ҮСХ: 2.1 саяын орлоготой өрх 33 мянгаар нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2019.11.15-нд нийтлэгдсэн

ҮСХ: 2.1 саяын орлоготой өрх 33 мянгаар нэмэгдэв

ҮСХ: 2.1 саяын орлоготой өрх 33 мянгаар нэмэгдэв

Үндэсний статистикийн хороо/ҮСХ/-ноос өнөөдөр /2019.11.15/ энэ оны аравдугаар сарын нийгэм, эдийн засгийн төлөв байдлын талаарх мэдээллээ танилцууллаа.

Эл мэдээллээр өрхийн орлого өссөн байна. Тодруулбал, нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 189.2 (17.6%) мянган төгрөгөөр өсчээ. Үүнд цалин хөлсний орлого 106.1 (18.0%) мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 51.1 (53.3%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн орлогын хэмжээ 2019 оны III улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 84.8 (7.9%) мянган төгрөгөөр, нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 200.4 (17.8%) мянган төгрөгөөр өсчээ. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 168.2 (19.6%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд 2019 оны III улиралд өмнөх оны мөн үеэс 300000 төгрөгөөс доош орлоготой өрх 34.1 мянгаар, 500001-700000 төгрөгийн орлоготой өрх 28.4 мянгаар буурсан бол 1100001-1600000 төгрөгийн орлоготой өрх 18.7 мянгаар, 1600001-2100000 төгрөгийн орлоготой өрх 45.1 мянгаар, 2.100000 төгрөгийн орлоготой өрх 33.4 мянгаар нэмэгдсэн байна.

НДС-ийн орлого 11.7 тэрбумаар өсөв

Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны эхний 10 сард 2.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 353.4 (18.4%) тэрбум төгрөг, зарлага 2.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 343.9 (19.7%) тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.

Нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны эхний 10 сард өмнөх оны мөн үеэс 353.4 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 282.7 (20.5%) тэрбум төгрөгөөр, эрүүл

мэндийн даатгалын сангийн орлого 34.3 (14.0%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Нийгмийн даатгалын сангийн зарлага 2019 оны эхний 10 сард өмнөх оны мөн үеэс 343.9 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 185.6 (13.8) тэрбум төгрөгөөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн зарлага 68.0 (2.8 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Энэ оны 10 дугаар сард нийгмийн даатгалын сангийн орлого 239.1 тэрбум, зарлага 204.0 тэрбум болж, өмнөх сараас орлого 11.7 (5.2%) тэрбум төгрөгөөр, зарлага 4.9 (2.4%) тэрбум төгрөгөөр өсчээ.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2019 оны эхний 10 сард 437.9 мянган хүнд 246.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 234.4 (2.2 дахин) мянгаар өсч, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 125.8 (2.0 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авсан хүн болон олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өсөхөд “0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болон жирэмсэн эхийн тэтгэмж” авсан хүний тоо 3.2 дахин, олгосон тэтгэмжийн хэмжээ 8.0 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2019 оны эхний 10 сард 57.7 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 776 (1.3%)-аар буурч, харин олгосон тэтгэврийн хэмжээ 13.2 (17.0%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2019 оны эхний 10 сард 57.7 мянган хүн хамрагдсаны 68.1 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 26.3 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 5.4 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2019 оны эхний 10 сард 97.5 мянган хүн хамрагдсаны 60.7 хувь нь асаргааны тэтгэмжид, 39.3 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд эзэлж байна. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2019 оны эхний 10 сард 61.8 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 29.6 (92.0%) тэрбум төгрөгөөр өсчээ.

Энэ оны 10 дугаар сард 18 хүртэлх насны 988.3 мянган хүүхдэд 189.4 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ.

Хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ  өмнөх оныхоос 1.3 тэрбумаар өсөв

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны 10 дугаар сарын эцэст 18.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 44.4 (0.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.7 (10.6%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны 10 дугаар сарын эцэст 949.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 36.5 (3.7%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 95.0 (9.1%) тэрбум төгрөгөөр тус, тус буурчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.2 хувийг эзэлж, өмнөх сараас 0.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар буурсан байна.

Иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны  есдүгээр сарын эцэст 12.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 29.5 (0.2%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 1.3 (12.2%) их наяд төгрөгөөр өссөн байна.

Иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдлийн 37.3 хувийг ипотекийн зээл, 26.9 хувийг цалингийн зээл, 13.1 хувийг жижиг дунд үйлдвэрийн зээл, 10.3 хувийг хэрэглээний зээл, 6.6 хувийг тэтгэврийн зээл, 5.8 хувийг бусад зээл тус тус эзэлж байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2019 оны 10 дугаар сарын эцэст 2.0 их наяд төгрөг

болж, өмнөх сараас 43.9 (2.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 31.5 (1.6%) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ. Чанаргүй зээл нийт зээлийн 10.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.3 пунктээр өсөөд байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж