөр /09.17/ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Монгол ардын намын /МАХН/ Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал мэндэлсэн түүхтэй. Өнөөдөр Ю.Цэдэнбал агсны мэндэлсэн ойг тохиолдуудан МАН, МАХН-ын удирдлагууд намын гишүүд болон гэр бүлийнхэн нь түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Маршал Ю.Цэдэнбал нь Монголын нам, төрийг 44 жил тэргүүлэхдээ улс орноо хөгжүүлэх, ард түмний аж амьдралыг дээшлүүлэн соёлжуулах, улсын тусгаар тогтнол, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэхээр олон ажил хийсэн гэж эрдэмтэн судлаачид үздэг. Иймээс ирэх онд тохиох Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойгоор түүнд улс төрийн цагаатгал үзүүлэх ёстой гэж түүхчид тайлбарлалаа.

Монгол үндэстний ахуй амьдрал, шинжлэх ухаан, соёл, боловсрол, эдийн засаг сэргэн мандаж, Чингис хаанаас хойш мартагдсан монгол хүн дэлхий дахинд дахин танигдах боломжийг олгосон гавьяатан бол Ю.Цэдэнбал гэж академичид ярьлаа. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн түүний эх орондоо амьдрах эрхийг тухайн үеийн эрх баригчид бүдүүлгээр зөрчиж, гадаад оронд эмчилгээ хийлгүүлэх нэрээр эх орноос нь явуулж, нас барах хүртэл нь долоон жил хүний нутагт гэрийн хорионд байлгаж хүний эрхийг үл хүндэтгэж хэлмэгдүүлсэн. Нөгөө талдаа 20-р зуун бол монголчуудын сэргэн мандалтын үе. Мөн 1940-1985 оны үед Монгол Улсын эдийн засаг үсрэнгүй сэргэсэн. Монголын дэд бүтэц төмөр, засмал замын эхийг нь тавьсан гээд тоочвол Ю.Цэдэнбал агсны Монгол Улсад хийсэн гавьяа барагдашгүй гэж Б.Цэрэннадмид гуай дурсав.

Одоо хамгийн гол нь залуу хойч үедээ, түүнийг гарамгай удирдагч хүн байсныг, түүний Монгол Улсад хийсэн бүтээснийг үнэн зөвөөр нь ойлгуулах, мэдүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатайг Монгол ардын намын дарга М.Энхболд онцолсон юм. Тэрбээр "Түүний амьдралын сүүлийн он жилүүд тийм ч дардан цагаан байгаагүй. Түүний хийсэн бүтээснийг үнэлж эерэгээсээ сөрөг нь илүү гэж хэлмэгдүүлж байсан цаг саяхан. Монгол Ардын нам 1997 оны 22 дугаар Их хурлаараа Ю.Цэдэнбал даргад өгсөн үнэлэлт дүгнэлт энэ бүх зүйлээ хүчингүй болгож, түүнийг Монгол Ардын намын зүгээс цагаатгаж, намын гишүүнчлэлийг нь сэргээж, одон медалийг нь эргүүлж олгох ёстой гэсэн шийдвэрийг гаргаж байсан. Ирэх жил энэ хүндтэй хүний 100 жилийн ойг тэмдэглэнэ. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын гишүүд санаачлан Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг Монголын төрийн төвшинд тэмдэглэх ёстой гэж үзсэн. Энэ шийдвэрийг энэ намрын чуулганаар хэлэлцүүлэх ажлыг УИХ дахь Монгол Ардын намын бүлэг шийдвэрлэнэ гэж бодож байгаа. Монгол Ардын нам өөрийн намыг удирдаж байсан хүний 100 жилийн ойг улсын хэмжээнд тэмдэглэх ёстой. Түүний хийсэн, бүтээсэн, байгуулсан зүйлийг хойч үедээ үнэн мөнөөр нь үзүүлэх музей дурсгалыг газрыг байгуулах ёстой" гэдгийг хөндөн тайлбарлав.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж